Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хаягдал сүрэл ашиглан малын нэмэлт тэжээл хийх боломжтой

Манай улсын мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь яах аргагүй тэжээлээ хангах гэж хэлэхэд буруудахгүй. Энэ жил улсын хэмжээнд 187 000 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй байсан ч 117 000 тонныг хураан авсан дүн бий. Иймээс дутагдлаа нөхөхийн тулд 40 гаруй тэрбум төгрөгийг гадаадаас малын тэжээл худалдан авахад зарцуулжээ. Тэгвэл ХААИС-ийн эрдэмтэн багш нар дотооддоо малын  тэжээл үйлдвэрлэх боломж бүрдүүлсэн гэх таатай мэдээ байна. Тодруулбал, газар тариалангаас гарч буй хаягдал сүрлээр малын тэжээл хийх судалгааг тус сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн багш, магистр З.Эрдэнэ, профессор Х.Алтанцэцэг нар амжилттай хийжээ.

З. Эрдэнэ багштай уулзахын өмнө бүтээлээ “туурвисан” лабораторитой нь танилцсан юм. ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль ахисан түвшний судалгаа хийдэг найман лабораторитой аж. Түүнээс магистр, докторын зэрэг хамгаалахаар зэхэж буй оюутнуудын судалгаа хийдэг лабораторид эхлээд зочиллоо. Тус лабораторийг БНСУ-ын КОИКА байгууллага болон ХААИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан юм байна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон уг лабораторид нарийвчилсан судалгаа, шинжилгээ явуулах боломжтой төдийгүй ихэвчлэн ургамлын бичил үржүүлэг, биологийн идэвхт бодис ялгах, ургамалд ген шилжүүлэн суулгах туршилт хийдгийг оюутнууд онцолж байлаа. Тэнд жилд дунджаар бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалах 15 хүн судалгааны ажлаа тогтмол явуулдаг гэнэ. Монголчуудаас гадна Вьетнам, Казахстан, Өвөрмонгол, Хятад, Солонгос оюутнууд ч молекул биологийн судалгаахийх гэж тус лабораторийг зорьдог юм байна. Лабораторийн цаад өрөө рүү ороход тус сургуулийн IV дамжааны оюутан ургамлыг зохиомол тэжээлт орчин суулгаж байлаа. Тэрбээр малын тэжээлийн өндөр ач холбогдолтой, уураг ихтэй царгас хэмээх ургамлыг үржүүлэх зорилготой туршилт хийж байв. Түүний туршилт цаашид амжилттай болбол хур бороо бага, гантай жилүүдэд царгас хураан авах хэмжээг хоёр дахин ихэсгэх боломж бүрдэх ач холбогдолтой юм билээ. Царгасаас гадна шинэс, шилмүүст ургамал,рапс, алтайн сонгино, монгол хунчир, чихэр өвс, их шүүдэргэнэ, дэрэвгэр жиргэрүү зэрэг ургамлаас биологийн идэвхт бодис ялгах, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй бодисилрүүлэх, ялгах судалгааг ч оюутнууд энд хийдэг ажээ. З.Эрдэнэ “Бид энэ лабораторийн 20 гаруй төхөөрөмжийг тогтмол ашигладаг. Өндөр хүчин чадалтай микроскоп, лабораторийн зориулалттай судалгаанд ашигладаг холигч машин, ген шилжүүлэн суулгагч аппарат, хүнсний ногоон дахь хүнд металл, пестицидийн үлдэгдлийг тодорхойлдог төхөөрөмж зэрэг бүх төрлийн багаж, хэрэгсэл бий” гээд, өөрийн гаргаж авсан малын тэжээлээ танилцуулав.

Малын тэжээлд нэмэлтээр хэрэглэх целлюлаза хэмээх бэлдмэлийг гаргаж авахдаа тэрбээр хөгц мөөгөнцөр ашиглажээ. Шимт чанар муутай тэжээлийг боловсруулах, задлах процессыг зохиомол орчинд туршиж, сүрлийг бүтээсэн ферментийн бэлдмэлээрээ боловсруулжээ. Ингээд тодорхой цагуудад дээж аван тэжээлийн шингэцийг тодорхойлжээ. Эслэгийн хэмжээ гурван цаг тутамд буурч, тэр хэмжээгээр уургийн агууламж нэмэгдэж байсан аж. Малын зохиомол гүзээн дэх тэжээлийн шингэц туршилтын явцад 90 хувьтай байсан бол хамгийн сүүлд 97 болтлоо өссөн гэнэ. Улмаар 100 гр идэшний 97 гр нь малын биед шингэх боломжтойг тэрбээр судалгаагаар баталсан юм байна. Ингэснээр мал амьтны тарга, тэвээрэг сайжрах бөгөөд зудад малаа алдах эрсдэлийг ч бууруулахаж. Үүгээр зогсохгүй малын тэжээлийн хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэж буй хэрэг. Гагцхүү уг тэжээлийг их хэмжээгээр боловсруулах үйлдвэр манайд байхгүй юм. Монголд ургамлын гаралтай рапсын тэжээл бэлтгэдэг компаниуд бий ч боловсруулсан бэлдмэл нь малын биед гүйцэд шингэхгүй тохиолдол элбэг. Харин З.Эрдэнэ багшийн гарган авсан бэлдмэл малын биед бүрэн шингэхийн сацуу удмын сан, генд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүйгээрээ давуу талтай. Мөн малын тарга тэвээрэгт ч сайнаар нөлөөлөх гэнэ.

З.Эрдэнэ “Уг бэлдмэлийг микроорганизмуудаас гарган авах судалгааны ажлыг 2012 онд эхлүүлсэн. Целлюлаза гэх ферментийг хөгц мөөгөнцрөөс ялгаж авсан бэлдмэлээ цэвэршүүлээд, идэвхийг нь тодорхойлж, малын биед шингэдэггүй шимт чанар муутай тэжээлийг задлан шингэцийг нь сайжруулсан юм. Хүнээр төлөөлүүлж хэлбэл шингэхгүй байгаа хоолыг нь боловсруулж, сайн задалж өгч байна гэсэн үг. Малын идэш, тэжээлийн шингэц сайжрахаар биед нь үлдэх ашиг шим нэмэгдэнэ. Бид бүтээлийнхээ патентыг аваагүй ч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн. Бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд санхүүжилтээс эхлээд хүндрэлтэй зүйл олон байна. Манайд микробиологийн үйлдвэрлэл хөгжөөгүй тул тэжээлийн нэмэлт бэлдмэлүүдийн дутагдал их. Малын нэмэлт тэжээлийг дандаа гадаадаас худалдаж авдаг. Уг нь дотооддоо малын тэжээл үйлдвэрлэх боломжтой боллоо. Монгол Улсад тэжээлийн микробиологийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх цаг болсныг эрдэмтэн, судлаачид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж холбогдох албаныханд байнга сануулдаг. Гэвч төр, засгийнхны чихэнд хүрч чаддаггүй, хүрсэн ч арга хэмжээ авахгүй, дорвитой ажил хийхгүй байх шиг санагддаг. Бид биотехнологийн аргаар малын тэжээлийн нэмэлт бэлдмэл үйлдвэрлэх инновацын төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд тэжээлийн нэмэлт хэд хэдэн бэлдмэл үйлдвэрлэсэн. Түүнийгээ малын тэжээлд холин шимт чанар сайтай тэжээл гарган авахаар ажиллаж байна. Эхний ээлжид энэ бэлдмэлийг боловсрууллаа.Дараа нь уургийн бэлдмэл, цаашлаад аминхүчлүүд зэрэг мал аж ахуйн салбарт шаардлагатай нэмэлт тэжээл гарган авахыг зорьж байна” гэв.

Манай улс энэ жил 409 000 тонн үр тариа хураан авч, үүнтэй ижил хэмжээний сүрэл талбайд хаягджээ. Хаягдсан сүрлийн 40 орчим хувийг газар тариалан, барилгын салбар, фермийн аж ахуй, малын хэвтэш хийх зэргээр хэрэглэдэг аж. Үлдсэн сүрлийг байгальд шууд хаядаг гэсэн үг. Хаясан сүрлийн 20 орчим хувийг нь л ферментийн бэлдмэлээр боловсруулахад дутагдаж буй тэжээлийг нөхөж болох нь.

Монголчууд 66.2 сая гаруй малтай ч тэдгээрийг дан ганц уламжлалт хэлбэрээр өсгөж үржүүлэхэд хүндрэлтэй. Өвөрхангай аймгийн Сант сумын тавдугаар багийн малчин О.Батсүх “Тарга хүч бүрэн авсан дундаж бог малын амьдын жин 50-60 кг болдог. Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тарга хүчээ бүрэн авсан мал онд орж, шинэ өвс, ургамал идтэлээ амьдын жингийнхээ 50 орчим хувийг алддаг. Түүнээс илүү хувиа алдчихвал онд орох, эсэх нь эргэлзээтэй болдог юм. Малын өгөөж идэж байгаа зүйлээсээ шууд хамааралтай. Тиймээс малын тэжээл сайн байх хэрэгтэй” гэж ярьлаа.

Түүний хэлснээр хатсан өвсийг дахин боловсруулж, ферментийн нэмэлт тэжээлээр баяжуулж, малын тэжээл бэлтгэх боломжтой гэнэ. Цаашилбал, улсын хэмжээнд шаардлагатай байгаа тэжээлийг заавал гадаадаас авалгүй малчдынхаа хэрэгцээг хангах бололцоотой аж.

Манай улсын тэжээлийн нөөц жил ирэх тусам багасаж буйгмалын тоо толгой эрчимтэй нэмэгдэж байгаатай зарим судлаач холбон тайлбарладаг. Фермийн аж ахуй эрхлэгчид ч нийт орлогынхооо 70 гаруй хувийг тэжээлдээ зарцуулчихдаг тул энэ салбар тийм ч сайн хөгжихгүй байгааг хэлж байлаа. Манайд өөрсдөө гаргаж авсан энэ ферментийн бэлдмэлээр хаягдал сүрлийг баяжуулж малын нэмэлт тэжээл бэлтгэх технологи, боловсон хүчин, амьд организм нь бий. Гэвч микробиологийн үйлдвэрлэл явуулахын тулд биоректор хэмээх төхөөрөмж хэрэгтэй. Уг төхөөрөмжийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахын тулд 300-500 литрийн хэмжээтэйг авахшаардлагатай. Үүнд ойролцоогоор хоёр тэрбум төгрөг зарцуулах аж.

З.Эрдэнэ “Бид БСШУСЯ, ХХААХҮЯ, Азийн хөгжлийн банк зэрэгт төсөл, хөтөлбөрөө байнга илгээдэг. Гэвч дэмжих нь ховор. Дэмжсэн ч санхүүжилт нь маш бага тул шаардлагатай тоног төхөөрөмжөө авч чаддаггүй. Таван литрийн багтаамжтай биоректор гэхэд 30 сая төгрөгийн үнэтэй. Энэ төхөөрөмжийг авчихсан байхад бусад салбарынхан ч ашиглах боломжтой. Жишээлбэл, мал эмнэлгийнхэн уг төхөөрөмжийг ашиглаад төрөл бүрийн вакцин үйлдвэрлэх боломж бүрдэнэ” гэв. Манай улсын сүүний үхрийн аж ахуйд 66.9, махны үхрийн аж ахуйд 22.5, эрчимжсэн хонины аж ахуйд 23.6, сүүний ямааны аж ахуйд 0.2, гахай, шувууны аж ахуйд 66.9 мянган тн нэмэлт тэжээл шаардлагатай гэсэн судалгааг өнгөрсөн онд гаргажээ. Ийм хэмжээний нэмэлт тэжээлийг дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол гадагшаа урсгадаг зардал багасах нь тодорхой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Хаягдал сүрэл ашиглан малын нэмэлт тэжээл хийх боломжтой

  • а says:

    Учир дутагдалтай юм олон ярьжээ. Багш цаашдаа боловсорно бизээ

  • Зочин says:

    За даа мэдэхгүй. Х.Алтанцэцэг ч дээ юу ч гэж худал ярьж мэдэх хүн дээ. Шавь гэнэ үү.ккк

  • эрка says:

    Судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар төр засаг, яам ч хойрго ханддаг. Үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь судалгааны ажлын 70 хувь нь юм шүү дээ хөө.

  • Tumentsetseg says:

    Sayahan l zagnuulj yawsan byatshan shawi mini aygaa tom erdemten boljee Bayar hurgeye Shawin mini buteelig demjij hurungu oruulalt hiih zuw setgeltei humuus zunduu oldonoo Buteelee l saijruul, sain surtalchil, chanartai buteelig garga Ulam ih amjiltig HUSIE