Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хариуцсан агентлаг нь монгол бичгийн кодчиллыг засахын эсрэг байна уу

Нийслэлд уржигдар болсон “Монгол бичгийн кодчилол 2018” хуралд оролцохоор Хятадын эрдэмтэн Лянг Хай, бүр тодруулбал, монгол бичгийн графетик модел буюу дүрс бүхий загварыг зохион Юникодод бүртгүүлэхээ шахсан “хэргийн эзэн” өөрийн зардлаар Бээжингээс иржээ. 

Юникодын техникийн хороонд монгол бичгийн кодчиллыг хариуцсан сайн дурын мэргэжилтнээр ажилладаг тэрбээр “Энэ хуралд би аль нэг байгууллагыг төлөөлөхөөр ирээгүй юм шүү. Зөвхөн хувь судлаачийн үүднээс монгол бичгийн цахим кодчиллын асуудлыг шийдэхээр монголчууд ямар шийдэл боловсруулсантай танилцах зорилготой ирсэн” хэмээн хэрэг зоригоо дуулгана билээ.

Хар халимаг, хууз сахал, нүдний шилээр “гоёсон” шавилхан биетэй цагаан залуу өөрийн биеэр ирчихээд байхад түүний боловсруулсан графетик моделын талаар асууж шалгаах монгол эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд захаас авхуулаад мундахгүй нь мэдээж. Жаахан дэгсдүүлээд бодоход түүнээс ч илүү эрсдэлтэй нүүр тулж мэдэх байтал тэр эмээж, цааргалалгүй Монголд хөл тавьжээ.

Тэгвэл уг хурал болсон ШУТИС-ийн төв байрнаас ганц км хүрэхгүй зайд орших Холбоо харилцаа, мэдээллийн технологийн газрынхан нэг ч хүнээ ирүүлээгүй гэвэл та бүхэн итгэх үү. Өнгөрсөн оны есдүгээр сард Хөх хотод болсон Юникодын техникийн хорооны хурлаар монгол бичгийн стандарт, кодчиллыг засаж сайжруулах асуудал хурцаар хөндөгдсөнөөс хойш Монголд удаа дараа байгуулсан ажлын хэсгүүдийн сүүлчийнх буюу дөрөв дэхийг нь тус агентлаг ахалж буй юм.

Тэгээд монгол бичгийн хувь заяа, ирээдүйтэй холбоотой асуудлыг бултаараа суугаад хэлэлцэж байхад “Хувийн компанийн зохион байгуулж байгаа хуралд бид оролцох албагүй” гэсэн тэднийх шиг байр суурьтай төрийн байгууллага ганц нэгээр (Стандарт, хэмжил зүйн газрын холбогдох мэргэжилтэн нь Төрийн албаны шалгалттай гээд мөн ирээгүй гэх) тогтсон нь их юм гэж л залбирахаас. 

Монгол бичгийн одоо мөрдөж буй үндэсний стандартыг яаж шинэчилж боловсронгуй болгохыг эл хурлаар давхар хэлэлцэж байхад төрийн гол байгууллагаас төлөөлөл ирээгүй гэсэн үг. Улаанбаатар хотноо ирэх оны дөрөвдүгээр сард болох Юникодын техникийн хорооны хурлаар монгол бичгийн цахим кодчилолд тулгараад буй бэрхшээлтэй асуудлыг эцэслэн шийдэхээс өмнө ар, өвөрмонголчууд нэгдсэн шийдэлд хүрэх бэлтгэлийг хангах, яавал хамгийн зөв хувилбарыг гаргах вэ гэдэгт сэтгэлээ илүүтэй чилээж байгаа нь хэн гэдгийг мэргэн уншигчид эндээс шүүн тунгаах буй за.

Харин хувийн компани гэдэг нь 2003 оноос хойш энэ чиглэлээр ажиллаж, монгол бичгийн хамгийн анхны юникод фонтыг зохиож нээлттэй лицензтэй болгосон “Болор софт”. Өнгөрсөн хавар буюу Үндэсний бичиг үсгийн баяраар Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигаар үүрэг хүлээсэн холбогдох байгууллагуудын нэг нь мөн тэд. 

Түүнчлэн Юникод (дэлхийн бүх бичиг үсгийг компьютерт кодолж оруулах стандартыг боловсруулдаг, олон корпорацуудыг нэгтгэсэн консорциум)-ын монгол бичгийн хөгжүүлэлтийн тал дээрх “Major vendor” буюу гол хөгжүүлэгчдийн нэг гэж явдаг. 

Тийм ч учраас Юникодын техникийн хорооны дарга Лиза Мүүр “Монгол бичгийн кодчилол 2018” хурлын ач холбогдлыг өндрөөр үнэлж, багагүй үр дүн хүлээж буйгаа илэрхийлээд мэндчилгээ дэвшүүлснийг хурлын удирдагч Дэндэвийн Бадарч уншиж танилцуулсан юм. ЮНЕСКО-д Монголыг төлөөлж 15 жил ажилласан тэрбээр “Анх 1991 онд л монгол бичгийн кодчиллын асуудлыг шийдэх тухай саналаа ЮНЕСКО-гоос манайханд тавьж байсан. 

Гэтэл 30-аад жилийн хугацаанд энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй л байна. Монгол бичгийг үр хойчдоо өвлүүлэхийн тулд бид зайлшгүй мэдээллийн технологи ашиглаж, цахим хэрэглээнд нэвтрүүлэх ёстой. Үүний тулд дотооддоо саналаа нэгтгээд, өвөрмонголчуудтай нэг дуу хоолойгоор ярьж байж Юникодынхонтой нүүр тулах учиртай” хэмээн хурлын эхэнд онцолсныг ташрамд дуулгая.

Ийнхүү монгол бичгийн цахим кодчиллын асуудалд хошуу ч, хуруу ч нэмэх эрхтэй байгууллагын зохион байгуулсан хуралд эх хэл соёл, бичиг үсгийнхээ төлөө санаа сэтгэл нэгдсэн төр, хувийн хэвшлийнхэн болон эрдэмтэн судлаач, багш, оюутан, эгэл жирийн хэрэглэгч гээд олон талын төлөөлөл оролцов. 

Төлөөлөгчид Хятадын эрдэмтэн Лянг Хайн зохиосон графетик модел буюу дүрс бүхий загвар, Холбоо харилцаа, мэдээллийн технологийн газрын зөвлөх Б.Энхдалайн боловсруулсан сайжруулсан авиан загвар болон “Болор софт”-ын тунгаамал авиан загвар гэсэн гурван шийдлийг харьцуулан хэлэлцэж, дүгнэлтээ нэгтгэх нь хурлын гол зорилго байлаа. 

Хэдийгээр агентлагаас төлөөлөгч ирээгүй ч өвөрмонголчуудын дэвшүүлээд буй одоогийн шийдлийг илүү сайжруулан боловсруулсан гэх төслийг нь төлөөлөгчдөд хэвлээд тараасан. Харин тэдний боловсруулсан төслийг Лянг Хай “Монгол бичгийн цахим кодчилолд тулгараад буй асуудлын гол гогцоо хаанаа байгааг олж хараагүй, учир дутагдалтай шийдэл” хэмээн дүгнэсэн нь монгол мэргэжилтнүүдийн саналаас ч хол зөрөөгүй юм.

… Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлигийн хэрэгжилт ямархуу байгааг саяхан Иргэний танхимд хэлэлцэхэд үүрэг, чиглэл авсан салбарын яам, агентлаг тэргүүтэй төрийн байгууллагууд “муу сурсан ботгоны ээж” аятай хойгуурхан сууж байгаад дундаас нь талийж одсон гэдэг. “Төрийн ажил явдаг журмаараа явж л байгаа” гэдэг жижүүрийн тайлбар хэлж бөөрөнхийлөөд байлгүй энэ ажил ямар шатандаа яваа, юунаас болоод гацаад байгааг олон түмэнд, сэтгүүлчдэд биш юм гэхэд холбогдох газруудад нь ил тод мэдээлж, гарцаа хайж болдоггүй юм уу…

Тэгвэл графетик моделын хувьд бичвэр цэвэр дүрслэгдэхээс гадна фонт бүтээх нь хялбар, хувилбар сонгогч хэрэглэхгүй давуу талтай ч монгол хэл, бичгийн гол онцлог буюу үсэг, авиа гэсэн ойлголт үгүй болох тул түүний санал төлөөлөгчдөөс тийм ч их дэмжлэг аваагүй.

Гэхдээ л “2000 онд монгол бичгийн юникодын олон улсын стандартыг авиа зүйн зарчимд тулгуурлан баталж бүртгүүлснээс хойш архитектурын болон логикийн, техникийн мэр сэр алдаа байсаар өдий хүрсэн. Монголчууд үнэндээ кодчиллын асуудалд нь анхаарахгүй хаясан. Цаашид монгол бичгийн цахим хэрэглээний олон улсын стандартыг шинэчлэн сайжруулахад хамтраад ажиллана гэж найдаж байна” хэмээсэн хятад эрдэмтний үг “Энэ олон жилийн турш та нар тэгвэл хаана, юу хийж байсан юм бэ” гэж ам асуух шиг санагдсаныг нуух юун.

Ингээд эцэст нь С.Бадрал, Т.Жамъянсүрэн нарын боловсруулсан тунгаамал авиан загварыг төлөөлөгчид шүүн хэлэлцээд, монгол бичиг бол хүн төрөлхтний бичиг үсгийн түүхэн дэх хамгийн дээд сонгодог хэлбэр буюу авиа зүйд захирагдаж бичигддэг онцлогийг нь хамгийн сайн хадгалсан хувилбар гэдэг дээр санал нэгдсэн юм. Одоо энэхүү санал дүгнэлтийг Юникодын техникийн хороо руу явуулах юм билээ. 

Үүнийг мэдэж байгаа учраас Холбоо харилцаа, мэдээллийн технологийн газраас өчигдөр тэдэнд хүргүүлсэн албан бичигтээ “Ерөнхийлөгчийн зарлигаар үүрэг хүлээсэн байгууллагын хувьд бидэнтэй хамтран ажиллаж, манай боловсруулсан монгол бичгийн юникодын сайжруулсан авиан загварын төсөлд саналаа ирүүлнэ үү” гэж дурджээ. Уг нь Б.Энхдалай зөвлөхийн боловсруулсан дээрх төсөлд тэд аль хэдийн саналаа хүргүүлснийг илтгэх нэг хувь бичиг бэлээхэн байх аж. Хамтрах байсан юм бол “Төрийн, хувийн” гэлгүй хуралдаа очоод суухад л уг нь болмоор сон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гарснаас хойш зургаан сар өнгөрсөн тул түүний хэрэгжилт ямархуу байгааг саяхан Иргэний танхимд хэлэлцэхэд үүрэг, чиглэл авсан салбарын яам, агентлаг тэргүүтэй төрийн байгууллагууд “муу сурсан ботгоны ээж” аятай хойгуурхан сууж байгаад дундаас нь талийж одсон гэдэг. 

“Төрийн ажил явдаг журмаараа явж л байгаа” гэдэг жижүүрийн тайлбар хэлж бөөрөнхийлөөд байлгүй энэ ажил ямар шатандаа яваа, юунаас болоод гацаад байгааг олон түмэнд, сэтгүүлчдэд биш юм гэхэд холбогдох газруудад нь ил тод мэдээлж, гарцаа хайж болдоггүй юм уу. “Бид монгол бичгийн цахим кодчиллыг сайжруулахаар ийм шийдэл боловсрууллаа. Ямархуу байна, алдаа мадаг байна уу” гээд мэддэг, чаддаг, хэрэглэдэг хүмүүсээс нь шударгаар асуугаад, нээлттэй санал авчихад юу нь болохгүй байгаа юм бол.

Монгол бичгийг нэгдсэн нэг стандартаар цахим хэрэглээнд нэвтрүүлж, хэн ч, хаанаас ч гар утас, компьютер, таблетаар саадгүй ашигладаг болох нь зөвхөн манайханд хамаатай бус, хүн төрөлхтний бичиг үсгийн түүхэнд гавьяатай зүйл гэдгийг ойлгоогүй яваа бололтой, манай төрийн байгууллага, албан хаагчид. 

Тэр тусмаа 1000 гаруй жилийн түүхтэй бичиг соёлын өвийг тээгч улс байна даа, ирэх хавар Улаанбаатарт болох олон улсын хурлаар бүгд хамтраад асуудлаа нэг мөр цэгцэлчихвэл дэлхийд нүүртэй биш үү. Монгол бичгийн кодчиллын алдаа мадгийг одоо л засаж, цэгцэлж авахгүй бол цаашид улам ч хугацаа алдана гэдгийг учир мэдэх мэргэжилтнүүд сэтгэл зовнин хэлж байна. 

Учир нь энэ асуудлыг цэгцлэхэд олон жилийн өмнөөс анхаарч, сануулж ирсэн Юникодын техникийн хорооны дарга Лиза Мүүр нэг, хоёр жилийн дараачаас өндөр насны тэтгэвэртээ суух гэж буй гэнэ. 2019 оны хавар юникодын стандартын асуудлыг нь эцэслэн шийдлээ гэхэд Facebook, Google, Adobe, Apple, Microsoft, IBM зэрэг программ хангамжийн бүхий л глобал тоглогчийн үйлдлийн системд шинээр нэвтэртлээ 2-3 жил шаардах тул яарах шалтгаан бидэнд улам их ажгуу.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Хариуцсан агентлаг нь монгол бичгийн кодчиллыг засахын эсрэг байна уу

  • Чимгээ says:

    Хугацаа алдалгүй шуурхайлан ажиллах нь чухал байна даа. Та бүхэнд амжилт хүсье. ᠪᠢᠳᠡ ᠪᠦᠭᠦᠳᠡ  ᠶᠢ ᠴᠢᠳᠠᠳᠠᠭ᠃