Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТОЙМ: УИХ-ын гишүүд далан булчирхайгаа тоочиж байх хойгуур валютын ханш хяналтаас гарлаа

Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн эрхтэйгээ үлдлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” саналыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 10 нь буюу 62.5 хувь нь дэмжсэн. Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, А.Ундраа, Ё.Баатарбилэг, Д.Оюунхорол, Д.Тэрбишдагва, Д.Ганболд, М.Билэгт нар Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн Ерөнхий сайдыг огцруулах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр, С.Чинзориг, Х.Болорчулуун, Ц.Мөнх-Оргил, Ц.Гарамжав, Н.Амарзаяа, Л.Болд, М.Оюунчимэг, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Ж.Эрдэнэбат, Н.Учрал, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Ч.Улаан, С.Жавхлан, М.Энхболд, С.Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Ж.Мөнхбат, Ж.Батзандан,  Ц.Нямдорж, З.Нарантуяа, Б.Жавхлан, Б.Пүрэвдорж, Т.Аюурсайхан, С.Бямбацогт нарын 50 гишүүн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Ийнхүү бүтэн өдрийн турш хэлэлцсэний эцэст Байнгын хорооноос ирүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцрохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 73 гишүүн оролцсон бөгөөд 54.8 хувь буюу 40 гишүүний саналаар Засгийн газрыг огцрохыг дэмжсэнгүй. Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа авч үлдсэн юм.

Валютын ханшийн өсөлт хяналтаас гарлаа 

Хоёр долоо хоногийн турш валютын ханш огцом савлалаа. Тухайлбал, өнгөрөгч 9 дүгээр сард багш нар ажил хаялт зарлаж байх үед ханш тогтвортой байсан ч сүүлийн үеийн улс төрийн дуулиан шуугиантай холбоотойгоор ам.долларын ханш 100 орчим төгрөгөөр, юанийн ханш 20 орчим төгрөгөөр, рубль 2 төгрөгөөр тус тус өссөн байна.

Уран уургач валютын зах дээр  энэ оны арваннэгдүгээр сарын 01-нд ам.доллар 2564 төгрөгтэй тэнцэж байсан бол 21-нд 2580 төгрөг, харин өнөөдөр 2648 төгрөг болтлоо өсчээ. Мөн юань 370-383 төгрөг, рубль 38.3-41 болтлоо өсчээ. Үүнийг иргэд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэнтэй холбон үзэж байгаа аж. Учир нь улс төрийн байдал тогтворгүй байх тусам валютын ханш савладаг болохыг ченжийн худалдаачид хэлж байлаа.

Энэ сарын эхээр нийт нутгаар цочир хүйтэрч, байгалийн аюулт үзэгдэл болж болүошгүй талаар Цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ

Ойрын өдрүүдэд цаг агаар эрс өөрчлөгдөж, байгалийн аюулт үзэгдэл болж болзошгүй талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тухайлбал, ирэх арванхоёрдугаар сараас эрс хүйтэрч, цасаар шуурах юм байна.

Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгуудаар, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр/секунд, зарим үед 34 метр хүртэл ширүүсч, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтайн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.

Үүний дараа 03-ны өдрөөс эрс хүйтэрч, баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр/секунд хүртэл ширүүсэж, хүчтэй салхитай, цасан болон шороон шуурга шуурна.

02-ноос ихэнх нутгаар өмнөх хоногуудаасаа 10-20 градусаар хүйтний эрч эрс чангарна. Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 38-43 градус, өдөртөө 26-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул гол, Хэрлэн онон, Тэрэлж, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүсийн нутгуудаар өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус болж хүйтрэх юм байна” гэлээ.

Хотын дарга С.Батболд суудлаасаа огцрох хүсэлтээ өгчээ

Улаанбаатар хотын захирагч буюу Нийслэлийн Засаг дарга Су.Батболд албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгчээ. Тэрбээр “Ерөнхий сайдаас миний биеийг огцруулахаар санал гаргасан байна. Нийслэл Улаанбаатар хотын 1.5 сая оршин суугч, иргэдийн төлөө, тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг даргын харилцан хамтын ажиллагаа, ойлголцол нэн чухал тул миний бие цаашид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нөхцөл, боломжийг харгалзан, үүрэгт ажлаас 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс чөлөөлөгдөх хүсэлтийг үүгээр хүргүүлж байна.

Учир нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т нийслэлийн 2019 оны төсвийг 2018 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн дотор батлуулахаар хуульчилсан болно. Иймд нийслэлийн ирэх жилийн төсвийг зохих журмын дагуу батлуулсны дараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэхийг хүсье” гэсэн байна.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогджээ

Энэ сарын 26-27-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэгт байрлах “Вива сити” хороололд 28 настай эмэгтэй Э-г УИХ-ын гишүүн асан Г нь өөрийн найзтайгаа нийлэн хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Өөрөөр хэлбэл, тэд хохирогчийн бүлэглэн хүчиндэхийг завдсан гэх өргөдөл Цагдаагийн байгууллагад ирсэн байна. 

Хохирогч хэрэг болсон өдрийн өглөө Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өөрийн биеэр өргөдөл гаргасан бөгөөд гомдлын дагуу хэрэг бүртгэл нээн, шаардлагатай баримтуудыг хэрэгт хавсаргажээ. 

      0
      Зөв, гоёЗөв, гоё
      0
      Савж уналааСавж уналаа
      0
      Хөөрхөн юмХөөрхөн юм
      0
      ГайхмаарГайхмаар
      0
      БурууБуруу
      0
      ХарамсалтайХарамсалтай
      0
      ТэнэглэлТэнэглэл
      Баярлалаа!

      0 Сэтгэгдэл

      Leave a Reply

      Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

      0 thoughts on “ТОЙМ: УИХ-ын гишүүд далан булчирхайгаа тоочиж байх хойгуур валютын ханш хяналтаас гарлаа

      • Зочин says:

        Хуук ер нь валютын ханшны талаар ойлголт байхгуй , ажил уургийнх нь хурээнд хамаагуй гэж уздэг юм байна билээ. Чуулган дээр тэрийгээ хэлээд л зогсож байсан даа. Энэ бол яг таны хийх ажил гэдгийг хэлээд огох зовлох хун байна уу? Оороо ийм Чапаев шиг байгаа юм зовлохууд нь долоон доор юмнууд байдаг юм болов уу