Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сайд, импортлогч хоёрын хэнийх нь үгийг дагах вэ

Хүүхдүүдийг ханиад хүрэх бүрт виферон лаа хэрэглэхийг санал болгодог эмч нарт саяхнаас эргэлзэх боллоо. Энэ бэлдмэлийг манай улсад анх бүртгэснээс хойш найман жилийн хугацаанд хэрэглэсэн эцэг, эх өчнөөн байна. Өрх, дүүргийн эмнэлгийн хүүхдийн эмч нар “дээрээс” хэн нэгэн тушаасан уу гэлтэй ханиад, хатгалгаа туссан л бол уг лааг хэрэглэхийг зөвлөдөг нь худал биш. Уг нь энэ лааны найрлага дахь интерферон, С, Е аминдэм нь дархлаа дэмжих, вирусийн болон хавдрын эсрэг үйлчлэхээс гадна бие махбод дахь интерфероныг сэргээхэд тустай гэж үзэж байв.

Гэтэл “Виферон лаа нь хүүхдийн дархлааны системийг гэмтээх аюултай. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хассан. Одоо зах зээлээс шахна. Эмчилгээний үр дүнгийнх нь талаар нотолгоо гаргуулах шаардлагатай” гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдсэнээр нийгэмд нэлээд маргаан үүсгээд байна. Тэрбээр “2016-2018 онд ЭМЯ-ны хүсэлтээр Азийн хөгжлийн банк санхүүжүүлэн, “Улсын эмнэлгийн эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах” төсөл хэрэгжүүлэх явцад эмчилгээний үр дүн нь нотлогдоогүй таван төрлийн эмд Эрүүл мэндийн даатгалаас их хэмжээний мөнгө санхүүжүүлж буйг шалгаж өгөхийг хүссэн. Үүний дагуу судалтал вирусийн эсрэг өргөн хэрэглэж буй виферон лаа нь хүүхдийн өвчний эмчилгээний удирдамжид ордоггүй, ялангуяа томуугийн үед хэрэглэхгүй байхыг хүүхдийн эмч нар, мэргэжилтнүүд бидэнд анхааруулсан. Гэтэл даатгалаас энэ эмийг 80 хувь хөнгөлж, өргөн ашиглаж байна. Олон нийт намайг хувийн ашиг сонирхлын үүднээс мэдээлэл хийсэн мэтээр мушгисан. Надад эмнэлэг, эмийн сан, эм хангамжийн чиглэлд нэгээхэн ч бизнес үгүй. Ард иргэдээ, тэр дундаа үр хүүхдүүдээ чанартай, аюулгүй, өндөр үйлчилгээтэй эмээр хангах нь миний үүрэг” гэсэн юм.

Өдгөө Монголын эм, эмийн бүтээгдэхүүний зах зээлд таван тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний виферон лаа худалдаж буй аж. Тиймээс ЭМЯ, холбогдох байгууллагын эмч, мэргэжилтнүүд олны дунд маргаан үүсгээд буй дээрх бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэж болох, эсэх талаар судалж эхэллээ. ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Одоогоор виферон капсулыг уух болон лааг шулуун гэдсээр хэрэглэх нь үр дүнтэй гэсэн хангалттай нотолгоо байхгүй. Олон улсад эмчилгээний үр дүн нь ч тодорхойгүй байна” гэсэн юм. Тэгвэл ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “ДЭМБ, АНУ-ын Өвчний хяналтын төв, Европын хүүхдийн эмч нарын нийгэмлэгийнхэн томуу, томуу төст өвчний үед виферон лааг хэрэглэхийг зөвлөөгүй. Үр дүнгүй гэдэг нь нэгэнт батлагдсан. Манай улс энэ бүтээгдэхүүнийг яагаад ингэж хавтгайруулан хэрэглэх болсныг ойлгохгүй байна. Ханиад, томуугаас сэргийлэхэд хүртэл ашиглаж байгаа нь гайхмаар. ЭХЭМҮТ вифероныг эмчилгээнд ашигладаггүй. Тэгээд ч хүний дархлалын тогтолцоонд хөндлөнгөөс элдэв интервенц хийхийг хориглодог. Сүүлийн жилүүдэд вирусийн эсрэг эм бэлдмэлд нян амархан тэсвэртэй болж байна. Тиймээс дэлхий нийт зохистой хэрэглээг чухалчлах болсон. ДЭМБ томуугийн вирусийн эсрэг эмчилгээнд дөрвөн төрлийн эм хэрэглэхийг зөвлөснөөс ганц нь буюу осельтамивирыг манай улс 2009 онд бүртгэн, ашиглаж дадсан” гэж ярив.

Зарим эрдэмтэн, судлаач “1970 оноос ОХУ-д хэрэглэж ирсэн виферон лаа нь томуугийн вирусийн үед үр дүнгээ өгсөөр ирсэн. Хор хөнөөлгүй”, “Бид мэргэжлийн бус хүнээр удирдуулж буйнхаа горыг амсаж байна”, “Д.Сарангэрэл сайд виферон лааг орлох бүтээгдэхүүн олчихоод түүнийгээ “шахах” гэж улайрч байна”, “Огцруулах хэрэгтэй” гэсэн сэтгэгдлүүд нийгмийн сүлжээнд тархсан. Тэгвэл уг лаа нь манайхны магтаад байгаа шиг тийм ч сайн зүйл огт биш гэдгийг оросууд мэдэгдсэн. Виферон болон дархлаа идэвхжүүлэгч бусад бэлдмэлийг хэрэглэх нь хүний, ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг ОХУ-ын Москва хотын хүүхдийн ерөнхий эмч, дархлаа судлаач нар өнгөрсөн сарын 19-нд ОРТ1 телевизийн нэвтрүүлгийн үеэр мэдээлэв.

Виферон лааг генийн инженерчлэлийн болон биосинтезийн аргаар гаргаж авдаг бөгөөд үүнийг хэрэглэснээр тухайн хүний интерфероны нийлэгжил нь суларч, идэвхгүй болдгийг тогтоожээ. Энгийнээр тайлбарлавал, хүүхдийг хэтдээ дархлаагүй болгох эрсдэлтэй гэнэ. Вифероныг сайн гэж бичсэн орос хэлээрх материал ч олон байдаг юм билээ. Гэвч шинжлэх ухааны сэтгүүлүүдэд сүүлийн 15 жил эл бүтээгдэхүүний талаарх баттай судалгаа нийтлээгүй байна. Олон улсын эрдэмтэд ч үр дүн нь батлагдаагүй, эмчилгээний идэвх нь тодорхойгүй, арилжааны чанартай бүтээгдэхүүн гэж дүгнэх болсон гэх. 150, 500 мянга, нэг, гурван сая тунгаар савласан виферон лааг манай улс 2010 оноос томуу, томуу төст өвчний үед хүүхэд болон жирэмсэн эхчүүд, вирусийн бусад төрлийн халдварын үед хэрэглэж байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд энэ эмийг хүүхэд, томчуулд толгой дараалан шахчихаад одоо эмчилгээний идэвх, үр дүнг нь судалж байгааг үнэндээ ойлгосонгүй.

2016 он хүртэл вифероныг улсын хэмжээнд жоргүй олгож байжээ. Гэнэтхэн жороор худалддаг болонгуутаа даатгалаас 80 хувь хөнгөлүүлж, эмч нар ч “юм” л бол дээрх бэлдмэлийг зөвлөх болсон нь сэжигтэй санагдсаныг нуух юун. ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин био бэлдмэлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн П.Цэцэгээ “Азийн хөгжлийн банкнаас манай улсын эмийн үнэ, бодлого, тогтолцооны талаарх тайлан гаргаж, бидэнд өгсөн. Тус тайланд “Эмчилгээний үр дүн нь тодорхойгүй таван төрлийн эмэнд даатгалаас их хэмжээний мөнгө зарцуулсан байна. Эмийнхээ сонголтод анхаараач” гэсний дагуу судлаж үзлээ. Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг 2016 онд шинэчлэхэд виферон лааг импортлогч “Энто” компани бидэнд хүсэлт тавьсан. Гэтэл энэ лааны бөөний үнэ нь ширхгээр борлуулж байснаасаа өндөр ханштай байсанд бид санал нийлээгүй. 2018 оны хавраас хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад хяналт тавих ажлын хэсэгт би багтсан. Тэгэхэд виферон лааг жортой олгодог болсны дээр даатгалаас дийлэнх хувийг хөнгөлж иржээ. Тухайн үед Эмийн зөвлөлийн хурлаар үүнийг жоргүй олгодог болгосон ч системд засаж оруулаагүйгээс их хэмжээний мөнгө зарцуулсан” гэсэн юм.

Тус яамны Харшил, дархлаа судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, доктор, профессор С.Цогтсайхан “Виферон лаа нь нийлмэл найрлагатай. Е, С аминдэм нь судас бэхжүүлэх үүрэгтэй. Эдгээр нь шулуун гэдэсний хананд шимэгддэг. Тэгвэл лааны найрлага дахь интерферон нь харьцангуй өндөр тунтай, уураг төст бэлдмэл юм. Энэ нь шулуун гэдсээр шимэгддэггүйг шинжлэх ухаанаар баталсан. Интерферон нь байгалийн молекул. Вирусийн халдварт өртсөн үед бусад эрүүл эсээ халдвараас сэргийлэх үйлдэлтэй. Үүнийг эмийн бүтээгдэхүүн хэлбэрээр олон улсад хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, вирусийн халдварын эсрэг тухайн хүний интерферон үгүй болсон үед орлуулах зорилгоор хэрэглэх заалттай. Гэвч эдгээр эмийг зохистой, эмчийн заавраар хэрэглэдэг ч үр дүн нь тийм ч өндөр байдаггүй. Эмчилгээний үр дүнтэй хэсэг нь хүний биед шимэгдэхгүй байгаа нь тодорхой болсон. Олон улсад хүний дархлааг эм, бэлдмэлээр дэмждэггүй. Өөрөөр хэлбэл С, Е аминдэмийг бүдүүн гэдсээр, нэмэлтээр хэрэглэх шаардлагагүй. Хоол хүнсээрээ нөхөх боломжтой” хэмээв.

Виферон лааны гаж нөлөө манайд одоохондоо бүртгэгдээгүй ч алс хэтдээ хүний дархлааны системийг гэмтээдэг гэдэгт гадаад, дотоодын эрдэмтэд санал нэгдэж байна. Тиймээс ЭМЯ, холбогдох албаныхан энэ асуудлыг яаран шийдэхгүй бол хүүхдүүд хохироод үлдэх вий.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.