Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Монгол ньюс”-ийнхэн төрдөө үнэлүүллээ

Бүх төрлийн медиа хэрэгслийг нэгтгэсэн “Монгол ньюс”-ийнхэн 25 дахь онтойгоо  золгоод байна. Өнгөрсөн үеийн үүх, түүх сөхөх тэрхэн агшинд бахархал, бахархлыг ахин дахин бадраасан үг өгүүлбэр нүднээ хөвөрнө. 20 жилийнхээ ойн босгон дээр “Өнөөдөр” сонин 5300 км гаруй урт буюу Монголоос Киев хүрэх зайг “туулж”, бүх дугааруудаа нэгтгэвэл Польшийн газар нутгийн дайтай сониныг хэвлүүлсэн. 25 жилийн хугацаанд “Монгол ньюс”-ийнхэн илүү урт холын аяныг туулж, хорвоогийн хамгийн үнэн бодитой мэдээлэл, ховор сонин үүх түүх, сонирхолтой сурвалжилга, гал гарсан ярилцлагуудыг түгээж, хамгийн ёс зүйтэй медиа хэрэгсэл гэх эрхэм алдрыг уншигчдаас хүртсэн. “Монгол ньюс”-ийнхэн Монголын хамгийн анхны олон нүүртэй сонин, хамгийн анхны өнгөт өдөр тутмын сонин, хамгийн анхны нарийн форматтай сониныг уншигчдын гарт хүргэсэн. “Монгол ньюс”-ийнхэн 25 жилийн босгон дээр бас нэгэн гэгээлэг мэдээллээ уншигч түмэнтэйгээ хуваалцаж байна. Цагаан сарын баярыг угтаж, төр, засаг бидний гурвыг маань онцолж, шагнал олгожээ. Энэ өдөр “Монгол ньюс” группийн санхүүгийн албаны нярав Гончиглодонгийн Заяа эгч Алтангадас одон энгэртээ гялалзуулав. Мөн “Өнөөдөр” сонины Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Жамъяндоржийн Бурмаа, үйлчлэгч Балдандоржийн Нямдаваа нар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан. Инженер технологич мэргэжилтэй Г.Заяа Ноос нэгдлийн үйлдвэрийн няраваар  ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, ерөнхий санхүүч болтлоо дэвшсэн гэдэг. 2000 оны эхээр уг үйлдвэрийг татан буулгаснаар Г.Заяа “Монгол ньюс”-ийн санхүүгийн албанд орж, өнөөдрийг хүртэл ажиллаж буй. Харамч гэгддэг санхүүчидтэй харьцуулашгүй сул гартай хүн дээ, манай Г.Заяа эгч. Гэсэн хэдий ч албаны төсвөө улайлгаж үзээгүй, арвижуулж ирсэн гал цогтой, гэгээ цацруулан инээсээр явдаг Г.Заяа эгчдээ бид үргэлж хайртай байдаг. Ж.Бурмаа оюутан байхаасаа “Монгол ньюс” группийн үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Балдоржид тоогдож, дадлагаа дуусгаад сониныхоо Эдийн засгийн мэдээллийн албанд үлдсэн азтай нэгэн. Өдгөө Олон нийттэй харилцах албанд ажилладаг тэрбээр “2000 оноос өнөөдрийг хүртэл тууштай ажиллахад “Өнөөдөр” сонины ахмадуудын гавьяа их. Тэд намайг чиглүүлж, зааж сургаж өнөөдрийн дайд хүргэсэн. Хамт олны дэмжлэг,  өгөөмөр сэтгэл, нөмөр нөөлөг намайг өдийг хүртэл тогтвортой ажиллаж, амжилт гаргахад нөлөөлсөн. “Монгол ньюс”-ийнхэндээ баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.   Б.Нямдаваа эгч өдөр бүр эртлэн ажилдаа ирдэг. Тэр хүн бүрийн компьютер, ширээний тоосыг унагаж, сандал зайчлан цэвэрлэгээ хийгээд өглөөний шуурхай хурал тарж, өрөөгөө чиглэн алхах сэтгүүлчид рүү нүдээрээ инээмсэглэсээр чимээгүйхэн зөрж гардаг. Эртэч, хөдөлмөрч түүний ажлыг манайхан  ч үнэлж, гутлаа арчаад, өлмий дээрээ хөнгөн алхсаар, цэмцгэр болсон ширээ рүүгээ дөхдөг билээ. Төрдөө үнэлүүлж, хамт олноо түүчээлсэн та гуравтаа ахин дахин халуун баяр хүргэе ээ. 

5
Зөв, гоёЗөв, гоё
3
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 thoughts on ““Монгол ньюс”-ийнхэн төрдөө үнэлүүллээ

  • Mandal says:

    Сайхан мэдээ байна. Та нартаа баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  • Anonymous says:

    Заяа эгч, Бурмаа, Нямдаваа нартаа баяр хүргэе. Чин сэтгэл, зүтгэлд тань талархал илэрхийлье.

  • Батбаатар.С says:

    Мягмаржаргал аа,
    “Монгол ньюсчүүд” гэж бичихгүй шүү. “Монгол ньюс”-ийнхэн гэнэ. Эвгүй, муухай харагдана, сонсогдоно. Ажилгүйчүүд, сахилгагүйчүүд гэж байгаа юм шиг. Багшчууд, сэтгүүлчүүд гэдэггүй биз дээр? Ер нь бол залуучууд, багачууд гэх мэт эгшгээр төгссөн цөөн үгэнд, ховор хэрэглэгдэх, олон тоо заасан, идэвхгүй нөхцөл. Завханчууд, Баянчандманьчууд гэх нь нэг л доромж аялга илэрхийлээд байдаг юм шүү

  • Батбаатар.С says:

    Заяа эгч, Бурмаа, Нямдаваа нартаа халуун баяр хүргэе. Чин сэтгэл, зүтгэл тань үнэлэгджээ. Амжилт бүтээл, аз жаргалыг ерөөе

  • Anonymous says:

    Bayar hurgie ee, ta 3-taa