Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Энэтхэг орны  эхийн” үхэл

Хэдий мундаг улс төрийн зүтгэлтэн байж эх орондоо аугаа ихийг  хийж бүтээсэн ч  жам бусаар эмгэнэлтэйгээр насан өөд болсон тохиолдолд амьд ахуйдаа хийсэн бүтээснээсээ ч илүү  нэр хүнд нь өсдөг үзэгдэл  байдаг. Үүнд л хүн гээгч амьтны сониуч зангийн харгис шинж чанар  оршдог бололтой. Энэ үзэгдэл   “Энэтхэг орны эх” хэмээх албан бус тодотголтой, орчин үеийн түүхийн хамгийн   нэр хүндтэй   эмэгтэйчүүдийн  нэг  Индира Гандийг ч тойроогүй юм. Энэтхэгийн хамгийн дээд  язгууртан давхаргаас гаралтай тэрбээр үргэлж жирийн ард түмэн тэдний амьдралын сайн сайхны төлөө анхаарлаа хандуулж байсан  билээ. Засгийн эрхэнд  байх хугацаандаа Гандийг багагүй алдаа оноотой шийдвэрийг гаргаж байсан гэж судлаачид үздэг. Хэрэв 1984 оны аравдугаар сарын 31 нд болсон аймшигт халдлага болоогүй бол энэ түүхэн хүнд хандах дэлхийн дахины хандлага өнөөдөр  хаашаа эргэсэн байхыг   хэн ч хэлж мэдэхгүй. Гэсэн  ч эцсийн бүлэгт энэ агуу эмэгтэй  эх орныхоо тусгаар тогтнол, нэгдмэл байдал, ард олныхоо сайн сайхны төлөө  зүтгэж байсан нь эргэлзээгүй.

Ер нь Индира Гандигийн аллага нь уг үйл явдлыг сонирхож, судалж байсан хүмүүсийн хувьд бол тийм нууцлагдмал зүйлд тооцогдохгүй билээ. Засгийн эрхэнд хэсэг хугацааны дараа хоёр дахь удаагаа гарч ирэхдээ Ганди сикхуудын салан тусгаарлах  үзэлтэй тулгарсан юм. Сикхууд нь Энэтхэгийн Пенжаб мужид орших өвөрмөц үндэстэн шашны  бүлэг нэгдмэл бөгөөд  1981 оноос эхлээд улс төрийн автономит байдал өөрөө хэлбэл Пенжаб мужийн нутаг дэвсгэр дээр тусгаар улс байгуулахын төлөө идэвхтэй тэмцэл явуулж эхлээд байсан юм.  Үүнийг Энэтхэгийн Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой тул байдал  хурцадсаар  синкхуудын үйл ажиллагаа хорлон  орсон аж. Энэ нь эхлээд Пенжаб мужийн хинд гаралтай оршин суугчид руу чиглэгдэж байсан бол хожим засаг төрийн төлөөлөгчид руу шилжжээ. Салан тусгаарлагчдын төв нь Армитсард байх сикхуудын шашны гол шүтээн Алтан сүм болсон байлаа. Энэ сүмд террорист бүлэглэлүүд хуран цугларч, зэр зэвсгээ хадгалдаг байв. 1984 оны долдугаар сард Индира Ганди Армитсард төвлөрсөн террорист бүлэглэлийн эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргасан байна. Энэ үйл ажиллагааны явцад  хэдэн зуун хүн амиа алдсаны дотор мөргөл үйлдэж байсан энгийн иргэд ч өртсөн юм. Үүнээс гадна синкхуудын шүтээн “Алтан сүм” барилгын хувьд багагүй эвдэрч сүйдсэн аж. Энэ үйлд явдлын дараа Индира Ганди синкхуудын хувьд хамгийн өстөн дайсан болсон нь ойлгомжтой.

 Аливаа нэг  улс төрийн аллага  дэлхийн аль нэг том гүрнүүдийн тусгай албаны оролцоотой болсон гэх таамаг тэр болгонд гардаг. Гандигийн аллагын  хувьд  ч энэ таамаг гарч ирсэн байдаг. Зарим нэг  нь ЗХУ-ын Дотоодыг Хамгаалах Газрын оролцоо байж болно гэсэн таамаглал дэвшүүлж байсан ч  шинжээч судлаачид  энэ нь ямар ч үндэслэлгүй бөгөөд ЗХУ-д ямар ч ашиггүй гэдгийг нэгэн дуугаар зөвшөөрч байсан юм. Харин АНУ-ын Тагнуулын Төв Удирдлагын \ТТУ\ урт гарын тухайд бол хамаагүй олон удаа дурдагдахын зэрэгцээ мэргэжилтнүүд   үгүйсгэдэггүй билээ. Энэтхэгийн дотоод болон гадаад бодлого тухайн бүс орчмын талаарх АНУ-ын  сонирхолтой ихээхэн зөрчилдөж байсан нь нууц биш. Гэвч чухамхүү ТТУ  Гандигийн аллагыг сикхудыг ашиглан зохион байгуулсан гэх баримт нотолгоо байхгүй аж. Байсан ч ил болох  найдвар тун бага л даа.  АНУ-ын ТТУ-с гаргасан  Гандигийн аллагыг  зохион байгуулах нарийвчилсан төлөвлөгөө, түүний дараа  гарах  Энэтхэгийн гадаад бодлогын өөрчлөлтөд Америкийн талаас  үзүүлэх нөлөөллийн   үйл ажиллагааны дэс дарааллын тусгай баримт байдаг тухай  түүх Энэтхэгийн  сэтгүүлчдийн дунд тархмал байдаг. Энэ түүх нь зарим нэг  “эх сурвалжийн мэдээлснээр” хэмээн бичигдэж яригддаг болохоос биш тодорхой  нотолсон баримт байдаггүй ажээ.

       

Сайн хамгаалалттай өндөр албан тушаалтныг зохион байгуулалттайгаар алах ажиллагаа яригдсан нөхцөлд тухай байд буу зэвсэгтэй хамгийн ойрхон дөхөж очих хүнээр ихэвчлэн өөрийнх нь хамгаалагчдаас сонгодог аж. Энэ удаад ч дээрх сонголтыг ашиглажээ. Гандийг тойрон хүрээлэгчид нэг биш удаа ерөнхий сайдыг хамгаалалтын албаа шинэчлэхийг ялангуяа сикх гаралтай хамгаалагч нараа солихыг сануулж байсан ч Ганди шаардлагагүй гэж үзсэн байлаа. Түүний хамгийн итгэлтэй бие хамгаалагчдын нэг сикх гаралтай  Беант Сикх  тус албанд 10 жил зүтгэсэн  нэгэн байжээ. Тэрбээр ерөнхий сайдын хажууд үргэлж ойрхон байдаг нь тэрбээр Гандитай ижил маш ховор цусны  бүлэгтэй байдагтай холбоотой аж.  Гандид халдаж  шархдуулсан  тохиолдолд Беант яаралтай донор болж болох байв.

1984 оны арав дугаар сарын 31-нд Индира Ганди английн телевизийн ярилцлагад орох төлөвлөгөөтэй байжээ. Гандигаас   зүгээр ч нэг сэтгүүлч биш алдарт Питер Устинов ярилцлага авахаар Ерөнхий сайдын  албан ажлын уулзалтын танхимд хүлээж байлаа.  Энэ ярилцлага ерөнхий сайдын хувьд их чухал ярилцлага байсан тул Ганди эмэгтэй хүний хувьд өмсөх хувцсаа их удаан сонгосон гэдэг. Хүрэн туяатай улаан шаргал өнгийн сари сонгон  өмсөн толиныхоо өмнө хэсэг зогсож байснаа сум нэвтэрдэггүй хантаазаа тайлж орхижээ. Гандигийн хувийн эмэгтэй туслахуудын нэг хантаазаа тайлж болохгүйг сануулсан боловч “Хантааз намайг хэтэрхий бүдүүн харагдуулаад байна. Тэгээд би ордны газар дэвсгэрээс гадагшлахгүй шүү дээ” гээд зөрүүдэлжээ.  Ерөнхий сайд  албан уулзалтын байр руугаа очихын тулд   цэцэрлэг дундуур гарах ёстой байлаа.  Цэцэрлэгийн хашааны үүдэн дээр  нөгөө сикх гаралтай  бие хамгаалагч  нэг  цагдаагийн хамт зогсож байжээ. Тэрбээр хашааны хаалга онгойлгож    өгөхөд  Индира  Ганди  эелдгээр  инээмсэглэн  хажуугаар нь өнгөрчээ. Сикх хамгаалагч гар буугаа гаргаж ирэн ерөнхий сайдынхаа араас гурав буудлаа. Газар унах эмэгтэйг   сикх гаралтай  цагдаа дээрээс нь  автомат буугаараа шүрших нь тэр. Дараа нь    Беант  Сикх  “Би  хүссэнээ  хийлээ. Одоо та нар хүссэнээ хий” гэж орилсон ажээ. Индира Ганди газар дээрээ нас барсан юм. Түүний биед хорь гаруй үхлийн сум зоогдсон байлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply to Anonymous Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.