Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Пүрэвбаатар Хятадын Ганьсү мужийн бөхчүүдийг дасгалжуулна

“Алдар” спорт хороонд төрсөн ах Ц.Хосбаяртайгаа хамт ажиллан, дэлхийн аварга С.Цэрэнчимэд, П.Орхон, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран тэргүүтэй олон шилдгийг бэлтгэсэн ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр ӨМӨЗО-ы Хөх хотод дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ. Тэгвэл Монголын чөлөөт бөхийн бас нэг шилдэг тамирчин, дасгалжуулагч өмнөд хөршийг зорив. 

Учир нь, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар БНХАУ-ын Ганьсү мужийн Ланьжоү хотод мэргэжилтнээр ажиллах болжээ. Зодог тайлсныхаа дараа “Олимп” сургуульд дасгалжуулагчаар ажиллан, Гавьяат тамирчин Б.Номин, ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга нарын олон шилдгийг бойжуулсан тэрбээр урд хөршид 2021 он хүртэл ажиллах гэрээ байгуулсан аж. 

Лондоноос Риогийн олимпын мөчлөгт Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Л.Энхбаяр нарын хамт Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийг дасгалжуулсан О.Пүрэвбаатар 2012 онд хэвлэлд ярилцлага өгөхдөө “Дасгалжуулагчаар ажиллуулах өндөр цалинтай санал гадаадаас үргэлж ирдэг. Тэдний саналыг зөвшөөрлөө гэж бодъё. Гэтэл харийн оронд очоод бэлдсэн тамирчид сайжраад миний шавь нарыг дийлээд байвал хэцүү шүү дээ. 

Ийм хэцүү асуулттай нүүр тулсан. Тийм учраас би харийн оронд ажиллахыг хүсдэггүй. Амьдралаа бодоод өндөр цалинтай газарт ажиллавал болохгүй зүйлгүй. Гэвч надад тийм сонирхол алга. Тиймээс цалингүй ч хамаагүй Монголдоо ажиллан, шавь нартайгаа хамт байхыг илүүд үздэг. Магадгүй нас ахихаар гадаадад ажиллаж болох л юм” гэсэн. 

Монгол тамирчид энэ жил олимпын эрх олгох тэмцээнүүдэд оролцон, “Токио-2020”- иос медаль хүртэхийн төлөө дайралтаа хийж эхэлнэ. Ийм чухал үед Монголын чөлөөтийнхөн нэг шилдэг дасгалжуулагчаа гадаадад ажиллуулах болов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.