Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олон жилийн турш, өндөр хүүтэй зээл төлж амьдрах шаардлагагүй

Улаанбаатарын агаарын бохирдол тартагтаа тулж, урдах замаа харах нь бүү хэл хаашаа зүглэснээ ч мэдэхээ больж, өвлийг төөрчих шахам давдаг болоод удаж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр утаа гаргадаггүй яндан, зуух тараахаас эхлээд орон сууцны ипотекийн зээл хүртэл олгож, 2008-2016 онд нийт 850 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэсэн судалгаа бий.

Гэтэл тэдгээр ажлын нэг нь ч үр дүнд хүрээгүйгээр үл барам утаа улам өтгөрч, хорт хий нэмэгдсээр буйг улаанбаатарчууд надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Үүний гол буруутан болох агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлээд буй гэр хорооллын өрхүүдийг цаашид хэрхэх талаар төр, засгаасаа эхлээд цэцэрлэгийн хүүхдүүд ч маргалдах боллоо. Тэгвэл одоо л нэг зөв зүйлдээ хөрөнгө зарцуулж байна уу гэмээр ажил Чингэлтэй дүүргийн VII хороонд өрнөж байна.

Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үеэр тус улсын Засгийн газар манайд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж өгсөн билээ.

Тус хөрөнгийг Улаанбаатар хотын иргэдийг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн хангамжийн шугам сүлжээний техникийн шийдэл, дэд бүтцэд зарцуулахыг Засгийн газрын 2017 оны зургадугаар сарын 14-ний хуралдаанаар Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болгожээ.

Үүний хүрээнд хийх дэд бүтцийн төвийг загвар болгож Чингэлтэй дүүргийн VII хорооны 223 нэгж талбарыг төвийн шугамтай холбож буй аж. Уг төсөлд зарцуулах хөрөнгийг нийслэлийн 2018 оны төсвөөс санхүүжүүлж байгаа гэнэ.

Иргэдийн хэлж заншсанаар Баянхошууны нутаг дэвсгэрийн 223 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжүүлж буй тус ажил өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн байна. 223 нэгж талбарт нийт 223 хашааг хамруулж буй бөгөөд 280 байшинд инженерийн үндсэн таван шугам холбох юм байна. 

Үүнд дулаан, цэвэр ус, цахилгаан, бохир, холбоо технологи гэсэн үндсэн таван инженерийн шугам холбох бөгөөд одоогоор төв магистрал шугамуудын ажил бүрэн дуусаж, салбар шугамууд буюу айлууд руу холбох ажил 60 хувьтайг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Билгүтэ хэллээ.

Төслийн ажил эхлэхээс өмнө судалгаа хийхэд иргэд нэгдэн, бүлгэм байгуулж, нийслэлийн захиргаанд хандсанаар уг төсөл өнгөрсөн долдугаар сараас эхэлжээ. Үүний хүрээнд айлууд өөрсдөө сантехникийн хэрэгслүүд, суултуур, ванн, халаагуур зэргээ бэлдэх аж. 

Мөн амьдарч буй байшингаа дулаан алддаггүй болгон дулаалах шаардлагатай гэж байлаа. Тиймээс зарим дээр дурдсан зүйлсийг бүрэн аваагүйгээс шалтгаалж энэ ондоо багтааж 70 орчим хувийг нь төвийн шугамд холбох гэнэ.

Дэд бүтцийн төвд дулаан хангамжийн эх үүсвэрийг бие даасан байдлаар шийджээ. Өөрөөр хэлбэл, уурын зуухны барилгад 1500 кВт хүчин чадалтай усны халаалтын хоёр тогоо суурилуулан холбосон байсан юм. Харин цахилгааны хангамжийг Баянгол дүүргийн 10 кВ-ийн хүчин чадал бүхий “Телевиз” дэд станцаас авч буй аж. 

Шинэхэн барьсан дэд бүтцийн төв болох хоёр давхар байшингийн зоорийн давхарт тоног төхөөрөмжөө байрлуулж, нэгдүгээр давхарт техникийн хяналтын өрөөг тохижуулсан байв.

Дэд бүтцийн төв байгуулах ажлын хүрээнд 20 орчим айл шинээр байшин барьжээ. Үүний нэг нь тус хороонд амьдардаг н.Ганзоригийнх. Тэрбээр өмнө нь Баянгол дүүрэгт амьдарч байгаад хоёр жилийн өмнө газар авч, суурьшсан гэнэ. Тэднийх байшинтай байсан ч төсөл хэрэгжих сургаар шинийг барьсан аж. Өнгөрсөн жил бусдын жишгээр нүүрс түлж өвөлжсөн бөгөөд нэг “Самосвал”, хоёр Портероор нүүрс авч байж.

Үүнд нийт нэг сая гаруй төгрөг зарцуулсан гэсэн тойм судалгааг гэр бүлээрээ гаргажээ. Үүн дээр мод, хааяа задгайгаар худалдаж авсан нүүрсний үнэ нэмэгдэхээр дээрх тоо лав 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэх байх гэсэн юм. Харин төсөлд зориулсан байшингаа 70 орчим сая төгрөгт барьжээ. Гэхдээ ганц байшин биш, аав, ээждээ ч өвлийн жижиг байшин барьсан нь дээрх мөнгөнд багтсан аж. 

Өөрсдийнх нь амьдрах байшингийн нийт талбай 100 орчим ам метр бөгөөд хоёр унтлагын, нэг зочны өрөө гаргасан байна. Мөн ариун цэврийн болон угаалгын өрөөгөө ч тусад нь байршуулсан харагдсан. Дөрвөн цонхон доороо халаагуураа байрлуулсан бөгөөд төвийн шугамд холбох л үлдээд буйг н.Ганзориг хэллээ.

Мөн тэрбээр “Бид азтай хүмүүс гэж бодож байна. Төвийн халаалтаар халж, ариун цэврийн өрөөгөө дотроо шийдэж байгаа нь орон сууцнаас ялгарах юм алга. Төвийн шугамд холбогдчихвол гадаах жорлонгоо буулгаж, булаад, мод тарих ёстой. Нийслэлээс айл бүрт ийм даалгавар өгсөн. Мөн хашаагаа тохижуулна” гэсэн юм.

Чингэлтэй дүүргийн VII хороонд сурвалжилга бэлтгэхээр явж байхад “Хэзээ холбох вэ” хэмээн асуух иргэн олон байлаа. Мөн төсөл хэрэгжих тухай сонссон зарим айл юу юугүй жорлонгоо нураачихсан сураг дуулдсан. Тиймээс эл ажил иргэдэд ямар их хүлээлт үүсэж байгааг харж болохоор байсан юм.

Төсөлд хамрагдах гэж хэр хэмжээгээр хичээж буй бас нэгэн айлаар зочлов. Мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу байшингаа дулаалах арга хэмжээ хэрэндээ л хангасан нь гаднаасаа л харагдаж байлаа. Учир нь өнгөлгөөний шинэхэн тоосго, шавар, мөн сантехникийн тусгай өрөө шинээр хийсэн нь илхэн байв. 60 гаруй ам метр талбайтай байсан байшинг төсөл хэрэгжүүлэх гэж буйтай холбогдуулан 80 ам метр болгон томруулсан аж. 

Тодруулбал, шинээр жижиг өрөө, сантехникийн тусгай өрөө барьжээ. Үүнд 10 сая төгрөг зарцуулсан тухайгаа гэр бүлийн гишүүд хэлж байлаа. Өөрсдийнхөө зүгээс бэлдэх ёстой суултуур, ванн, сантехникийн хэрэгслүүдэд 4.5 сая төгрөг зарцуулсан аж. Өмнө нь ханын пийшингээр байшингаа халаадаг байсан бөгөөд жилд 700 гаруй мянган төгрөгөөр нүүрс авдаг байжээ. 

Мөн модны үнээ нэмэхэд сая орчим төгрөг зарцуулдаг байсан гэнэ. Харин төвийн шугамд холбогдсон айлууд дунджаар 125-140 мянган төгрөг төлөх тооцоог төсөл хэрэгжүүлэгчид гаргасан байсан. Аливаа зүйл сайнтай, муутай байдгийн жишгээр дээрх 223 айлаас 10 гаруй нь дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. 

Учир нь сантехникийн материалуудаа бэлдэхэд нэг өрхөөс 4-7 сая төгрөг шаардах тул дэмжээгүй гэнэ. Харин дэмжиж буй ч бэлтгэлээ базаах боломжгүй 34 өрхөд “Монгол базальт” компанийнхан тусалж, байшингийн дулаалга болон сантехникийн материалыг нь бэлдэж өгчээ.

Төслийн хүрээнд зөвхөн айлуудыг шугам сүлжээнд холбоод зогсохгүй гудамжуудыг тохижуулж буй аж. Тухайлбал, жишиг хашааны шинэ загвар гарган 46 айлын хашааг шинээр барьжээ. Төсөл хэрэгжүүлэгч нарын зүгээс иргэдээс хүсэж буй ганц зүйл нь хашаагаа нэг метрээр татах. 

Тэд гудамж бүрт сөрөг урсгалтай асфальтан зам тавих учир айлуудаас хашаагаа татах шаардлага тавьж буй аж. Мөн одоогоор найман гудамжийг камержуулсан бөгөөд гэрэлтүүлэг, тохижилтийн ажил ч хийж буй. Гадна тохижилтийн ажил ирэх жил дуусах гэнэ.

Инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор бүх зүйл сайхан боллоо гээд орхиж болохгүй нэг зүйл нь цэвэрлэх байгууламж. Тэгвэл тус төвд өдөрт 520 шоо метр бохир цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барьжээ. Энэ нь 300 өрх, сургууль, цэцэрлэг, хорооны барилга гэх мэт 2000-2500 хүний ахуйн бохирыг цэвэрлэх хүчин чадалтай биеэ даасан байгууламж юм.

Уг төслийн ажил цаашид үргэлжлэх бөгөөд 2020 он гэхэд 50 байршилд хэрэгжүүлэхээр БНХАУ-ын Засгийн газраас олгох хоёр тэрбум юанийн тусламжийн хөрөнгөөс санхүүжүүлэхээр баталсан байна. Ингэснээр нэг байршилд 200-300 хашаа хамрагдаж, 15-20 мянган айл төвийн шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэх аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Олон жилийн турш, өндөр хүүтэй зээл төлж амьдрах шаардлагагүй

  • buh ger horoolold tsever bohiriin ded tuv barij, tuviin shugamand holboh gants arga bii. zaaval oron suutsjuulah geed zutgeed baival butehgui, uchir ni irgediin gazriig hyamdaar avch, zuvhun uridchilgaand tootsood, uldseniig zeel tulgaj irgedee nasan turshid ni urund oruulah zuil hiigdeh geed bna. uchir ni erh medeltnuud, barilgiin companiud ugsej oron suuts barih tender avahiin tuluu, tendees uursduu hagartlaa bayajih tuhaigaa bodoj, toonii mashin tachignuulj, shudee havirch suugaa da.

  • Зочин says:

    ямар азтай юмбэ энэ айлууд

  • Зочин says:

    Аль хэзээний ингэх ёстой байсан байхгүй юу. Энэ хувиа бодсон идэх уух дуртай дарга нар худлаа ярьж утаа бууруулна гэж мөнгө идсээр бүх нийтийг хорлож байхын оронд ингээд л дэд бүтцээ бага багаар хийсээр нэмсээр яваад тэр үрсэн 850 тэрбумыг энэн шиг л зарцуулах ёстой байсан юм.