Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байхад нь бүрэлгэсэн гэж Б.Махбалыг буруутгав

– Түүнтэй хамт жолоочийг нь яллагдагчаар татлаа –

Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн юм. Хэргийн гол холбогдогч Б.Махбал анхны мэдүүлэгтээ “Яамны гадна хүмүүс хоорондоо зодолдоод дуусаж байхад нь би гарч, босооч гээд талийгаачийг өшиглөсөн” гэж хэлсэн гэдэг. Хэрэг гарсны дараа тэдний маргаан, зодооны талаар хэвлэлүүд янз бүрээр бичиж байв. Тухайн үед ЗТХЯ-ныхнаас авсан мэдээллээр Б.Махбал нь талийгаачийг “Ажлаа өг” хэмээн шахаж шаардан, бүр хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан ч үндэслэлгүй нь тогтоогджээ. Талийгаачийн найз Т.Сайнжаргал “Өмнө нь хоёр хүний аминд хүрэх шахсан рецедив нөхрийг, өмнөх яамнаасаа хүн хөнөөхөөс наахна хөөгдсөн түүнийг газрын даргаар авч, нэг газрын даргаа алууллаа гэж үү. ЗТЯ-нд байхдаа хүний чих тас хазсан, Уул уурхайн яаманд байхдаа нэг даргаа хэвтэрт ортол нь зодсон” хэмээн бичсэн байсан юм.

Харин албан тушаалаас нь болж аминд хүрсэн гэх мэдээллийг талийгаачийн авга ах Р.Ганхуяг баталж хэвлэлийн хурал хийх үеэрээ “Өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад нь дуудаж авчраад амь насыг нь хөнөөсөн. Энэ бол эрх мэдлийн төлөөх тэмцлээс үүдэлтэй. Дүүг маань хөдөө томилолтоор явж байхад нь С.Дорждагвыг Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байсан” гээд талийгаачийн хэрэглэж байсан гар утасны бичлэгийг сонсгосон. Тус бичлэгт талийгаачийг Б.Махбалын өрөөнд дуудаж байгааг бичиж үлдээсэн байв.

Б.Махбал нь Цагдаагийн дээд сургууль төгсөж, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, офицер. 1994-1998 онд тус хэлтэст ажиллаж байгаад халагдсан юм. Түүнээс хойш хэсэг чимээгүй байж байгаад хэн нэгний татаасаар гэнэт л яамны газрын дарга болж дэвшсэн. Түүнтэй хамт нэг жил төгссөн сонсогч нарын олонх нь өдгөө цагдаагийн хурандаа болсон, газар, хэлтсийн даргаар ажиллаж байгаа” гэсэн юм. “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр МИАТ-ын удирдлага мөнгө угаасан хэрэг гарах үед хамсаатнаар түүний нэр дуулдаж байсан. Дээрх хэргийг шалгаж байх үед МИАТ-ынхан “Гүйцэтгэх захирал Ц.Орхон, коммер эрхэлсэн дэд захирал Ч.Хоролсүрэн нар “БОИНГ-767” онгоц авах гэрээ хийхдээ ЗТБХБЯ-ны газрын дарга Б.Махбалыг АНУ руу дагуулан явж, гэрээ хийхэд байлцуулсан. АНУ-аас ирээд удалгүй шинэ жийп авсан” гэж ярьсан талаар зарим хэвлэлд бичиж байсан аж. Тэрбээр уг хэргийн шүүх хурлын үеэр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Их хэмжээний мөнгө нааш цааш шилжээд байгаа учраас шалгуулахаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан” гэж ярьж байв.

Зарим хэвлэлд түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга болон Зам, тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэтэй ойр нэгэн хэмээн бичиж байв. Тухайлбал, 2008-2012 онд Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын болон Зам, тээврийн бодлогын газрыг толгойлж, төмөр замын трасс батлах зэрэгт хамтран ажиллаж байсан. Улмаар Ц.Дашдорж сайдын үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга байгаад Д.Сумъяабазар сайдын үед ажлаасаа чөлөөлөгдсөн гэдэг.

Сайд Ж.Бат-Эрдэнийг тус салбарын сайд болмогц Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж эхэлсэн. Б.Махбал нь АН-ын, МоАХ фракцынх. Түүнийг нэг яамны газрын даргаас нөгөө яамных руу шууд л үсрэхэд “Ерөнхийлөгч Х.Баттулга ихээхэн дэмжиж, тусалж байсан” гэх яриа байдаг. АТГ-т гаргасан хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тэрбээр хадгаламждаа 117 сая төгрөгтэй, 480 саяын үнэт эдлэлтэй, гурван орон сууц, үйлдвэр үйлчилгээний гурван үл хөдлөх хөрөнгө нь нэг тэрбум 570 саяын үнэлгээтэй, 80 саяар үнэлсэн “Лексус 570” машинтай, эзэмшлийн хоёр газартай, гэр бүлийн жилийн орлого нь 229 сая төгрөгтэй тэнцэнэ” хэмээн мэдүүлсэн талаар хэвлэлүүд бичиж байв.

Юутай ч төрийн яамны газрын дарга ажлын байрандаа хамт ажилладаг нөхрийнхөө амийг бүрэлгэсэн хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж дуусаад энэ сарын 13-нд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлжээ. Б.Махбалыг Эрүүгийн хуулийн 10.1-2.1-д заасан “Онц харгис хэрцгийгээр”, 10.1-2.7 дахь хэсгийн “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” хүний амь бүрэлгэсэн гэж буруутган яллагдагчаар татаад байна. Түүнтэй хамт Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, жолооч Д.Доржпүрэв нарыг дээрх хуулийн 20.16-1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг өдүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм билээ. Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэрийн өмнө “аллагатай” хэмээх бараан “цол” зүүлгэсэн дээрх хэргийг шүүх удахгүй дэнслэх нь.

Бэлтгэсэн: Г.Орчлон

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байхад нь бүрэлгэсэн гэж Б.Махбалыг буруутгав