Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.ГАНСАРУУЛ: 40 кг турснаасаа илүү өөрийгөө шинээр нээсэндээ олзуурхдаг

Уншигч та илүүдэл жин, эв хавгүй төрхөндөө сэтгэл гундуухан яваа юм биш биз. Өндөр, булчинлаг, гоолиг хүн сайхан харагдаж, өөрийгөө өөрчлөхийг хүсэн, санаа алдан суугаа уншигч байна уу.

Тэгвэл та бүхнийг бодибилдинг, фитнесийн спортоор тавхан жил хичээллэсэн ч ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медаль хүртэн, улсынхаа дэвжээнд зургаан удаа түрүүлсэн, “Perfect body” клуб, “Power nutrition”-ы тамирчин Г.Гансаруултай уулзуулъя. Хэдхэн хоногийн өмнө дэлхийн дэд аварга болсон тэрбээр 104-өөс 60 кг болтлоо турж, өөрийгөө ялсан юм.

-Та энэ жил тэмцээнд оролцохдоо спорт модель ангилалд өрсөлдсөн. Тиймээс ДАШТ-д эл төрөлд өрсөлдөх болов уу гэж таамаглаж байлаа. Яагаад атлетик ангилалд оролцсон юм бэ?

-Би ер нь атлетик ангилалд өрсөлддөг. Гэхдээ энэ жил дөрвөн тэмцээнд оролцохдоо бүгдэд нь спорт моделийнход өрсөлдсөн. Хоорондоо тэс өөр төрөл л дөө. Атлетикаар амжилт гаргахад булчингийн ялгарал чухал бол спорт моделийнх тийм биш, харин ч эсрэгээрээ. Шүүгчид булчинлаг бус, зөв галбирыг чухалчилдаг юм билээ.

Тайзан дээр гараад булчингаа ялгаруулж зогсохгүй, аль болох эмэгтэйлэг харагдахыг хичээдэг. Өнгөрсөн жилийн амжилтаа баталж, дэлхийн хошой аварга болох зорилго тавин, бэлтгэлээ жилийн турш спорт модель ангилалд зориулсан. ДАШТ-д оролцохоор очтол эл төрөлд надаас эмэгтэйлэг биетэй тамирчид өрсөлддөг юм байна. 

Миний булчин тэднээс яалт ч үгүй ялгарч, амжилт гаргахааргүй байлаа. Тиймээс тэмцээний өмнө атлетик ангилалд өрсөлдөх шийдвэр гэнэт гаргасан. Тэгэхээр атлетик ангилалд оролцох ямар ч бэлтгэлгүй дэлхийн шилдгүүдтэй хүч сорьсон гэсэн үг. Би уг нь энэ сарын 15-нд өрсөлдөх байв.

Спорт моделийнход оролцох гэтэл тамирчдын мэдүүлэгт миний нэр байдаггүй. Тэгсэн чинь тэмцээнийг зохион байгуулагчид намайг булчинлаг байна гээд атлетик ангилалд бүртгэсэн юм билээ. Маргааш нь дахин усаа хасан, өрсөлдсөн болохоор булчин ялимгүй ядарсан байх, өмнөх өдрийнх шигээ ялгараагүй.

-Дэлхийн аварга цолоо хамгаалж чадахгүй нь гээд эмээсэн үү?

-Бүх зүйл талаар боллоо л гэж бодсон. Тайзан дээр өөртөө итгэлгүй, унжгар зогссон гэнэ лээ. Атлетик төрөлд оролцохоор жилийн турш бэлдсэн, дэлхийн шилдгүүдийн дунд жул харагдаж байгаа даа гэж бодсон. Шигшээд шалгарсны дараа гүнзгий амьсгаа авсан. 

Аль болох өөртөө итгэлтэй байж, бүхнээ шавхлаа. Дэлхийн олон удаагийн аварга унгар тамирчныг арай дийлсэнгүй. Тэр залуудаа боксоор хичээллэдэг байсан, аймар тамирчин байна лээ.

-Атлетик ангилалд оролцохоор бие болон сэтгэл зүйн бэлтгэлтэй очсон бол хэрхэх байв?

-Эхний шатнаас өөртөө итгэлтэй, дайчин оролцох байсан. Түрүүлэх байсан гэж бардам хэлж чадахгүй ч өгөө, аваатай өрсөлдөх байсан болов уу. Тэмцээний өмнө эл ангилалд аль орны, хэн гэдэг тамирчин оролцохыг нь судлаагүй байсан нь амжилтад их нөлөөллөө. Хэрвээ 15-нд бус, 16-нд оролцсон бол түрүүлэх боломж байсан шүү.

Надтай 12 тамирчин хүч сорьсон. Олонх нь дэлхийн аварга байлаа. Тийм мундгуудтай өрсөлдөөд дэд аварга болсондоо сэтгэл хангалуун байна. Би ДАШТ-д хоёр ангилалд оролцсон. Атлетик төрлийн 30-40 насны ангилалд өрсөлдөхдөө IV байрт шалгарлаа.

Үнэнийг хэлэхэд, энэ жил хувийн амьдралдаа анхаарал хандуулан, тэмцээнд оролцохгүй гэж бодсон юм. Амжилтын төлөө бус, формоо хадгалахын тулд л бэлтгэл хийсэн. Гэтэл тэмцээнээс хэдхэн хоногийн өмнө хорхой хөдлөн өрсөлдөхөөр шийдсэн. Тэгсээр байгаад дөрвөн тэмцээнд оролцсон.

-ДАШТ-ээс гурван жил дараалан медаль хүртэж байгаа бил үү?

-Тэглээ. Би 2016 онд хүрэл, өнгөрсөн жил алтан медаль авсан.

-Улсынхаа дэвжээнд өрсөлдөөд дэлхийн аварга болоход ямар мэдрэмж төрсөн бэ?

-Магнайгаа хагартал баярласан. Үгээр илэрхийлэхийн аргагүй гоё мэдрэмж төрдөг юм билээ. Манай улсын Төрийн дууллын ая хэчнээн гоё гэж санана. Эгшиглэх мөчид нь өөрийн эрхгүй уйлсан. ДАШТ-ий дараа нэг хүн надад “Таныг их догдлон, уйлах болов уу гэж бодож байлаа. 

Тэгсэн чинь хэзээний аварга шиг зогссон” гэсэн захидал илгээсэн. Тэгж л харагдсан болохоос би ёстой хөл газар хүрэхгүй баярласан. Тууштай хүнийг амьдрал шагнадаг гэдэг үнэн юм билээ. Улам их хичээх урам авсан.

Намайг үргэлж дэмждэг Монголын бодибилдинг, фитнесийн холбоо, Билгүүнээ захиралтай “Power nutrition” монгол брэнд, “Мон-Алтиус” сургууль, “Perfect body” клубийн хамт олон, Ганбаатар дасгалжуулагчдаа болон гэр бүлийнхэндээ баярладгаа энэ ташрамд илэрхийлье.

-Энэ жил Г.Угалзцэцэг дэлхийн дэвжээнд дөрөв дэхээ түрүүлж, түүний охин Мойлоо хүрэл медалийн эзэн болсон. Таны хүүхдүүд эл спортыг хэр сонирхдог вэ?

-Би хоёр хүүтэй, биерхүү. Хоёр хүүхдээ бодилдинг, фитнесээр бус, бөхийн төрлөөр хичээллүүлэх сонирхолтой. Дасгалжуулагч нар бага хүүгийн хөл, гарыг барьж үзээд “Сайн бөх болох ирээдүйтэй” гэсэн.

-Бодибилдинг, фитнесийн спортоор хичээллэсэн дурсамжаасаа хуваалцана уу?

-Би бага хүүгээ 2011 онд төрүүлсэн. Өдрийн цагаар хүүгээ салхилуулан ихэвчлэн гадаа өнжинө. Би итали хоолны тогооч мэргэжилтэй. Нэг өдөр хүүгээ салхилуулж зогстол нэг хүн надад “Тогоо, шанага хангинуулж, гэрийн мухар сахихаас өөр ид шидгүй бүдүүн авгай” гэж хэлдэг юм байна.

Төрөөд удаагүй байсан болоод ч тэр үү, их эмзэглэсэн. Гэртээ хар эрчээрээ гүйж орон, өөрийгөө толинд хартал бэлтгэлийн нэг их том өмд, цамцтай нэвсийсэн “амьтан” зогсож байв. Шар гозойн “Намайг яаж өөрчлөгдөхийг хараарай” гэж өнөөх хүнд хэлчихээд шууд фитнест явж эхэлсэн юм. 

Харах хүнгүй тул хоёр хүүгээ бэлтгэлдээ дагуулж явна. Багыгаа хөхнөөс нь гарган, угжинд оруулчихлаа. Бэлтгэлийн үеэр том хүү өөрийгөө сатааруулан, бага нь угжаа хөхөөд д унтдаг байсан. Турах зорилгоор эл спорттой амьдралаа холбож байлаа. Тухайн үед би 104 кг жинтэй байсан. 

Анхандаа ямар дасгал хийх учраа олохгүй алим, жимс идэн, гүйгээд л байж билээ. Амар байгаагүй ээ. Олон удаа шантарч, больё гэж хэлмээр байсан ч бууж өгөөгүй. Жингээ буруу хассаны улмаас арьс унжчихдаг байгаа. 

Дараа жилээс нь бэлтгэлээ мэргэжлийн багшийн удирдлагад, нарийн төлөвлөгөөний дагуу хийх болсон. Тодорхой үр дүн гарч, өөрийгөө өөрчлөх тусам улам урамшин, хичээгээд л байлаа.

-Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-“Нялх биетэй тул дэмий. Хүүхдээ ч ядраачихна” гээд бага зэрэг дургүйцсэн.

-Анхны амжилтаа хэзээ гаргав?

-2013 онд. Тэр жил УАШТ-ээс хүрэл медаль хүртэн, амжилтын жимээ гаргаж байлаа.

-Хэрвээ эл спортоор хичээллээгүй бол гэж өөрийгөө төсөөлдөг үү?

-Тогоочоор ажиллаад гүйж яваа болов уу. Нэлээд мяраалаг, магадгүй “Алдарт эх” болчихсон байх (инээв). Би бодибилдинг, фитнесээр хичээллэснээр өөртөө итгэлтэй, зоригтой болсон. 40 кг турснаасаа илүү өөрийгөө шинээр нээсэндээ олзуурхдаг.

-Фитнесээр хичээллэхийн өмнөх буюу 104 кг жинтэй байсан үеийнхээ зургийг харахаар ямар санагддаг вэ?

-“Би мөн үү” гэж өөрөөсөө асуумаар санагддаг. Гэхдээ одоо ч гэсэн бэлтгэлээ назгайруулан, хоолны дэглэмээ алдвал буцаад жин нэмэх магадлалтай.

-Өөрийгөө хэрхэн ялж, өөрчилсөн тухай тань хүмүүс их сонирхдог байх. Жингээ хасахад хамгийн чухал нь юу бол?

-Юун түрүүнд “Яаж турах вэ, юу хийх үү” гэж санаа алдаж, суух бус зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Мэдээж хамгийн чухал нь зөв хооллолт. Үүнийг бэлтгэлийн зөв төлөвлөгөөтэй хослуулбал үр дүнд хурдан хүрнэ. Хүн бүхэн тамирчин болох албагүй. Гэхдээ эрүүл чийрэг, зөв бие галбиртай болохын тулд спортоор хичээллэх хэрэгтэй.

-Хүнсэндээ ямар бүтээгдэхүүн хэрэглэх нь тохиромжтой вэ?

-Би ихэвчлэн тахианы цээж мах, чихэрлэг төмс, ногоо хэрэглэдэг. Харин энгийн хүмүүс заавал тахианы цээж мах идэх шаардлагагүй. Өөх, давс огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Бараан мах хүнсэндээ хэрэглэн, ногоог шарж бус, жигнэж идэх нь зүйтэй.

-Та бэлтгэлээ хэдэн цагаар хийдэг вэ. Олон цагаар базаахын тус бий юү?

-Зарим хүн бэлтгэлээ 2-3 цагийн турш хийдэг. Тэгснээр 100 хувь үр дүнд хүрч чадахгүй. Би бэлтгэлээ цаг 10 минутаас хэтрүүлдэггүй. Зарим хүн жаахан бэлтгэл хийснээ утсаа оролдоод л суучихдаг. Энэ их буруу. Тэгэх хооронд халсан булчин нь буцаад хөрчихдөг. Бэлтгэлийн зөв дэглэмээс гадна зөв амралт их чухал.

-Ажил, мэргэжил, цаг заваас шалтгаалж, зарим хүн өглөө, нэлээдгүй хэсэг нь оройн цагаар бэлтгэл базаадаг. Ялгаа бий юү?

-Зарим хүн хичээллэж эхлэхээсээ өмнө өндөр үнэтэй фитнес, туршлагатай дасгалжуулагч хайгаад байдаг. Тэгж яваад ажлаасаа хол байрладаг фитнест бүртгүүлчихдэг. Заавал гял цал болсон үнэтэй бус, энгийн хэрнээ цэвэрхэн гэр, ажилтайгаа ойрхон газар хичээллэх нь зүйтэй. 

Хамгийн чухал нь бэлтгэлээ таслахгүй, уйгагүй л хичээх хэрэгтэй. Бэлтгэлээ тодорхой нэг цагт өдөр бүр базаагаад байхаар хүний бие дасчихдаг. Тэгэх тусам үр дүнд хурдан хүрнэ. Жин хасах гэж буй хүмүүс өглөө өлөн үедээ хөнгөхөн дасгал хийх хэрэгтэй.

-Төрөөс тив, ДАШТ-д амжилт гаргасан тамирчдад мөнгөн урамшуулал олгодог. Та урамшуулал авдаг уу?

-Огт авч үзээгүй. Зөвхөн би гэлтгүй манай тамирчдаас хэн нь ч Төрөөс мөнгөн урамшуулал авдаггүй. Зардлаа өөрсдөө л зохицуулдаг. Манай холбооныхон амь нэгтэй. Биенээ маш сайн ойлгодог, дэмждэг.

-Ойрын хугацаанд ямар том зорилго тавьсан бэ?

-Зарим хүн “Аваргаа хамгаалах, дэлхийн хошой аварга болох” гэж хариулах байх хэмээн таамаглаж магадгүй. Огт тийм биш. Өмнө нь үргэлж шилдэг байж, амжилт гаргахын төлөө шунадаг байлаа. Одоо тэгэхээ больсоон. Зүгээр бэлтгэл хийн, тэмцээнд оролцоход л болно, өөр хүсэх юм алга. Тайзан дээр гарч, спортын хорхойтнуудын сэтгэл хөдлөлийг мэдрэхийг л хүсэж байна.

-Дэлхийн аваргын зангараг гаргаж байгаа юм болов уу?

-Үгүй ээ. Ямар нэг их ханаж цадахаар амжилт гаргасан биш дээ. Зүгээр л байгаа минь энэ. Оны эхэнд УАШТ болно. Атлетик ангилалд өрсөлдөнө. Түрүүлэх бус, улсынхаа шилдгүүдтэй өрсөлдөн, үзэгчдийн гоё уур амьсгалыг л мэдэрмээр байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “Г.ГАНСАРУУЛ: 40 кг турснаасаа илүү өөрийгөө шинээр нээсэндээ олзуурхдаг