Намрын чуулганаар ямар ажил амжуулснаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өчигдөр тайлагнав. Улсын төсөв, Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн энэ оны төсвийг хэлэлцэхэд уг Байнгын хороо анхаарч ажиллажээ. Тэдний нугалсан бас нэг чухал хууль нь Жендерийн тэгш байдлыг хангах тухай.
Дөрвөн УИХ дамнан хэлэлцээд баталж бараагүй уг хуулийн төслийг энэ Парламент “гараас гаргасан”. Мөн Нийгмийн халамжийн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Эрүүл мэндийн даатгалын зэрэг томоохон хуулийн төслийг хэлэлцэж буй. Эрдэмтэн судлаач, салбарын ажилтнуудын саналыг тусгаж, бодит хууль гаргахын тулд эдгээрийг хаврын чуулган руу шилжүүлсэн байна. Завсарлагын хугацаанд салбарынхны хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нь сонсох гэнэ.
Тухайлбал, “1000 эмчийн чуулган” хийж, “Эмч”, “Багш” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тус Байнгын хороо НХХЯ, ЭМЯ, БСШУЯ-ыг хариуцдаг. Эдгээр яамны ажлын тайланг сонсож, шүүх аж. Мөн энэ сарын дундуур Байнгын хорооны дарга тэргүүтэй хэсэг хүн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нь судлахаар ХБНГУ-ыг зорих юм байна.







0 Сэтгэгдэл