Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.ГАНЦЭЦЭГ: Хүслээ биелүүлчихээд аавынхаа нутагт очно

“Би сонин хэвлэлийнхэнтэй нэг их ойр байдаггүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд сонинд ярилцлага өгөөгүй. Сая маамаатай болсныг дуулаад хэд хэдэн сонин ярилцлага авахыг хүссэн боловч танайхыг сонголоо” хэмээн УДЭТ-ын урдаа барьдаг залуу жүжигчин бүсгүй ярианыхаа эхэнд онцолсон. Тэрбээр нэлээд дөлгөөн, илүү намбатай болсон санагдав.

-Ээж болоод гэртээ хэр удаан суух вэ. Миний бодлоор жүжигчин Ганцэцэг гэртээ тийм ч удах хүн биш санагдаад байна.

-Юуны өмнө танай сониноор дамжуулан удаан уулзаагүй үзэгчдэдээ мэнд дэвшүүлье. Би анхны хүүгээ гаргаад гурван сар болоод л ажилдаа орж, жүжгийн бэлтгэлдээ гарч байсан. Энэ удаа ч тэгэх байх. Ирэх гуравдугаар сард миний тоглож байсан “Тоглоом” нэртэй Оросын жүжиг театрт тавигдах сураг байгаа. Тэр үед тоглоно доо. Уран бүтээлч хүн гэртээ суугаад байхыг хэзээ ч хүсдэггүй, үргэлж л шинийг эрэлхийлж байдаг. Гэхдээ л одоо хүүгээ харахаар хайр хүрээд, “Яаж энэ амьтныг орхиод ажилдаа орно доо” гэж бодогдох болсон. Ээж төрхөндөө илүү орж байгаа юм байлгүй (инээв).

-Ирээдүйд хөөрхөн охинтой болох хүсэл байгаа биз дээ. Хүүхдүүдийнхээ нэрийг хэн нь өгдөг вэ. Эсвэл лам энэ тэр гэх үү?

Хүү, охин хамаагүй ээ, олон хүүхэдтэй болохыг хүсдэг шүү, уг нь. Мэргэжил маань боломж олгох юм уу, бүү мэд. Би гурван охин, ганц хүүтэй айлын отгон нь. Охин олонтой байсан учраас багаасаа л олон хүүтэй болохыг хүсдэг байлаа. Тиймээс сая хүүтэй болохдоо их баярласан. Бид хүүхдүүдэдээ өөрсдөө л нэр өгчихдөг. Лам энэ тэр гэдэггүй. Том хүүгийнхээ нэрийг аав нь, багынхыгаа би өгсөн.

-Та багагүй жин нэмчихэж. Хэрхэн жин барьдаг вэ. Ингэхэд сүүлийн үед бүсгүйчүүд кесарево хагалгаагаар төрөх нь нэмэгдсэн. Үүнийг хэр зөв гэж боддог вэ?

-Нэлээд жин нэмсэн шүү. Гэхдээ байнгын хөдөлгөөнтэй байдаг жүжигчин, бүжигчин хүнд жин барина гэдэг асуудал биш л дээ. Миний хувьд цагаан хоол идээд, өлсөөд ч юм уу байдаггүй. Ийм арга монгол хүмүүсийн биед яагаад ч тохирохгүй. Зүгээр л орой 19.00 цагаас хойш юу ч иддэггүй. Бүсгүйчүүд кесарево хагалгаагаар төрөх болсон нь суурин иргэншил, нийгмийн амьдралтай салшгүй холбоотой юм шиг байгаа. Амьдарч байгаа орчин, идэж, ууж байгаа зүйлээсээ эхлээд манай бүсгүйчүүдийн бие махбодь хэврэг болчихсон гэдгийг эмч нар хэлдэг, үнэн байх. Одооны хүүхдүүд яс муутай төрдөг гээд чанга өлгийдөхийг ч цээрлэдэг болсон байна лээ.

-Та нутаг ус хаанахынх вэ. Амралтаараа хөдөө хэр явдаг вэ?

-Би өөрөө хотод төрж, өссөн боловч аавынхаа нутаг Баянхонгор аймгаар овоглох дуртай. Миний аав Баянхонгор аймгийн Баянгол сумын уугуул. Амин хайртай охин нь байсны хувьд аавынхаа нутагт нэг ч гэсэн тустай зүйл хийхийг хүсдэг. Аав минь намайг хотод оюутан байхад өөд болчихсон тул уулзаж амжаагүй юм. Манай нутгаас гавьяат жүжигчин Д.Сосорбарам ах, миний дипломыг удирдсан найруулагч Б.Мөнхдорж багш, УИХ-ын гишүүн Х.Баттулга гээд олон алдартан төрсөн. Тэдний адил нутаг усныхаа нэрийг гаргаж явахыг хичээдэг. Хамгийн хачирхалтай нь би бүх аймагт тоглож байсан хэрнээ аавынхаа нутагт л очиж үзээгүй байдаг юм. Театрынхан Баянхонгорт тоглох үед том хүүгээ гаргаад, амралттай байж таарсан. Дараа нь хошин урлагийнхантай хэд хэдэн удаа явах боломж гарсан ч яг явах гэхээр л ажил гарчихдаг. Тэгээд намайг хүсэл мөрөөдлөө биелүүлсэн хойно л аавын минь нутаг баяртайгаар хүлээн авах юм байлгүй дээ гэж боддог болсон.

-Монголчууд драмын жүжгээр амжилтад хүрч болно гэдгийг төсөөлөөгүй байсан тэр үед та “Бооцоо”, “Надаар тоглосон хайр” жүжгээр олонд танигдсан. Драмын театрын өндөр босгоор алхсан тэр мөчөөсөө хуваалцаач.

-Би 2000 онд СУИС-ийг төгсөөд, “Отгонтэнгэр” их сургуулийн хуулийн ангид элссэн. “Жүжигчин болж чадахгүй юм байна” гэсэн бодол хэдийнэ төрчихөөд байсан гэх үү дээ. Нэг өдөр Б.Мөнхдорж найруулагч над руу утасдаад “Нэг жүжиг байна” гэсэн. Тэр бол “Бооцоо” жүжиг байлаа. Кино зохиол байх гэж бодоод уншсан чинь драмын жүжиг байсанд би ёстой магнайгаа тэнийтэл баярласан. Дараа нь театрын дагалдан жүжигчин байхдаа Эби, Боороо, Пара, Амгаа бид хэд ярилцаж байгаад “Надаар тоглосон хайр” жүжгийг бүтээхээр болж, зохиолыг нь Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар ахаар бичүүлсэн. Тэгэхэд Б.Мөнхдорж, Н.Наранбаатар гээд найруулагч нар маань багагүй хөрөнгө зарж, клип хийлгээд жүжгүүдийн тасалбарыг 10.000 төгрөг гэж өндөр дуугарсан. Тухайн үед хүмүүс жүжиг үзэх нь байтугай амьдралаа яаж авч явах вэ гэж байсан үе шүү дээ. Хэдий тийм боловч залуусын хайр сэтгэл, амьдрал, төрхийг харуулсан кино, жүжгээр цангасан үе байсан болохоор үзэгчид театр руу тасралтгүй цувж байсан. “Надаар тоглосон хайр” жүжгийн тасалбар 15000 төгрөг болж өссөн хэрнээ үзэгчид сандлын хажуугаар эгнээд зогсдог байлаа шүү дээ. Нийгэмд юу үгүйлэгдэж байна гэдгийг соргог мэдэрч чадсан найруулагчдын ачаар бид театрын орон тооны жүжигчин болж чадсан.

-Залуу жүжигчид найруулагчаас дүр авна гэдэг том даваа гэсэн. Гэхдээ үеийнхэн дундаа ганцаараа эмэгтэй нь байсан та энэ зовлонг нэг их мэдрээгүй байх, тийм үү?

-Үеийнхэн дундаа ганцаараа эмэгтэй байсан нь надад боломж олгосон ч нэг талдаа их хариуцлага байсан. Миний насны дүр болгонд би л тоглодог. Театр гэдэг үүднээсээ эхлээд л том дэг жаяг байдаг. Гэтэл ахмад жүжигчдэдээ халдаж, хүссэнээ асууж зүрхлэхгүй. Бүхнийг бор зүрхээрээ болгодог байсан минь намайг илүү хурцалж өгсөн байх. Найруулагч хүн дүрээ зөв хуваарилбал хийх ёстой ажлынхаа 50 хувийг гүйцэтгэсэн гэж үздэг юм билээ. Тиймээс “Энэ хүнд өмнө нь дүр өгсөн, одоо түүнд өгөхгүй бол болохгүй” гэж тал засаж, зусардах шаардлага байхгүй. Дүрийг хэн амилуулж чадах вэ гэдэг л чухал. Энэ тал дээр би харин өөрөөрөө бахархдаг. Би Б.Мөнхдорж багшаас эхлээд Н.Наранбаатар, Н.Ганхуяг хүртэл театрт жүжиг тавьж байгаа бүх найруулагчаас дүр авсан.

-Жүжигчин хүнд байдаг бусдаас илүү онцлох чанар юу вэ?

-Жүжигчин хүнд анхаарал, мэд рэмж хоёр хамгийн чухал. Тэгээд их зүйл унших ёстой. Анх биднийг нэгдүгээр курст ороход багш маань СУИС-аас Зайсан толгой хүртэл гүйлгэж билээ. Дараа нь багш хэдэн шат байсныг асуухад, 20 гаруй хүүхдээс гурав нь л түүнийг гүйж байхдаа тоолсон байсан. Миний тоолсноор 624 байсан байх аа. Найруулагч болгон өөр өөрийн арга барилтай. Тэр бүхэнд тааруулж, түүний хүссэнээр дүрээ гаргана гэдэг багагүй мэдрэмж шаардана шүү. Багаасаа л аливаа зүйлийг хийх юм бол түүнийхээ оргилд нь хүрэх ёстой гэж боддог байсан маань намайг өдий зэрэгт хүргэсэн байх.

-Та их хурц, ширүүн харцтай болохоор “Жинжиймаа” киноны Хонгорзулын дүрд тоглоход сар хэртэй харцаа зөөллөх дасгал хийсэн гэдэг байх аа.

-Тийм ээ. Пробонд тэнцсэний дараа “Сарын дараа зураг авч эхэлнэ. Харцаа зөөллөөрэй” гэж хэлж байсан. Тиймээс нэлээд дасгал сургуулилалт хийсэн. Би бас их хурдан ярьдаг болохоор зураг авалтын үед Н.Батцэцэг эгч “Зөөлөн, дөлгөөхөн” гээд л байнга захидаг байж билээ.

-Нэлээд хурц зантай, гялалзуур юм шиг санагддаг. Ажилтай яарч байхад замын цагдаа зогсоовол ам муруйх үе байна биз?

-Байна аа байна. Нэг удаа жүжиг эхлэх гээд яарч явсан чинь цагдаа зогсоогоод заавал машинаас буулгаж, үнэмлэх үзэхэд нь нэлээд уур хүрсэн. Яараад машиныхаа гэрлийг асаачихсан байснаа анзаараагүй яваад байсан юм билээ. Тухайн нөхцөл байдал л тэгж таарсан даа. Түүнээс биш замын цагдаа нар тус болох үе ч байна шүү.

-Таны хувьд эерэг болон эсрэг дүр бүтээхийн аль нь амархан байдаг вэ. Аль алиныг нь бүтээж байсны хувьд асууж байна л даа.

-Үнэндээ театрынхны хэлдгээр “цэнхэр” буюу эерэг, уянгын дүр бүтээх нь амаргүй. Эсрэг дүр бол үг нь хатуу учраас жүжигчин муу тоглосон ч хүмүүст хүрчихдэг. Гол нь жүжигчин хүн тэр хоёрын алийг нь ч бүтээдэг л байх хэрэгтэй.

-Жүжиглэхээс өөр ямар авьяастай вэ. Өөрөө жүжиг бичих ч юм уу, дуулах гээд л…

-Би ёстой дуулж чадахгүй. Өөрөө жүжиг бичээд тоглохыг хүсдэг ч одоогоор энэ санаагаа хойш тавьсаар ирлээ. Ер нь жүжиглэх л гэж төрсөн байх аа.

-Үнэхээр өөр авьяасгүй гэж үү. Юм оёх, сайхан хоол хийхийг ч авьяас гээд байдаг юм билээ, хүмүүс.

-Хоол хийх, юм оёх чинь эмэгтэй хүний хийх ёстой ажил. Тэрэнд авьяас энэ тэр гээд байх шаардлагагүй. Харин “Би хоол хийж чадахгүй” гэж байгаа хүмүүст үнэхээр хэлэх үг олддоггүй. Тийм л юм бол ярих ч хэрэггүй шүү дээ. Би спортод их дуртай. Гэхдээ үүнийг авьяас гэхгүй л дээ. Зураг зурах жаахан авьяас байж магад.

-Залуу хүн жүжиглэхийн төлөө л төрсөн гээд театрт байгаад байх уу. Хувийн продакшн, болоод энд тэндээс “Манайд ирээч” гэдэг санал ирдэг үү?

-Амьдрал нэг үеэ бодвол тогтвортой болж байна, одоо театртаа л илүү анхаарлаа хандуулж, энд л уран бүтээлээ хийнэ. Санал олон ирдэг. Гэхдээ эргэлзэж байсан үе надад бий. Тэр үед миний хань “Чи жүжигчин байя л гэж бодож байгаа бол театрт байх ёстой” гэдэг байсан. Хань маань театрын алтан үеийнхнийг их хүндэлдэг, урлагт элэгтэй хүн. Ямар ч бэрхшээлтэй үед намайг мөнгө хөөлгөж, театрын ажлыг минь орхиулаагүй ханьдаа баярладаг юм. Намайг театраас гарвал хамгийн их уурлах хүн миний хань байхгүй юу.

-Танай хүн тоглосон жүжгүүдийг тань үздэг үү. Үзээд танд юу гэх юм?

-Манай хүн “Шөнө амталсан нулимс” жүжгийг л үзсэн. Дараа нь “Их л эвгүй юм байна” гэж билээ. Гэхдээ л миний хань бурхнаас “Энэ Ганцэцэгийн нөхөр байх ёстой” гэж надад заяасан хүн дээ. Бид ханилаад арван жил болж байна.

-Ярилцсанд баярлалаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.