Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

150 настай “ТОМ БЕН”

Лондоны Биг-Бен /“Том Бен”/- тэй холбоотой дэмий балай гэмээр гэмээр маш олон түүх байдаг аж. Тэдгээр түүхийн “баатрууд”- ын нэг нь Английн далдаас ховсдогч Ури Геллер. Энэ хүн “Биг-Бен зогс” гэж олон ч удаа “тушаасан” гэдэг. Тэр тоолонд нь мөнөөх цаг зогсож байж. Гэхдээ зогсоод уддаггүй байж. /Манай Цахилгаан, шуудан холбооны барилгын дээрх цаг шиг “таг” болчихоод хэдэн өдөр болдоггүй гэсэн үг/. Гэтэл эдүгээ алдарт Биг-Бен 150 насныхаа босгыг хэдийнэ алхчихаад байна.

1859 онд цамхгийн цагийг хийж дуусгажээ. Мөн оны тавдугаар сарын 31-нд цаг ”явж”, зургадугаар сарын 11- нд цагийн анхны цохилт дуугарчээ. БигБен рүү жуулчдыг оруулдаггүй. Ганц хүн багтах төдий нарийхан зөргөөр явж 96 метр өндөр энэ цамхгийн оройд гардаг. 334 гишгүүр бага шиг нээлттэй талбайд гаргаж ирнэ. Хонхыг эхлээд барилгын ажлыг удирдаж байсан сэр Бенжамин Холлын нэрээр нэрлэжээ. Лагс биетэй түүнийг Том Бен хэмээн хочилдог байж.

Хонхыг Виктория хатан хааны үеийн аварга хүчтэн, боксчины нэрээр нэрлэсэн гэх өөр хувилбар ч бас байдаг. Биг-Бен хийгээд түүний эргэн тойрон дахь жижгэвтэр хонхууд “Энэ цагийг нэвтлэн бурхан намайг хамгаалж буй бөлгөө. Бурхны хүчин юунд ч үл автагдмой” гэсэн үгийн утгыг илэрхийлэн жингэнэдэг ажээ. Өнжөөд тухайн өдрийн агаарын хэм, даралтыг тооцон үзэж цагийн механизмыг нарийвчлан шалгаж, эрэг шургыг нь тосолдог байна. Английн Парламентын ордны дээрх цаг, цагийн аливаа механизмын адил хааяа хоцорч бас түрүүлнэ. Гэхдээ энэ зөрүү нь ердөө 1.5-2 секунд л байдаг. Тааруулахад эртний Английн нэг зоосыг хэрэглэнэ. Хэн гээчийн толгойд ийм зоос ашиглах бодол эхэлж төрснийг бүү мэд, энэ уламжлал бүр тогтчихсон бөлгөө. Дөрвөн метрийн өндөртэй цагийн дүүжинд тавьсан Английн эртний зоос түүний хөдөлгөөнийг хоногт 2.5 секундээр хурдлуулдаг байна. Тэр тоолонд цагийн харуулч зоос нэмэх юм уу, хасч тааруулна.

150 жилийн настай, таван тонны жин бүхий механизм алдаагүй явж эхэлдэг байна. Биг-Бений нүүрэн тал дөрвөн зүгээс харагдана. Цагийн нүүрийг Бирменхемийн опалаар хийж, урт зүүг ширмээр цутгаж, богино зүүг нь зэсээр урлажээ. Минут заах зүүг нь нэг жилийн дотор 190 км зам туулахаар тооцоолжээ. Биг Бен цаг үеийнхээ бэлгэ тэмдэг болж байсан онцлогтой. Уг цаг дээр “Бурхан, Виктория Хатан хааныг хайрлан хамгаал” гэж бичсэн нь Британийн эзэнт гүрэн гэдэг ойлголтыг бий болгосон Хатан хаанаа британичууд чин сэтгэлээсээ хүндэтгэж байдгийн илэрхийлэл болдог байна.

Вестминстерийн ордныг барьж байгуулсан уран барилгач Чарльз Бери 1844 онд Гэгээн Стефанийн цамхаг дээр цаг босгох хөрөнгө гаргаж өгөхийг хүсчээ. Механикч Бенжамин Вальями цаг бүтээхээр болж. Шинэ цаг дэлхийн хамгийн том, бас ямар ч алдаагүй явдаг, түүний хонх нь хамгийн хүнд, тэгээд ч дуу нь нийт эзэнт гүрэн даяар биш гэхэд наанадаж нийслэл дотроо маш сайн сонсогддог байх ёстой гэж үзжээ. Цагийн төслийг хийж гүйцсэний дараа түүний хэр алдаагүй явдаг талаар зохиогч, эрх баригчдын хооронд маргаан дэгджээ. Хатан хааны одон оронч, профессор Жорж Эйри хонхны анхны цохилт цаг тутамд нэг секундын магадлалтай байх ёстой гэж зүтгэсэн байна.

Энэхүү магадлалыг Биг-Бенийг Гринвичийн одон орны оргилтой холбосон цахилгаан утсаар цаг тутам хэмжиж байх ёстой байжээ. Гэтэл Вальями ил задгай, нар салхинд байгаа цаг тэгтлээ зөрүүгүй явна гэж огт байхгүй, ер нь энэ нь хэнд хэрэгтэй юм бэ гэсэн байр суурьтай байжээ. Энэ маргаан таван жил үргэлжилсний эцэст Эйри ялж, Вальямийн төслийг няцаажээ. Тэгээд цагийг шаардлагын дагуу алдаагүй явуулах төслийг Денто гээч хүн боловсруулжээ. Цаг таван тонны жинтэй байлаа. Дараа нь хонхыг цутгах тухайд багагүй асуудал үүсэж, Парламентад мэтгэлцээн болсон байна. Чухам энэ үед Биг-Бен гэдэг нэр үүссэн байж магадгүй гэсэн таамаг буй аж. Энэ нь нэг бол Парламентын комиссын дарга Бенжамин Холлын, эсвэл алдарт боксчин Бенжамин Каунтын нэр байх гэдэг хувилбар байдаг байна. Цаг, хонхыг бэлэн болгож босгохын даваан дээр ширмэн зүү ихээхэн хүнд байсан учраас түүнийг арай хөнгөн хайлшаар цутгажээ. Цагийг 1859 оны тавдугаар сарын 31- нд нээжээ.

1921 он хүртэл цагийг хийн угжаар ажиллуулж, хожим түүнийг цахилгаан чийдэнгээр сольсон байна.1923 оны арванхоёрдугаар сарын 31-нд цагийн дохио анх удаа радиогоор уянгалжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Гэгээн Стефаны цамхаг бөмбөгт өртсөнөөс болж зөв явахаа больсон байна. Уг цаг ч Англид төдийгүй хилийн чанадад ихээхэн алдарших болжээ. Лондонд орой дээрээ цагтай Гэгээн Стефаны цайзын багасгасан хувилбар болох “Жижиг Бен”-ий олон хувилбар бий болжээ. Тэдгээрээс төмөр замын буудлын ойролцоох “Бен” ихээхэн алдартай аж. Чухамдаа Лондоны аль ч дүүрэгт “Жижиг Бен”- тэй тааралдаж болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.