Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.ОЮУНБИЛЭГ: Коронавирусийн эсрэг монгол бэлдмэлийн эхний үр дүн ирэх намар гарна

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн зөвлөх, Монголын анагаах ухааны академийн гишүүн, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунбилэгтэй коронавирусийн вакцинтай холбоотой асуудлуудаар ярилцлаа.

-НЭМҮТ-өөс коронавирусийн эсрэг вакцинуудын дархлаа тогтцын түвшнийг судалж буй юм байна. Судалгааны үр дүн гарсан уу?

-Вакцины дархлаа тогтцын шинжилгээг мэргэжлийн байгууллагууд заавал хийх ёстой. Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Дархлаа тогтцын судалгааг одоохондоо бүрэн хийгээгүй. Уг нь ийм судалгааг ихэнх улсад Вакцин, био бэлдмэлийн үндэсний хяналтын лаборатори нь хийдэг. Эл байгууллага нь вакцины аюулгүй байдал, дархлаа тогтоох идэвх зэргийг цогцоор нь судлах ёстой юм. Манай улсад уг нь ийм лаборатори байсан ч тогтолцооны алдаа гарч, мэргэжлийн хяналтын байгууллагын харьяанд оруулснаар ажиллуулж чадахгүйд хүрсэн. Өдгөө нэр нь бий ч үйл ажиллагаа явуулж, вакцин шинжилж чадахгүй байна. Хүний нөөц ч байхгүй. Тиймээс манай эрдэмтдийн зүгээс үүнийг Засгийн газарт танилцуулж, уг лабораторийг НЭМҮТ-д сэргээн байгуулах санал тавьсан. Засгийн газар дэмжсэн. Гэхдээ лаборатори байгуулахыг хүлээлгүйгээр НЭМҮТ-ээс судалгаа хийж эхэллээ. Манай улс дөрвөн төрлийн вакцин ашиглахаар бүртгэснээс хамгийн өргөн хэрэглэж байгаа нь “АстраЗенека”, “Вероселл”. Судалгаагаар “АстраЗенека”-гийн эхний тунг хийлгэсний дараа 56 хувийн дархлаа үүссэн. Хоёр дахь тунгийн дараа 100 хувийн дархлаа тогтсон. “Вероселл” вакцины хувьд эхний тунг хараахан судалж чадаагүй. Хоёр дахь тунгийн дараа 99.3 хувийн дархлаа тогтсон нь нотлогдсон. Үүнийг нарийвчлан судлах ёстой.

-Судалгааг цаашид хэрхэн өргөжүүлэх бол?

-Тодорхой төслүүд бий. Төр, засгаас дэмжиж байгаа. Судалгааны бусад байгууллага ч хийж болно. Гэхдээ олон судалгааг нэгтгэн дүгнэж, шийдвэр гаргадаг эрх бүхий лаборатори байх ёстой. Тэр нь Вакцин, био бэлдмэлийн үндэсний хяналтын лаборатори. Тиймээс уг лабораторийг сэргээн байгуулах хэрэгтэй гээд буй юм. Засгийн газар шийдвэрээ гаргасан учраас тун удахгүй байгуулна гэж найдаж байна.

-ДЭМБ-ын бүртгээгүй вакциныг манай улс иргэддээ хийлээ гэх шүүмжлэл нэг хэсэг их гарсан. Тус байгууллага бүртгээгүй ч дотоодын хууль, тогтоомжийн дагуу ашиглаж болно гэж ЭМЯ-наас мэдээлсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Олон улсын байгууллага зөвхөн зөвлөмж гаргана. Зөвлөмж нь манай нөхцөлд тохирох тохиолдол бий. Тохирохгүй нь ч бий. Тиймээс тухайн улс шийдвэрээ өөрөө л гаргах ёстой. Ямар вакцин бүртгэх, хэрэглэх, дархлаа тогтцын судалгааг хэн хийж, аль байгууллага баталгаажуулах зэргийг дотоодын хуулиараа зохицуулна. ДЭМБ-д хоёрхон жагсаалт бий. Эхнийх нь баталгаажуулсан жагсаалт. Товчхондоо, энэ бол коронавирусийн эсрэг вакцин мөн гэсэн жагсаалт. Нөгөөх нь яаралтай нөхцөлд хэрэглэж болох вакцины жагсаалт.

-“Спутник-V” сайн, хятад вакцин муу учраас хийлгэхгүй гэсэн хүн цөөнгүй байгаа. Энэ хоёр вакцин сайн, муу болохыг баталгаажуулсан судалгаа, шинжилгээ манайд байна уу?

-Үүнийг судлах ёстой байгууллага нь дээр дурдсан Вакцин, био бэлдмэлийн үндэсний хяналтын лаборатори. Улс бүр вакцинуудыг баталгаажуулах судалгаа хийдэг. Жишээ нь, Европын Холбоо өдгөө “Спутник-V”-ийг шалгаж байна. Монгол Улс ч шалгах ёстой гэсэн үг. Ерөнхийдөө вакцины үр дүнгийн судалгааг дэлхий дахинд өдгөө ид хийж буй. Үр дүн нь ирэх намраас гарна. Мэдээж вакцинуудын хооронд ялгаа гарч болно. Үр дүн, сөрөг нөлөөгөөрөө ялгаатай байх магадлалтай. Монгол хүнд аль нь зохимжтойг ч тогтоох боломжтой. Гэхдээ Монголын эрүүл мэндийн салбарынхан, эрдэмтэд юу ч мэдэхгүй, сайн, мууг нь ялгаагүй, харанхуй байна гэж ойлгож болохгүй. Тодорхой хэмжээний судалгаа бий. Жишээ нь, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяагийн удирддаг Монголын зүрхний холбооноос вакцинуудын сөрөг нөлөөг судлаад “Зүрхний өвчтэй хүн “Синофарм”-ын вакцин хийлгэх нь зүйтэй” гэсэн зөвлөмж гаргасан. Манай улс бүртгэж, ашиглахыг зөвшөөрсөн дөрвөн вакцины тэр нь сайн, энэ нь муу гэж хэлэх нөхцөл, үндэслэл хараахан бүрдээгүй. Нэгдүгээрт, иргэн вакцин сонгон хийлгэх эрхтэй. Хоёрдугаарт, тухайн хүний биеийн байдалд нь үндэслэн ямар вакцин хийлгэхийг эмч шийдэх ёстой.

-Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаа, 18 нас дөнгөж хүрсэн хүүхдүүдэд “Вероселл” вакцин хийлээ гэх эсэргүүцэл сүүлийн үед нэлээд гарлаа. Уржигдар гэхэд төв талбайд жагсаал болсон. Хүүхдүүдэд вакцин хийхийг бараг дэлхий нийтээрээ шахам зөвшөөрөөгүй байна. Манайд өргөн хэрэглэж байгаа “Вероселл” вакциныг хүүхдүүдэд хийвэл ямар сөрөг нөлөөтэй бол?

-Өдгөө дархлаажуулалтад ашиглаж буй ихэнх вакциныг хамгийн түрүүнд 18-60 насныханд туршиж, судалгаа хийсэн. Дараа нь 60-аас дээш насныхныг судалгаанд хамруулсан. Одоогоор АНУ-д “Пфайзер”-ыг 12-18 насныханд хийж болно гэж дүгнэн, өсвөр насныхныг дархлаажуулж эхэллээ. Дээр дурдсанчлан хүүхдүүдэд вакцин тарих, эсэх шийдвэрээ тухайн улс өөрөө л гаргана. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын хороо зөвшөөрсөн юм чинь манайх ч хүүхдүүдийг дархлаажуулна гэж ойлгож болохгүй. Монгол Улсын холбогдох байгууллагууд судлаад, Вакцин, био бэлдмэлийн үндэсний хяналтын лаборатори гэх эрх бүхий байгууллага нь баталгаажуулж, үр дүнг Засгийн газарт танилцуулснаар Эрүүл мэндийн сайд эцсийн шийдвэрийг гаргах ёстой. Манай улс одоогоор хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэр гаргаагүй. Харин 18 нас хүрсэн иргэдээ л дархлаажуулж байна. 18-тай бол насанд хүрсэн гэсэн үг. Дэлхий дахинд 18 насныхныг дархлаажуулалтад хамруулахаар судалгаа, туршилт хийгээд, үр дүнтэй гэж үзээд, вакцин хийж байгаа шүү дээ. Тиймээс энэ асуудалд тайван хандаарай гэж иргэдэд уриалмаар байна.

“Вероселл” вакцины тухайд уламжлалт технологиор хийсэн, идэвхгүйжүүлсэн вирус. Англи улсын эмч Эдвард Женнер 1796 онд вакцин анх хийсэн гэж дэлхий дахинд тооцдог. Харин орчин үеийн уламжлалт вакцины технологийг үндэслэсэн хүн нь Францын эрдэмтэн Луи Пастер. Энэ хүн өвчин үүсгэгчийг өсгөн үржүүлж, дараа нь химийн бодисоор идэвхгүй болгосон. Ингэснээр дахин халдвар үүсгэхгүйг баталж, хүнд таривал дархлаа үүсэж, өвчнөөс сэргийлдгийг нотолсон. Галзуугаар өвчлөөд 14 хоногийн дотор вакцин хийлгэхгүй бол үхэх аюултай. Эл өвчний вакциныг анх Л.Пастер бүтээсэн. Тухайн үед алс холоос, Оросоос хүртэл 14 хоногийн дотор Парист очиж вакцин хийлгэж аврагдсан тохиолдол бий. Л.Пастерын технологи өдгөө 120 жилийн түүхтэй. Энэ хугацаанд технологийг тогтмол сайжруулсаар өдий хүрсэн. Тэгэхээр уламжлалт технологиор хийсэн вакцин аюулгүй гэдэг нь баталгаатай.

-Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авч байна. Энэ нь ямар учиртай вэ. Ямар ч өвчний вакцин хийлгэсний дараа ийм асуудал тулгардаг уу?

-Вакцин хийлгэсний дараа халдвар авч болно. Аль ч вакцинд ийм тохиолдол байна. Гэхдээ маш бага хувь нь халдвар авна. Эрүүл мэндийн яамнаас дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 0.44 хувь нь халдвар авсан гэж мэдээлсэн шүү дээ. Тэгэхээр тун бага хувийг эзэлж байгаа биз. Вакцины хамгийн гол үр дүн бол хүндрэлээс 100 хувь сэргийлэх. Халдвар авсан ч хөнгөн өвчилнө гэсэн үг. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн саяхан “Вакцин тариулаад халдвар авсан хүмүүсийн дотор “Вероселл” хийлгэсэн хүн хамгийн цөөн байна” гэж ярьсан. Би үүнийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл идэвхгүйжүүлсэн вакцин бол бүтэн вирус. Хонины махтай зүйрлэвэл гулууз. Тэгэхээр идэвхгүйжүүлсэн бүтэн вирус халдвараас илүү сэргийлэх боломжтой. Харин үүнээс бусад вакцин нь бүтэн вирус бус, “хаа”, “гуя” нь юм. Тодруулбал, вирусээс нэг хэсгийг нь авч, вакцин бүтээн, дархлаа үүсгэж байна. Өвчнийг хяналтад авах ганц арга нь дархлаажуулалт. Өөр нэг арга байдаг нь хөл хорио. Гэхдээ хөл хорио өвчнийг устгахгүй. Харин тархалтын хурдыг сааруулж, эрүүл мэндийн салбарт ирэх ачааллыг багасгана. Тиймээс вакцин илүү үр дүнтэй. Хүн амын багадаа 60, дээд тал нь 70-75 хувь нь вакцин хийлгэж байж эндэгдэл зогсоно. Манайд вакцины хоёр дахь тун хийлгэсэн иргэний тоо хүн амын 60 хувьд хүрээгүй учраас халдварын тархалт төдийлөн буурахгүй байна.

-Дархлаажуулалтын үр дүн хэзээ гарах вэ?

-Ирэх сарын сүүлч, долдугаар сарын эхээр үр дүн гарна. Наймдугаар сараас халдварыг хяналтдаа авна. Цар тахал зогсоно. Гэхдээ коронавирус бүрмөсөн устахгүй. Бидэнтэй үүрд хамт байна. Ингэхдээ улирлын томуу шиг жил бүр дэгдэнэ. Дэлхий дахинд цар тахал нэлээд өндөр түвшинд хүрч тархаад, өдгөө тогтворжиж байна. Дархлаажуулалтын нөлөөгөөр тархалт аажимдаа буурах үндэстэй.

-Ирэх намар сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх нь ээ?

-Тэгж ойлгож болно. Дархлаажуулалтын үр дүнд халдварын тархалт тодорхой түвшинд хүрч буураад, бид ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой. Гэхдээ халдвар хамгааллын дэглэм баримтлах ёстой.

-“Ковид-19”-ийн улмаас нас барсан иргэний тоо манай улсад төдийлөн буурахгүй, өдөр бүр хүн эндсээр байна. Халдварын тархалт тодорхой хэмжээнд хумигдсан үед ч нас баралт буураагүй.

-Үүний гол шалтгаан нь халдварт бус өвчин. Биеийн байдал нь хүндэрч, эндсэн хүмүүсийн олонх нь халдварт бус өвчтэй байсан. Зарим тохиолдолд манайхан коронавирусээс бус, өөр өвчнөөр нас барлаа гэж мэдээлээд байгаа шүү дээ. Үнэн хэрэгтээ коронавирус тусаагүй бол тэр хүн эндэхгүй. Халдварт болон халдварт бус өвчин маш их хамааралтай юм. Жишээлбэл, илүүдэл жинтэй, зүрх, судасны өвчтэй, чихрийн шижинтэй хүн коронавирусээр халдварлавал эрсдэлтэй гэж дэлхий дахинд үзэж буй. Тэгвэл НЭМҮТ-өөс хийсэн судалгаагаар манай улсын хүн амын 49.4 хувь нь илүүдэл жинтэй, таргалалттай гэсэн дүн гарсан. Мөн 14 хувь нь зүрх, судасны өвчтэй. Тэгэхээр эрсдэл маш өндөр. Тиймээс халдварт бус өвчний эрсдэлийг бууруулах ёстой. Илүүдэл жингээсээ салж, тамхи татахаа болих хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийж, өдөрт багадаа 10 000 алхах ёстой. Цаашид халдварт өвчний аюул зөвхөн коронавирусээр дуусахгүй. Тиймээс эрүүл, вирусийг эсэргүүцэх чадвартай байя гэвэл халдварт бус өвчний аюулыг л багасгах хэрэгтэй. Харамсалтай нь, манайхан үүнд төдийлөн анхаардаггүй. Жишээ нь, тамхидалт буурах нь битгий хэл, нэмэгдсээр байна. Гэтэл ОХУ-д найман хувиар буурсан, архидалт 11 хувиар багассан. Өндөр хөгжсөн орнууд энэ мэтээр арга хэмжээ аваад байгаа. “Ковид-19” бидэнд халдварт болон халдварт бус өвчний холбоосыг цоо шинээр авч үзэх шаардлага тулгаж буй нь энэ.

-Коронавирус тархсан цагаасаа эхлэн маш олон удаа хувирсныг олон улсын судлаачид мэдээлж байгаа. Хувирсан хэлбэрүүдээс өдгөө хамгийн их анхаарал татаж буй нь Энэтхэгт тархсан нь. Энэ нь манай улсад ороод ирэх вий гэж иргэдээс авхуулаад, төр, засгийн түвшинд хүртэл санаа зовниж байгаа нь илт. Уг вирус манайд ороод ирвэл ямар аюул учрах вэ?

-Энэтхэгээс орж ирэх вирус аюул биш. Хамгийн гол аюул нь монгол вирус. Мутацад орсон вирус гадаадаас ирээд аюул тарьчих мэтээр иргэд яриад байна. Өдий хүртэл тийм тохиолдол гараагүй. Вирус хүний удамшил, генетикт дасан зохицдог. Монгол хүний биед дасан зохицсоны дараа л аюул тарьж, нас баралт, хүндрэл ихэснэ гэсэн үг. Тодруулбал, Энэтхэгт аюул тарьсан вирус манайд орж ирвэл дахин хувирч, монгол хүний биед дасан зохицсоны дараа л аюултай болно. Тэр болтол нэлээд хугацаа, магадгүй хэдэн сар шаардлагатай. Энэ бол вирусийн онцлог. Манай улсад тархаад, хувирч өөрчлөгдсөн монгол вирусүүдэд гадаадын вакцин үйлчлэхгүй байж болно. Тиймээс монголчууд цаашид өөрсдөө вакцин үйлдвэрлэх ёстой гэж манай эрдэмтэд үзэж байгаа.

-Монголд вакцин бүтээх судалгаа хийж байгаа юу?

-Өвчилсөн, эсвэл вакцин тариулсан хүмүүсийн цусыг авч, эсрэг биеийг нь ялган, бусдад тарих бэлдмэл хийхээр ажиллаж байна. Вакцин шиг тарьчихаад 14-21 хоног хүлээхгүй, хийнгүүт шууд дархлаа тогтдогоороо онцлогтой бэлдмэл юм. Бид менингит, улаан бурхан, халдварт шар өвчний үед энэ технологийг ашиглаж байсан. Тэгэхээр технологи нь бэлэн. Түүнийхээ дагуу бэлдмэл хийнэ гэсэн үг.

-Бэлдмэлийг хэзээ ашиглаж эхлэх вэ. Вакцин хийлгэсэн хүмүүсээс цусыг нь авах уу. Эсвэл эдгэрсэн хүмүүсийг хамруулахаар төлөвлөсөн үү?

-Уг ажлын санхүүжилт шийдэгдсэн. Бид цус цуглуулж эхэлсэн. Эхний үр дүн ирэх намар гарна. Үндэснийхээ эмийг гаргана гэсэн үг шүү дээ. Вакцин тариулсан болон өвчлөөд эдгэрсэн хүний аль алинаас нь цус авч болно. Мэдээж судалгааны үндсэн дээр дархлаа өндөр тогтсон хүмүүсийн цусыг авна. Вакцин хийлгээд үүссэн дархлаа өвчилсөн хүнийхээс 1.6 дахин өндөр байна.

-Коронавирусийн Монголд тархсан омог, хэлбэрийн судалгааг манай улсад хийсэн үү?

-Монголд тархсан коронавирусийн 20 омгийг доктор Ц.Наранзул судалсан. Түүнээс зөвхөн нэг нь Уханьд анх тархсан вирус. 16 нь монгол хүний биед дасан зохицоод, монгол болчихсон омог. Бусад нь дэлхий дахинд тархсан төрөл. Хүн төрөлхтөн гэдэг нэг л төрөл зүйл боловч арьс, үндэстэн, угсаатны ялгаа гэж бий. Орчны ялгаа ч нөлөөлнө. Энэ бүхнээс хамаараад вирус хувирч, өөрчлөгдөж, тухайн хүнд дасан зохицохоороо илүү хүндээр өвчлүүлээд байгаа юм. Тэгэхээр монгол хүнд дасан зохицсон вирусэнд үндэслэн вакцин хийвэл илүү үр дүнтэй. Хийхээс ч аргагүй. Тиймээс бид вакцин хийх саналаа Засгийн газарт танилцуулахад дэмжсэн. Нэг сайн тал нь төр, засгаас эрдэмтдээ сонсож байгаа. УОК-ын дэргэд Эрдэмтдийн зөвлөл ажиллаж байгаа. Өмнө нь ийм тохиолдол байсан, эсэхийг мэдэхгүй. Ямартай ч энэ удаа эрдэмтдээ сонсож, шийдвэр гаргаж байна.

-Монгол Улсад вакцин үйлдвэрлэх нөөц боломж бий юү?

-Монгол Улс хүнд халдварладаг өвчний эсрэг вакцин хийдэг. Малын өвчний эсрэг вакциныг ч хийдэг. Англи улсын эмч Эдвард Женнер 1796 онд вакцин хийсэн гэж дэлхий дахинд тооцсоныг өмнө дурдсан. Гэтэл үүнээс өмнө 1785 онд Цахар гэвш Лувсанчүлтэм вакцин хийх, дархлаажуулах аргыг номдоо бичиж үлдээсэн байдаг. Тэр баримт нь ч бий. Тэгэхээр монголчууд вакциныг санаачилсан болж байна шүү дээ. Монголчууд цагаан цэцгийн вакциныг өөрсдөө хийж, хүн амаа дархлаажуулснаар уг өвчнийг дэлхий дахинаас 40 жилийн өмнө буюу 1940 онд устгасан. 1933 онд НЭМҮТ-ийг байгуулсан. Анх Ариун цэвэр, бактери судлалын институт гэдэг нэртэй байсан. Уг институтэд цагаан цэцгийн вакцин үйлдвэрлэж, эл өвчнийг устгасан. 1950-иад онд тэмбүү зэрэг арьс өнгөний өвчний эсрэг арга хэмжээг улс даяар зохион байгуулсан. Тэдгээр өвчний оношилгооны бүх бэлдмэлийг өөрсдөө үйлдвэрлэсэн түүхтэй. Мөн 1970-1980 онд халдварт шар өвчин, улаан бурхан, халдварт саагийн бүх судалгаа, вакциныг хийсэн. 2000 онд халдварт саа Монголд бүрмөсөн устсан. Дэлхий дахин ч уг өвчин устахад ойрхон байгаа. Дайн тулаантай Афганистан, Пакистаны хил орчим, Африкийн зарим оронд л үлдсэн. Хүн амыг бүрэн дархлаажуулж байж л бүрэн устана.

Коронавирус шинжлэх ухааны хөгжилд маш их түлхэц өгсөн. Ялангуяа биотехнологи, шинэ үеийн вакцины технологи зэрэгт. Одоогоор дэлхий дахинд долоон вакциныг хязгаарлагдмал хүрээнд ашиглахаар зөвшөөрсөн. Найман вакциныг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Харин туршилт, судалгааны түвшинд байгаа нь 200 гаруй. Дэлхийд 200 гаруй улс бий. Ингэхээр нэг улсад нэг вакцин ногдож болохоор байгаа биз. Хөгжлийн түвшин нь манайхтай ойролцоо Казахстан улс жишээ нь, “Казвак” вакцин хийж, хүн амаа дархлаажуулж буй. Тиймээс бид үүнээс хоцорч болохгүй. ОХУ-ын М.П.Чумаковын нэрэмжит Холбооны био бэлдмэлийн судалгааны төвийнхөн “Вероселл” шиг уламжлалт аргаар идэвхгүйжүүлсэн “КовиВак” вакцин бүтээсэн. НЭМҮТ уг төвтэй хамтран ажиллах гэрээтэй. Бид энэ харилцаагаа өргөжүүлж, “КовиВак” вакциныг хамтран үйлдвэрлэх санал тавья гэж Засгийн газарт хандсан. Засгийн газрын түвшинд асуудлыг яривал илүү үр дүнтэй шүү дээ. Цаашид үр дүн гарна гэж найдаж байна.

6
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
1
ГайхмаарГайхмаар
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.