Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Халдварт шуналаас” эдгээсэн бэлдмэл буюу хээл хахуульгүй Сингапур улс

Надад хоёр зам байсан. Нэг нь хулгай хийж найз нөхөд, үр хүүхэд, гэр бүлээ “Форбс” сэтгүүлийн жагсаалтанд оруулах зам. Ингэхдээ ард түмнээ нүцгэн газартай үлдээх. Хоёр дахь зам нь ард түмэндээ үнэнчээр зүтгэн, эх орноо дэлхийн хөгжингүй орны нэг болгох. Би хоёр дах замыг сонгосон”.

Ли Куан Ю (Сингапур Улсын анхны Ерөнхий сайд)

Авилгалын эсрэг Монгол Улсын хуулинд “Авилга гэдгийг төрийн албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхгүйгээр илрэх эрхзүйн зөрчлийг хэлнэ” гэж заажээ. Энэ бол албан ёсны тодорхойлолт. Бусад улс оронд ч мөн иймэрхүү тодорхойлолттой байдаг байх. 

Харин албан бус хэллэг гэж байдаг аж. “Шан харамж”, “шагнал”, “бэлэг”, “хандив” гээд авилгалыг халхалсан үг олон. Манай оронд бол авилга өгч байгаа нь ч авч байгаа нь ч шууд л “хувь” гэж улаан цайм ярих болоод удаж байгаа. Авилга ганцхан манай оронд тулгараад байгаа зүйл биш. Бас зөвхөн ядуу буурай оронд гардаг зүйл биш ч гарах боломж нь өндөр байдаг аж. Дэлхийн олон оронд тулгараад байгаа эл үзэгдэлтэй тухайн орны төр засаг өөр өөрсдийнхөөрөө тэмцэж байна. Тэрхүү тэмцэлд Сингапур улсын жишээг ихэд татдаг ажээ.

1965 онд тусгаар тогтнолоо олсон Сингапур улсыг эдийн засгийн маш хүнд байдал, олон тооны гэмт бүлэглэлүүд, аалзны тор шиг авилгалд баригдсан төрийн байгууллагууд хүлээж байжээ. Гадны колончлогчдийн импортлон авчирсан хууль тогтоомж тус улсын зохион байгуулалттай гэмт хэргийн өмнө хүчин мөхөсдөж байв. Мөн хүн амын боловсролын түвшин доогуур тул ард түмэн өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж чадахгүй байв.

Энэ амаргүй нөхцөл байдалд Сингапурын удирдагчид эх орноо аврахын тулд хээл хахуулийг устгаж, гэмт бүлэглэлүүдийг үгүй хийх явдал нэн тэргүүний зорилго гэдэгтэй харин санал нэгджээ. Энэ нэгдмэл санаа дэс дараалсан хатуу чанга арга хэмжээнүүдийг эхлүүлэх үндэс болсон аж. 

Албан тушаалтнуудын үйл ажиллагааг дэг журманд оруулж, хүнд суртлыг хөнгөвчилж, ёс суртахууны өндөр жишиг тогтоосон байна. Эл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн тулд Сингапур улс Авилгалын хэргийг мөрдөх товчоо байгуулсан бөгөөд эл байгууллага өдгөө ч үйл ажиллагаагаа явуулдаг аж. Үүний зэрэгцээ хээль хахуулийн хэрэгт холбогдсон этгээдүүдэд оноох эрүүгийн хуулийг чангатгаж, шүүхийн системийн хараат бус байдлыг улам дээшлүүлэн, шүүгчдэд давуу эрх олгон цалинг нь эрс нэмжээ. Үүнээс гадна хээл хахууль өгсөн болон авилгалын хэргийг илрүүлэх ажилд оролцохыг татгалзсан нөхцөлд үзүүлэх эдийн засгийн хориг арга хэмжээг боловсруулсан байна. 

Уг хатуу арга хэмжээнүүд төрийн бүх байгууллагад явагджээ. Жишээ нь тус улсын гаалийн байгууллагын бүх ажилчдыг халсан байдаг. Сингапурын эрх баригчдын тухайн үеийн бодлогын бас нэг онцлог нь эдийн засгийн хөгжилд төрийн оролцоог багасгах, албан хаагчдын цалинг нэмэх, захиргааны мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх явдалтай дээрх хатуу арга хэмжээнүүд уялдаж байсанд оршдог.

Өнөөдөр Сингапур улс эдийн засгийн хөгжлөөрөө, хүн амын амьжиргааны түвшнээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд явахаас гадна авилгалын индекс нь ч өндөр (индекс өндөр байх тусам авилгал бага гэсэн үзүүлэлт) орны тоонд орж байна. Ийм үр дүнд хүрэхээсээ өмнө Сингапур Улс нэн тэргүүнд авилгалтай тэмцэх стратегийг сайтар боловсруулжээ. Авилгалтай тэмцэх өмнөх хууль учир дутагдалтай, сул хууль байв. Үүний сацуу хуулийн байгууллагын ажилчдад өөрсдийн үүргийг үр ашигтай гүйцэтгэх хангалттай эрх олгогдоогүй байлаа. Дээрээс нь төрийн албан тушаалтны цалин хувийн байгууллагынхаас хамаагүй бага тул тэдний ихэнх нь хээл хахуулийн хэрэгт орооцолдож албан тушаалаа хувийн ашиг сонирхолдоо ашиглаж байсан болохоор авилгалын хэргийг илрүүлэхэд тун хүндрэлтэй байж.

“Гаалийхан мөнгөөр ачаа тээврийг хилээр хурдан оруулж гаргаж, Төвийн хангамжийн албаны хүмүүс сонирхсон этгээдүүдэд тодорхой шан харамжаар тендерийн мэдээллийг өгч, Гадаад, дотоод худалдааны газрынхан хээль хахуулиар зөвшөөрөл олгож, худалдагдсан байцаагчид дүрэм горимын зөрчлийг хараагүй мэт өнгөрч, сургуулийн багш нар бичиг хэргийн компаниудаас хувь авах зэрэг” бидэнд маш танил дүр зураг тухайн үеийн Сингапурт цэцэглэж байлаа. 

Төрийн хүчийг хувийн эрх ашгийн төлөө хувиргахдаа хүний оюун ухаан юутай хурц болном бэ. Шинэ засгийн газрын авилгалтай тэмцэх стратегийн эхний алхам нь авилгалыг нийтээрээ үзэн ядсан, нээлттэй шударга уур амьсгалыг нийгэмдээ бий болгох явдал байв. Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю хамтран зүтгэгчдээрээ ихэвчлэн “баруунд, тодруулбал Англид боловсрол эзэмшсэн, үндэстний хөрөнгөтнүүдийг сонгожээ. Тэд төрийн биш өөрсдийн хөрөнгөөр элбэг амьдарч чадах улсууд байжээ. Хувийн ашиг сонирхол хардаггүй шударга сайд нар ажилчид, албан хаагчдынхаа хүндлэлийг хүлээхийн зэрэгцээ тэдэнд үлгэр дуриалал болж эхэлсэн байна. Сингапур Улсын шинэ Засгийн газар эх орноо Зүүн өмнөд Азийн худалдаа санхүүгийн төв болгож, гадны хөрөнгө оруулагч нарын сонирхлыг татах эцсийн зорилго агуулан урагшилжээ.

Уг зорилгодоо хүрэхийн тулд Сингапур Улс хууль цаазыг дээдлэн түүний өмнө бүх хүн тэгш эрхтэй гэсэн зарчмыг баримтлах болов. 1960 онд Сингапурын засгийн газар “Авилгалаас урьдчилан сэргийлэх” хуулийг боловсруулан баталжээ. Уг хүүлийн хүрээнд төрийн олон дамжлагыг цөөлж, шийдвэр гаргах процедурыг илүү хялбарчилж, зөвшөөрөл болон лицензын олголтыг бүр мөсөн байхгүй болгожээ.

Мөн хоёрдмол утгатай бүх хуулийг энгийн ойлгомжтой дүрмээр сольсон байна. Авилгалын эсрэг өмнөх хуулинд хээль хахууль гэж нэг л үгээр тодорхойлдог байсныг “авилгалын шан” гэсэн нэрээр сольсон бөгөөд тэрхүү шан янз бүрийн хэлбэртэй байж болох аж. Жишээ нь мөнгө болон ямар ч хамаагүй бэлэг сэлт, хураамж, зээл, шагнал, татвар, үнэт цаас, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө эсвэл тэндээс хувь эзэмших гэсэн нэг хэлбэр. Ямар нэгэн албан тушаал, ажил, гэрээ зэрэг хоёр дахь хэлбэр. Эсвэл ямар нэгэн төлбөр, өр зээлээс суллах, зээлийн батлан даалт гээд олон хэлбэр төрлийг нарийвчлан гаргажээ. Үүний зэрэгцээ авилгалын үйлдлийг мөн нарийвчлан томъёлсон байна.

Үүнээс гадна “Авилгалын хэргийг мөрдөх товчоо”-г бие даасан хараат бус болгон онцгой эрх олгожээ. Уг товчооны үндсэн үүрэг нь улсын болон хувийн байгууллагад гарсан авилгалын хэргийн талаарх гаргасан гомдлыг мөрдөн шалгах, төрийн албан хаагчдын хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж гаргасан алдааг мөн хэрхэн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буйг шалгах явдал байв. Энэ нь Прокурорын байгууллагын хийх ажил мэт харагдах боловч хэрэгжүүлэх арга барилын хувьд ялгаатай аж. 

“Авилгалын хэргийн мөрдөх товчоо” улсын прокуророос илүү эрх мэдэлтэй байсанд ялгаа нь оршиж байв. Товчоо прокурорын зөвшөөрөл болон шүүхийн шийдвэргүйгээр хуульд заасан үндэслэл байгаа нөхцөлд хэнийг ч, ямар ч байгууллагыг шалгах, саатуулах, нэгжлэг хийх эрхтэй аж. Ингэхдээ зөвхөн сэжигтэн этгээдийг төдийгүй түүний ойр дотныхон, хамаатан садан, тэдний банкны данс, санхүүгийн тайланг хүртэл шалгах эрхтэй аж. Үүний сацуу авилгалын хэргийг мөрдөх явцад илэрсэн бусад хэргийг ч мөрдөх эрх тухайн байгууллагад олгосон байна. Эл эрхийнхээ дагуу Товчоо төр засгийн эрх мэдэлтнүүдийг бүрэн эрхийг нь харгалзахгүйгээр мөрдөж эхэлсэн бөгөөд бүр Ерөнхий сайдын авилгалын хэрэгт холбогдсон ойрын хамаатнуудыг хүртэл шалгасан тохиолдол байдаг.

Ерөнхий сайд Ли Куан Югийн хэлсэн “Хэрэв та авилгалыг ялан дийлэхийг хүсэж байгаа бол найз нөхөд, тэр бүү хэл гэр бүлээ шоронд хийхэд бэлэн бай” гэсэн алдартай үг энэ үед гарчээ. “Байгаль орчны сайд байсан миний дотны анд Ви Тун Бун 1975 онд гэр бүлийн хамт Индонез Улсад явахад, түүний зардлыг нэгэн барилгын компани даасан байдаг. Ви Тун Бун тэрхүү компаний ашиг сонирхлыг засгийн газрын өмнө хамгаалдаг байжээ. Тэрээр уг үйлчилгээнийхээ хөлсөнд тухайн компаниас 500,0 мянган сингапур долларын (SGD) үнэтэй хувийн байшин авч, хөрөнгийн зах зээлд эргэлдүүлэх зорилгоор 300,0 мянган SGD банкнаас өөрийн эцгийн нэр дээр зээл авахдаа тус компаниар хөрөнгийн баталгааг гаргуулжээ.

Надад түүний өөрийнхөө буруугүйг батлах гэсэн үнэмшил муутай оролдлогыг сонсож суух үнэхээр хэцүү байсан. Ви Тун Бун зохих ялаа аваад шоронд орсон. Дараа нь тэрбээр давж заалдсан боловч шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн дээ” гэж Сингапурын анхны Ерөнхий сайд дурссан байдаг.

Бизнесийн орчинг цэвэр байлгах үүднээс хувийн сеторыг ч шалгах эрх дээрх товчоонд байдаг аж. Бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах эсвэл худалдахын тулд ямар нэгэн шан харамж, авилгал өгсөн, санал болгосон эсвэл авсан ямар ч этгээд хуулийн дагуу торгууль хүлээх, бүр цаашлаад тодорхой хугацагаар шоронд хоригдох хүртэл ялтай аж. Мөн өөр хүний өмнөөс авилгал өгсөн, авсан этгээд ч ялгаагүй ижилхэн хуулийн хариуцлага хүлээдэг байна.

Шүүгчдийн танхимыг хамгийн мундаг өмгөөлөгчдөөр бүрдүүлэн жилд авах цалинг нь хэдэн зуун мянган доллар хүртэл өсгөжээ. Мөн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын цалинг хувийн компанийн топ менежерүүдийн цалинтай тэнцүүлсэн байна. Энэ нь нэг талаас авилгалаас сэргийлж нөгөө талаас сайн боловсон хүчнээ хувийн секторт алдахгүй байх үүднээс хийсэн бодлого ажээ. 1990 оны сүүл гэхэд Сингапурын төрийн албан хаагчид дэлхийн хамгийн өндөр цалинтай төрийн ажилчид болжээ.

Авилгалтай тэмцэх стратегийн бас нэг чухал хэсэг нь захиргааны үйл ажиллагаа байлаа. Ямарваа албан хаагч авилгалын хэрэгт холбогдсон ямар нэгэн мэдээлэл илрэх юм бол тухайн ажилтан тодорхой хариуцлагаа хүлээнэ. Хэрэв эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай баримт үгүй нөхцөлд тухайн албан хаагчийг ажлаас нь халах, албан тушаалыг нь бууруулах, цалинг нь хасах, тэтгэвэр тэтгэмжгүй болгох зэрэг захиргааны арга хэмжээ авдаг аж. Үүний зэрэгцээ байгууллагын албан тушаалтнуудыг авилгалын хэрэгт холбогдохоос урьдчилсан арга хэмжээнүүдийг ихээр авч байлаа. 

Тодорхой албан тушаалтныг өөр хүнээр солих, авилгал авч болзошгүй тодорхой ажлын байрны болон байгууллагын ажлын зохион байгуулалтыг өөрчлөх, байгууллагын үйл ажиллагаанд энгийн иргэдийн хяналтыг өргөнөөр ашиглах, ажил хэргийн холбоотой байгууллага болон хүмүүстэй хувийн харьцаа тогтоох, гэрээ хэлэлцээр хийхээс өмнө хээль хахууль өгсөн нөхцөлд гэрээ цуцлагдахыг нөгөө талд анхааруулах, ажилчдынхаа цалинд байнга дүгнэлт хийж, тэдгээрийн өр зээлгүй байдлыг анхаарах зэрэг захиргааны дүрэм журам авилгалтай тэмцэхэд маш их үр дүнгээ өгсөн аж. Үүнээс гадна Сингапур Авилгалын эсрэг хуулиндаа цоорхой гаргахгүйн үүднээс цаг үед нь тааруулан нэмэлт өөрчлөлт байнга оруулдаг байна.

1960-70 онд тогтоосон өндөр торгуулийн болон хатуу бүр харгис ч гэмээр шийтгэлийн систем нь одоо ч үйлчилсэн хэвээр аж. Эл системийн ачаар Сингапур улс зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийгээ бүрэн устгаж чаджээ. Хүн амины хэрэг, эх орноосоо урвах, дээрэм, худал мэдүүлэх, хар тамхины хууль бус наймаа эдгээр гэмт хэрэг Сингапурт цаазын ялтай. 

Мөн тус улс ташуурдах хэлбэрийн шийтгэлтэйгээрээ онцлог. Жишээ нь согтуугаараа автотэврийн осол гаргаж үр дүнд нь хүний амь эрсэдсэн тохиолдолд буруутан этгээд хэдэн жилээр шоронд суугаад зогсохгүй заавал ч үгүй 10 удаа ташуурдуулдаг аж. Эл шийтгэл тун ч их өвтгөдөг аж. Харин сүүлийн үед эл шийтгэлийг 18-50 насны эрчүүдэд ноогдуулахаар өөрчилсөн байна. Сингапурыг “хорионы хот” ч хэмээн нэрлэдэг. Олон нийтийн газар тамхи татах, бохь зажлах, автобус, метронд юм идэх гээд түм живаа хорио байдаг аж. Одоо Сингапур Улс Люксенбургийн дараа дэлхийн хамгийн аюулгүй тайван орны тоонд орж байна.

4 сая хүн амтай аралын бяцхан энэ орон дэлхий нийтэд яаж улс төрийн хат, авилгалын эсрэг үр дүнтэй хууль тогтоомж, хараат бус худалдашгүй агентлагын хүчээр хэдхэн жилийн дотор ийм өндөр хөгжилд хүрч, авилгалаас ангижирч болдгийг харуулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on ““Халдварт шуналаас” эдгээсэн бэлдмэл буюу хээл хахуульгүй Сингапур улс