Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хулгануудаас болж хоригдлуудыг нүүлгэн шилжүүлжээ

This image has an empty alt attribute; its file name is 193328867_327502725565959_3471475076452139491_n-1024x768.jpg

Австралийн Шинэ өмнөд Уэльс мужид үй олон хулганын “довтолгооны” улмаас Веллингтон дахь Засан хүмүүжүүлэх төвөөс уржигдар 420 хоригдлыг нүүлгэн шилжүүлсэн талаар CNN уламжилжээ. Хоригдлуудаас гадна тухайн хорих газрын 200 ажилтан, алба хаагчийг мөн аюулгүй газарт шилжүүлсэн бөгөөд хэдэн мянган мэрэгч шоронгийн цахилгааны утас, ус дамжуулах хоолой, тааз, хана, туурга гэхчлэн дэд бүтцийг нь юу ч үгүй сүйтгэж, гэмтээсэн аж. Тус улсын Засан хүмүүжүүлэх албаны комиссар Питер Северин “Нүүрлэсэн аюулыг зайлуулж, шоронгийн байгууламжийг сэргээн засах хүртэл ажилтнуудыг болон хүмүүжигчдийг бусад хорих газарт тараан байршуулна” гэжээ.

Ташрамд өгүүлэхэд, ган, ой хээрийн түймрийн улмаас дайжиж, хоол тэжээлийн хомс долд орсон хэдэн тэрбум хулгана Австралийн олон мужийнхныг түйвээж байгаа юм. Сүү­лийн хагас жилийн хугацаанд Шинэ өмнөд Уэльс болон Күинслэнд муж хулгануудын “довтолгоонд” өртөж, тариан талбай, байшин, сургууль, эмнэлгүүд сүйдээд буй. Ингээд зогсохгүй хоол хүнс, үр тариа, өвс, тэжээлийн нөөцгүй шахам болсноос гадна мэрэгчдээс мал, амьтанд өвчин халдварлаж байгаа нь давхар аюул болжээ. Хулганууд айл, дэлгүүр, албан байгууллага гээд “зочлохгүй” газаргүй бөгөөд хүн рүү дайрч, хазсан, унтаж байсан хүүхдүүдийг “шоглосон” тохиолдол олноороо бүртгэгдэж байна. Тиймээс Засгийн газар нь асар хүчтэй супер варфарин хэмээдэг бромадиолон хорыг ашиглахыг хуульчлах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд 5000 литрийг хэдийн худалдсан гэнэ. Харин амьтдын эрх хамгаалагчид устгалд ийм хор хэрэглэх нь маш харгис учраас илүү “ёс зүйтэй” аргаар эл асуудлыг шийдэхийг шаардаж багагүй саад учруулж байгаа гэнэ. Нутгийн иргэд “Хэдэн мянган хулгана явж өнгөрөхөд газар хөдлөх шиг болж байгаа” хэмээн өгүүлжээ.

Хулганын “довтолгоог” өөрийн нүдээр харахаас нааш төсөөлөхөд хэцүү гэдгийг мэргэжилтнүүд тайлбарласан бол үүнээс болж хүмүүс сэтгэл зүйн хувьд хамгийн ширүүн дайралтад орж байгааг судлаачид сэрэмжлүүлэх болов. Гэрээсээ гарахдаа тусгай хамгаалалтын хувцас, хэрэгсэлтэй байхгүй бол хулганууд өмдний шуумаг руу шургаж, “үймүүлдэг” талаар иргэд ярьжээ. Тус улс хулгана ихтэй бөгөөд нэг га газарт 50 орчим байхыг хэвийн гэж үздэг. Гэтэл удаан хугацааны ган гачиг, ой, хээрийн түймрээс болж дайжсан мэрэгчдийн тоо үүнээс арав дахин нэмэгдэж, сая, тэрбумаар цуглаж түйвээх болсныг мэргэжилтнүүд өгүүлсэн байна.

Тэгвэл Пакистаны хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутгууд царцаанд “даруулж” байгаа тухай мэдээ энэ сарын дундуур дэлхийн хэвлэлүүдэд гарсан. Тариаланчид эл “довтолгоог” зогсоож хүчрэхгүй байгаа учраас армийн алба хаагчдын тусламжийг авах болжээ. “Big Asia” телевизийн мэдээллээр, Пакистанд сүүлийн 30 жилд царцааны ийм хэмжээний нүүдэл бөөгнөрөл болоогүй гэнэ. Мэргэжилтнүүдийнх нь тооцоолсноор бол эл шавж нэг өдрийн дотор 150 км хүртэл нүүх боломжтой тул эрх баригчид нь хор шүрших ажилд олон зуун цэргийн алба хаагчдыг дайчилсан аж. Тус улсын Хөдөө, аж ахуйн сайд Факр Имам “Цэргүүд 5000 гаруй хавтгай дөрвөлжин км талбайд хор цацах ажилд тусалж байна” гэжээ.

Бэлтгэсэн : Ж.Эрдэнэ

1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.