Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Батжаргал: Би нэг мэдсэн чинь л гурван настайдаа тоо бодоод сурчихсан байсан

Малайз улсын Куала Лумпур хотод энэ сарын 9-10-нд болсон “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээнээс Гранд чемпион буюу дэлхийн аваргын цом хүртсэн Лхагвадэмбэрэлийн Батжаргалтай утсаар холбогдож ярилцлаа.

-Сайн байна уу, Батжаргал аа. Гэртээ харьчихсан гоё байна уу, замдаа ядарсан уу?

-Замдаа ядраагүй ээ. Гэртээ ирчихсэн тоглоод л сууж байна. Би өөрийгөө танилцуулъя. Намайг Л.Батжаргал гэдэг. Хөвсгөл аймгийн “Далай ван” сургуулийн 1а ангид сурдаг. Манай ангийн багшийг Алтангэрэл гэдэг.

-Түргэн бодох аргыг чамд хэн зааж өгсөн бэ?

-Анх “Тояа” хүүхэд хөгжлийн төвийн Хөвсгөл дэх салбарын багш Дэлгэрсайхан, Өлзийжаргал нар зааж өгсөн. Тэдэнтэй хамт хичээллэж байх хугацаандаа Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Олон улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан юм. Олон улсын тэмцээний бэлтгэлээ Улаанбаатар руу явж өөр багш нартай хийсэн.

-Энэ спортын төрлөөр хичээллээд хэр удаж байна вэ?

-Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас хойш хичээллэж байна. Гэхдээ зургаан сар ч байж магадгүй ээ. Яагаад гэвэл олон улсын тэмцээнд орохын өмнө хотын багш нартай хамт зургадугаар сараас хойш бэлдсэн байхгүй юү.

-Өмнө нь түргэн бодолтын өөр тэмцээнд оролцож байв уу. Дэлхийн аваргад өрсөлдөхдөө сандарсан уу?

-Өөр тэмцээнд орж байгаагүй. Өнгөрсөн тавдугаар сард Үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс олон улсад оролцох эрхээ авсан юм. Нийт хоёр л тэмцээнд орсон гэсэн үг. Олон улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэхийн өмнө багш хажууд зогсож байсан чинь нэг хүн ирээд багшийг минь гаргачихсан. 

Багш гарахдаа “Сандарч болохгүй шүү” гэж захисан болохоор тайвширсан. Бас ээж, аавтайгаа хамт Куала Лумпурт ирсэн учраас айх зүйл байгаагүй.

-Олон улсын тэмцээнд оролцсон хүүхдүүдтэй Ерөнхийлөгч уулзсан гэсэн, чамд юу гэж хэлэв?

-Сайн санахгүй байна. Ерөнхийлөгч ямар ч байсан “Та бүгдэд баяр хүргэе. Улам их амжилт гаргаарай, манай улсыг авч явах хүмүүс бол та нар шүү” гээд биднээр тоо бодуулсан. Бас би тайзан дээр гараад өөрийгөө танилцуулсан.

-Дараагийнхаа тэмцээнд бэлдэж эхэлсэн үү?

-Багшаас “Дахиж тэмцээнд орох юм уу” гэж асуухад “Аанхаан” л гэсэн. Ямар нэг тэмцээнд орохдоо бараг зургаан сар бэлддэг байх өө. Дахиж тэмцээнд түрүүлээд зөндөө олон медаль авмаар байна.

-Анх тоо бодож сурахад хэцүү байсан уу?

-Амархан шүү дээ. Сампингаараа баруун тийш нь шилжүүлээд л хариуг нь гаргачихна. Би нэг мэдсэн чинь л гурван настайдаа тоо бодоод сурчихсан байсан.

-Ирээдүйд ямар хүн болно гэж боддог вэ?

-Мэдэхгүй. Арай л бодож амжаагүй байна. Гэхдээ би дуу дуулах дуртай. Дуулж үзүүлж болох юм уу? (дуулав)

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Зураг зурах дуртай. Ялангуяа ээж, аавтайгаа хөдөө юм уу, гадаад явж буйгаа зурдаг. Би бас ахтайгаа уралдаж тоо боддог. Тоо бодохоор тархи хөгждөг гэсэн.

Г.Баясгалан

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.