Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХААН Банк чанартай, эрүүл мах бэлтгэлийн тогтолцоо бий болгох эхлэлийг тавилаа

Улаанбаатар, 2018 оны 12-р сарын 18

Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй малын мах малчдын хотноос хэрэглэгчдийн гар дээр иртлээ ямар нөхцөлд тээвэрлэгдэж, ямар үнэ өртөг шингэж, ямар шат дамжлага дамждагийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл малчдын хотноос малыг нь худалдан авч, үйлдвэрийн аргаар нядалж, боловсруулан иргэдийн гар дээр эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан мах нийлүүлэлтийн шат дамжлагыг өртгийн сүлжээгээр нь хөгжүүлэх томоохон ажлын эхлэлийг өнөөдөр ХААН Банк тавилаа. Мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч компаниудыг банк нэгэн зорилгын дор нэгтгэж, хамтран ажиллахаар Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.

Махны өртгийн сүлжээний төслийн гол оролцогчид нь ХААН Банк, “Эрээн бухт” ХХК, “Эрдэнэт мах маркет” ХХК, “Дархан минж” ХХК гэсэн дөрвөн байгууллага байх юм. Өөрөөр хэлбэл, “Эрээн бухт” ХХК  бүс нутгийн малчдаас стандартын шаардлага хангасан малыг худалдан авч, 2-3 сар бордсоны эцэст мах боловсруулах үйлдвэр буюу “Эрдэнэт мах маркет” ХХК-д шилжүүлнэ. Үйлдвэрийн аргаар тэнд малыг нядалж, махыг нь ангилж ялган савлаад эцсийн хэрэглэгчид хүргэхэд бэлэн болгох ажээ. Харин гурав дахь оролцогч “Дархан минж” ХХК-ийн хувьд мах боловсруулах үйлдвэрээс нийлүүлсэн арьс ширийг худалдан авч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаашлаад экспортод гаргахаар төлөвлөжээ. Банкны зүгээс эдгээр компанид хамгийн таатай нөхцөлөөр санхүүгийн дэмжлэг  үзүүлэхийн зэрэгцээ харилцагчдыг холбох гүүр нь болж ажиллах юм.

ХААН Банкны өртгийн сүлжээний энэхүү төсөл нь хамгийн чанартай, эрүүл мах бэлтгэлийн тогтолцоо бүрдүүлэхээс гадна стандартын шаардлага хангасан, хямд үнэтэй махыг хэрэглэгчдэд хүргэх зорилготой. Мөн энэхүү төслийн хүрээнд шинээр ажлын байр бий болгож буй юм. “Эрээн бухт” ХХК-ийн хувьд иргэдийг жилийн дөрвөн улиралд шинэ мах хэрэглэх боломжоор хангах бөгөөд урьдчилсан байдлаар нэг жилийн хугацаанд 2400-3000 гаруй бярууг бордон, махыг нь зах зээлд нийлүүлнэ гэж тооцоолж байгаа аж.

Цаашид дээрх компаниудаас гадна малчид, болоод худалдааны байгууллагуудыг энэ сүлжээнд холбож өгснөөр мах бэлтгэлийн бүх шат дамжлагад нэгэн ижил стандарт мөрдөгдөх төдийгүй хэрэглэгчдэд очих махны амт чанар нь жилийн аль ч улиралд яг адилхан шинэхэн хэвээр байна гэдгийг өртгийн сүлжээний оролцогчид онцоллоо.  

Монгол Улсын нийгэм, эдийн засагт илүү бодитой хувь нэмэр оруулах, банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд эко, ногоон бүтээгдэхүүн нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хариуцлагатай бизнесүүдийг дэмжих ажлын хүрээнд ХААН Банк өнгөрсөн 8-р сард Монголын анхны 400 үнээний кластер фермийг ашиглалтад оруулсан бол 11-р сард Тогтвортой ноос ноолуурын эвсэлтэй хамтарч хоршоодын малчдыг чадавхижуулах сургалт явуулсан юм. Энэ удаа махны өртгийн сүлжээ бий болгохоор ийнхүү эхлэлийг нь тавилаа. 

Бид зогсолтгүй бүтээсээр….

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.