Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Парист дэлхийн удирдагчид уулзаж байна

Парист Дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэж байна. Уг арга хэмжээнд улс орны удирдагчид болон олон улсын байгууллагын тэргүүн нар оролцож байна. Дэлхийн удирдагчдыг Францын Ерөнхийлөгч Э.Макрон гэргий Брижитын хамт Елисейн ордны гадаа хүлээж авлаа. Чех, Израиль, Грек, Армени улсын тэргүүн нар болон Еврокомиссын тэргүүлэгч Жан Клод Юнкер хамгийн түрүүнд ирцгээсэн байна.

Уг арга хэмжээний албан ёсны нээлт Ялалтын хаалганы дэргэд нэг минутын хүндэтгэлээр эхэлсэн бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин заншил ёсоор хожимдон дэлхийн удирдагчдыг ахиад л хүлээлгэжээ. Дэлхийн дайнд оролцсон орнуудын цэрэг эрсийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч гэргийн хамт оролцоогүй бөгөөд үүнийг цагаан ордныхон бороотой холбож тайлбарлажээ.

Д.Трампын уг үйлдлийг америкчууд “Дайнд амиа алдсан цэрэг эрсийнхээ дурсгалыг хүндэтгэхгүй ерөнхийлөгчтэй байгаадаа туйлын их харамсаж байна” хэмээн шүүмжилж байна.

Тэр өдөртөө зочид Елисейн ордонд нөхөрсөг зоог барьцгаасан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нар нэг ширээнд сууж таарчээ. Мөн тэдэнтэй цуг Францын тэргүүн Э.Макрон болон Еврокомиссын тэргүүлэгч Жан Клод Юнкер нар суусан байна. Эл албан бус нөхцөлд улс орны удирдагчид зарим асуудлаар чөлөөтэй ярилцах боломжтой байдаг ч Путин, Трамп хоёр хоорондоо зайтай бие биенийхээ өөдөөс харж суусан тул ярилцаж чадаагүй аж. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин RT France телевизэд өгсөн ярилцлагадаа “Уг арга хэмжээг зохион байгуулагч талын хүсэлтээр ажлын графикийг алдагдуулан ямар нэгэн уулзалт зохион байгуулахгүй гэж ноён Трамптай бид хоёр тохирсон юм. АНУ-ын Ерөнхийлөгчтэй бид Аргентинд болох “Их 20”-ийн талбар дээр уулзах боломжтой” гэж мэдэгдлээ. Ингэхдээ тэрээр дунд болон бага тусгалтай пуужингийн талаарх гэрээнээс Орос биш АНУ татгалзана гээд байгааг онцлохоо мартсангүй.

Энэ үеэр Парис хотод АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын бодлогыг эсэргүүцсэн хэдэн зуун хүний жагсаал боложээ. Жагсагчид “цагаачдад тавтай морил хэмээ”, “хилээ нээ”, “фашизм бол дайн” “Трамп тэнцүү дайн” гэсэн утгатай лоозон барьсан байв. Францын цагдаа аюулгүйн байдлыг дээд зэргээр зохион байгуулсан аж.

Уг дурсгалын арга хэмжээний өмнөхөн Францын ерөнхийлөгч Э.Макрон Europe 1 радио станцад өгсөн ярилцлагадаа Европыг илүү бие даасан батлан хамгаалахтай байхын тулд “европын нэгдсэн хүчирхэг армийг” байгуулахыг уриалан “Бид өөрсдийгөө Хятад, ОХУ тэр байтугай АНУ-аас ч хамгаалах хэрэгтэй” гэсэнд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ихэд дургүйцэн түүний саналыг “дайрч довтолсон өнгөтэй” гэж “Tвиттер” хуудсандаа бичсэн байна. Харин В.Путин Франц Ерөнхийлөгчийн саналыг “дэлхийн олон туйлт байдлыг бэхжүүлэхэд хэрэгтэй үйл явц” хэмээн хүлээн зөвшөөрчээ.

Улс орны тэргүүн нарын уулзалт Парис хотноо болж буй анхны Дэлхийн Чуулган дээр үргэлжилж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.