Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

16 настнууд иргэний андгай өргөв

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны ойн баярын өдөр өчигдөр тохиолоо. 1924 оны намар, өвлийн заагаар Монгол нутгийн өнцөг булан бүрээс 77 төлөөлөгч нийслэл хүрээнд цуглаж, анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. 

Тус хурлаар Үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халан, төрийн эрх барих дээд байгууллагаа ард иргэд нь сонгуулиар бүрдүүлдэг бүгд найрамдах засаглалыг сонгосноо зарлан тунхагласан юм. 

Шинэ Үндсэн хуульд ард олны сонгох, сонгогдох эрхийг албан ёсоор хуульчилж, Монголын газар шороо, эрдэс баялаг нь ард түмний өмч мөн хэмээн зарлаж, угсаа гарал, шашин шүтлэг, нас, хүйс үл ялгаварлан, иргэддээ адил эрх эдлүүлэх, эвлэлдэн нэгдэх, эрдэм боловсролд суралцах гэх мэт улс төрийн ардчилсан тогтолцооны үндэс суурийг тавьсан гэж үздэг.

Монгол Улсын үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлэх цоо шинэ алхам болсон энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. 

Цаашид хэн нэг хүний дур зоргоор биш, олноороо хэлэлцэн зөвшилцөж, шүүн тунгааж шийдвэр гаргадаг парламентын засаглалаа улам боловсронгуй болгон бэхжүүлэх нь ардчилсан ололтоо хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг ямагт дээдлэх, аливаа дарангуйлал, цөөнхийн засаглалаас ангид байж, иргэний ардчилсан нийгэм байгуулах Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн бол “Улс гэрээ тунхагласан энэ өдөр бол эх оронч өвөг дээдсийн хатан зориг, олон цэрэг эрийн халуун амь, монголчууд биднийг сорьсон цадиг түүхийн өмнө бүтэн үлдсэн улс үндэсний дархлааны түүх билээ. Эрх зүйт төрийн өлгий болсон Монгол Улсын иргэд ээ, цэвэр тунгалаг, цэгц шударга Монгол төрийг төлөвшүүлэх үйлсэд эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, улс гэрийнхээ хөгжил дэвшил, ирээдүйн төлөө итгэл төгс хамтдаа хичээн зүтгэцгээе” хэмээн Ерөнхий сайд мэндчилгээндээ онцолжээ.

Эл түүхэн өдрийг тохиолдуулан 16 настнуудын төлөөлөл Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж авдаг уламжлалтай. Монголын залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран 16 дахь удаагаа зохион байгуулсан уг ёслол Улаанбаатар хот, 21 аймагт нэгэн зэрэг болсон бөгөөд 850 гаруй хүүхэд иргэний андгай өргөж, Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагатай иргэн байхаа амлав.

Мөн анх удаа дауны синдромтой буюу оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүдийн төлөөлөл биечлэн эл арга хэмжээнд оролцлоо. Тэднийг төлөөлөн Ерөнхий сайдаас иргэний үнэмлэхээ гардан авсан, нийслэлийн 130 дугаар сургуулийн сурагч Г.Орхоны эмээ Б.Өлзийбаяр “Ач хүүг минь 16 нас хүрч байгааг батламжилж, Монгол Улсын Ерөнхий сайд иргэний үнэмлэхийг нь гардуулсанд туйлын баяртай байна. Миний хүү бусад хүүхэдтэй л адил сурч, хүмүүжиж, хөгжиж байгаа. Энэ ёслолд оролцуулсан нь ч миний хүүг бусдаас дутахгүй ижил, тэгш хөгжиж чадна гэдгийг нотолсон хэрэг” хэмээлээ.

Б.Уран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.