Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн нийгэмд Анна шиг амиа хорлоогүй ч амиа хорлохоос наагуур Аннанууд олон

Оросын алдарт зохиолч Л.Толстойн “Анна Каренина”романыг орчуулагч Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгож, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулснаар дэлхийн сонгодог зохиол үзэгчдийн хүртээл болж байгаа юм.

Энэхүү жүжгээр дамжуулан найруулагч Н.Наранбаатар тус зохиолын ХIX зууны нийгмийн араншин өнөөдрийн бидний нийгмийн өнгө төрх, хандлагатай адил байна гэдгийг харуулахыг зорьжээ.

Тухайлбал, зохиолд “Ахынхаа гэр бүлийн ээдрээт асуудлыг зохицуулахаар Петербургээс Москваг зорьсон Анна галт тэрэгний буудалд Вронский хэмээх залуухан офицертэй учирна. Бүсгүй хүн гэгч чухамдаа нэгэн хэвийн амьдралдаа дасан зохицож, ийм л хувь тавилангаар хорвоог туулах ёстой гэсэн ойлголттой явсан Аннад Вронскийтэй уулзсанаар түүний өмнө цоо шинэ ертөнцийн үүд хаалга нээгдэнэ. Гэвч нэр хүндтэй язгууртан айлын эхнэр байсан Анна жинхэнэ хайр сэтгэлээ олсон ч эрх мэдэл, нэр хүндтэй нөхрийнхөө нэр хүндийг унагааж, түүнээс урвасан мэтээр тухайн үеийн нийгэмд жигшигддэг. Ингээд Анна ганц хайр сэтгэлээсээ бус нийгмийн дарамт, шахалтаас болж амиа хорлоход хүрдэг.”

Тэгэхээр найруулагч Н.Наранбаатар дээрх санааг зохиолоос татан авч, жүжгийнхээ гол санаа болгосон нь өнөөгийн бидний нийгмийг тэр чигт нь тайзан дээрээсээ харуулж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн нийгэмд арай ч Анна шиг амиа хорлоогүй ч, хорлохоос наагуур Аннанууд олон. Үүнийг та ч би ч мэдэж байгаа. Хэрэв бид тэдгээр Анна нарын амьдралыг шүүж, нийгмээрээ амьдрал руу нь хошуу дүрсээр байх юм бол нэг л өдөр олон олон Анна нар тус зохиол дээрх шиг амиа хорлоно. Тиймээс хэт их бие биенийхээ амьдрал руу орохгүй байхыг дээрх жүжиг бидэнд сануулж байна.

Харин жүжигт зохиолд байхгүй бас нэг санааг нэмж найруулжээ. Учир нь жүжигт залуу, хөгшин хоёр Аннагийн дүр бий. Зохиолд нэг л Анна байдаг бол Н.Наранбаатар найруулагч хоёр Аннаг үзүүлсэн. Ингэхдээ хоёр дахь Аннагаар үйлийн үр, хувь заяаны тухай үзүүлсэн. Хэн ч бидэнд маргааш юу болохыг, ирээдүйд юу болохыг хэлж өгдөггүй. Харин жүжигт Аннагийн хувь заяаны хөгшин Анна бол түүний хувь заяа хэрхэн эргэхийг мэддэг, сануулдаг Анна байсан. Тэгэхээр хүмүүс бидний хэн нь ч цаашид юу болохыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ өнөөдөртөө зөв амьдрах хэрэгтэйг “Анна Каренина” жүжиг бидэнд хэлж өгчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.