Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

​Б.ЕСҮЙ: Даам ой тогтоолт сайжруулж, сууж сургадаг


Беларусь улсын Гомель хотод болсон зуун буудалт даамны өсвөр, залуучуудын ДАШТ-ий түргэн тоглолтын охидын 8-10 насны ангилалд алтан медаль хүртсэн Батдаваагийн Есүйтэй ярилцлаа.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс зуун буудалт даамны түргэн тоглолтын төрөлд алтан медаль авчээ. Энэ амжилтад хүрэхэд багш дасгалжуулагчийн нөлөө их байсан нь мэдээж. Дасгалжуулагч багшийгаа танилцуулаач?

-Даамны анхан шатны мэдлэгийг надад 42 дугаар сургуулийн багш О.Энхтүвшин олгосон. Нэг жил түүний удирдлагад хичээллээд гүнзгийрүүлсэн шатны сургалтыг олон улсын хэмжээний мастер Д.Чойжилсүрэн багшаар заалгасан. Багшийнхаа удирдлагад гурван жил хичээллэж байна. Бид олон улсын тэмцээнд хамт явдаг. Багш минь тоглолт бүрийн дараа судалгаа хийж, алдаанаасаа суралцахыг зааж өгдөг юм.

-Багшаасаа ямар үлгэр дуурайл авдаг вэ?

-Маш их бодож, аливаа ажлаа байнга төлөвлөдөг. Ямар нэг тэмцээний өмнө сандрахгүй байхыг бидэнд сануулж, бүх бэлтгэлээ хангасан, эсэхийг лавлаж асуудаг юм. Алдаа гаргавал түүнийгээ богино хугацаанд засаж, эсрэг дайралт хийн хожих боломжийг хайх хэрэгтэй гэж багш маань бидэнд сургадаг. Ийм судалгаа хийхийн тулд олон цаг шаардана. Иймд Д.Чойжилсүрэн багшийгаа их мундаг гэж боддог.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн сүүлчийн өрөгтөө ямар тактик ашиглав?

-Ямар ч нүүдэл хийсэн надад ашигтай, олон тийшээ идэх боломжтой байрлал авахыг хичээж тоглосон. Байрлалаа авчихвал давуу байдал үүснэ. Давуу байдлаас хожно эсвэл тэнцэнэ гэсэн зорилго өвөртөлдөг. Давуу байдлаас хожигдох их харамсалтай. Гэхдээ ийм байрлалаас ихэнхдээ хождог.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны тамирчин байв?

-Эхний хоёр өрөгт Украины тамирчинтай тоглосон. Дараа нь ОХУ, өөрийн улсынхаа гээд олон орны тамирчидтай оноолт таарсан. Тэднээс хамгийн чадварлаг нь Беларусийн тамирчин. Яагаад гэвэл, тэр байрлалаа маш сайн авч, нүүдэл бүрээ хянамгай хийж байсан. Энэ үед багш анхааралтай байхыг сануулж, сэтгэл зүйгээр их дэмжсэн. Тэмцээн бүрийн өмнө “Чи чадна, заавал амжилт гаргана шүү” гэж хэлдэг юм.

-Зуун буудалт даамны төрлөөр хичээллээд удаж байна уу?

-Зургаан настайдаа даам тоглож сурсан. Зуун буудалт даамны сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа ороод хүрэл медаль авснаас хойш энэ спортоор идэвхтэй хичээллэж эхэлсэн. Одоо дөрөв дэх жилдээ даам тоглож байна. Анх аав минь намайг даамтай танилцуулсан. Ах, бэр эгч ч гэсэн энэ спортыг их сонирхдог. Гэр бүлийнхэнтэйгээ чөлөөт цагаараа даам тоглох дуртай.

-Өмнө нь гаргаж байсан амжилтуудаасаа хуваалцаач?

-Польш улсад өнгөрсөн жил зохион байгуулсан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Энэ жил тус тэмцээний түргэн тоглолтын төрөлд есөн өрөг тоглохдоо долоо хожиж, нэг тэнцэн, нэг хожигдож, 15 оноо авснаар алтан медалийн болзол хангалаа.

2015 онд долоон настайдаа Узбекистан улсад болсон зуун буудалт даамны Азийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрөлд алт, бусад хоёр төрлөөс хүрэл медаль хүртсэн. Дараа нь 2016 онд хоёр хүрэл, 2017 онд гурван алт, гурван мөнгө, мөн онд Польш улсад болсон ДАШТ-ээс алт, мөнгө, 2018 оны Хятадад болсон Азийн аваргаас хос мөнгөн медаль хүртсэн.

…Сууж сурах нь анхаарлаа нэг зүйлд хандуулахад тустай учраас хичээлээ амархан ойлгодог. Анхандаа хэцүү санагддаг байсан ч одоо олон цаг суухад ямар ч бэрхшээл байдаггүй. Нэг өрөг тоглоход 4-5 цаг зарцуулдаг. Тэмцээнтэй үед өдөрт хоёр өрөг тоглодог…

-Олон улсын маш олон тэмцээнд оролцсон юм байна шүү дээ. Чиний хувьд манай улсынхаа даамны спортын хөгжил бусад оронтой харьцуулахад ямар түвшинд байна гэж боддог вэ?

-Манай орны даамны хөгжил дунд зэрэг гэж бодож байна. Биднийг дэмжих ямар нэгэн байгууллага байдаггүй. Өөрсдөөсөө мөнгөө гаргаж олон улсын тэмцээнд оролцдог болохоор санхүүгийн хувьд бэрхшээлтэй байнга тулгардаг. Нэг орон руу явахад доод тал нь гурван сая төгрөг зарцуулна. Бусад улсын тамирчдын чадвар янз янз л байдаг. Тэднээс сурах зүйл их бий. Миний бодлоор хамгийн чадварлаг тамирчидтай орны нэг нь Хятад. Тэд дандаа сонгодог байрлалаар тоглодог. Харин оросууд янз бүрийн гараагаар тоглодог юм билээ. Саяын тэмцээнээс зөвхөн өргөө хараад, байрлалаа богино хугацаанд авахад илүү анхаарч ажиллах ёстойгоо ойлгосон. Эсрэг тамирчныхаа нүүдлийг таамаглаж, бодох хэрэгтэй юм билээ.

-Улсынхаа төрийн дуулалыг эгшиглүүлж байхад ямар санагдав?

-Өдийг хүртэл намайг бэлтгэж, дасгалжуулсан багш нартаа маш их баярласан. Байнга тэтгэж, дэмждэг гэр бүлийнхэн, найзууддаа ч гэсэн их талархсан. Шантарсан үед минь тэд байнга урам өгч, ямар нэг тэмцээнд ороход “Заавал медаль аваарай” гэж захидаг. Тэднийхээ итгэлийг алдахгүйн тулд их хичээдэг.

-Яагаад заавал оюун ухааны спортыг сонгож хичээллэсэн юм бэ. Бага насны хүүхдүүд ихэнхдээ дуу, бүжиг л сонирхдог байх?

-Даам тоглохоор ой тогтоолт сайжирдаг. Түүнээс гадна тэвчээртэй, удаан сууж сурдаг болохоор энэ спортыг сонгосон. Сууж сурах нь анхаарлаа нэг зүйлд хандуулахад тустай учраас хичээлээ амархан ойлгодог. Анхандаа хэцүү санагддаг байсан ч одоо олон цаг суухад ямар ч бэрхшээл байдаггүй. Нэг өрөг тоглоход 4-5 цаг зарцуулдаг. Тэмцээнтэй үед өдөрт хоёр өрөг тоглодог. Би олон улсын хэмжээний мастер болохыг мөрөөддөг. Бас бүжиглэх дуртай учир бүжгийн багш болно. Удахгүй бүжгийн дугуйланд явна.

-Хичээл, бэлтгэл хоёроо хэрхэн зохицуулдаг вэ. Их завгүй байдаг гэж сонссон?

-Бага ангидаа даамаар хичээллэх цаг их гардаг байсан. Өнгөрсөн намар “Монген” цогцолбор сургууль руу шилжээд дөрөвдүгээр ангид орсон учраас хичээлдээ анхаарлаа хандуулах ёстой болсон. Сургалтын цаг нэмэгдэж, даамны бэлтгэх хийх нь багассан. Гуравдугаар ангид хичээл эрт тардаг байсан тул орой 20.00-21.00 цаг хүртэл бэлтгэл хийдэг байв. Одоо хичээл өдөр ордог болсон тул бэлтгэлийн байр руугаа очиж амжихгүй л байна.

-Ойрын хугацаанд орохоор төлөвлөсөн тэмцээн бий юү?

-Өсвөрийн үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс бүх төрөлд алтан медаль авахаар бэлдэж байгаа. Улсын аварга болчихвол Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна. Азидаа үндсэн төрөлд түрүүлчихвэл дахиад ДАШТ-д өрсөлдөнө.

-Даам тоглохын хэцүү бас сайхан зүйл нь юу байдаг вэ?

-Нэг бодлого бодох гээд чадахгүй бол маш их шантардаг. Шантарсан үедээ энэ гарааг заавал цээжлэх ёстой, би чадна гэж өөртөө зорилго тавьдаг. Бодлогынхоо хариуг олсны дараа их баярлана. Мөн тэмцээний үеэр оновчтой нүүж хожиход сайхан мэдрэмж төрдөг. Хуучин ангийнхан даам заагаад өг гэж их гуйдаг байсан. Шинэ ангийнхан даам тоглодгийг минь хараахан мэдээгүй байгаа. Би өөрийн мэддэг, чаддаг бүхнээ бусдад зааж өгөх их дуртай.

-ДАШТ-д ороход ямар болзол хангасан байх ёстой вэ?

-Дэлхийн аваргын сорил гэж байдаг. Сорилоо амжилттай өгөх, эсвэл Азийн аварга шалгаруулах тэмцээнээс бүх төрөлд алтан медаль авбал уг тэмцээнд оролцоно. Анх даам тоглож эхлээд гурван сарын дараа улсын аварга болсон. Түүний дараа олон улсын тэмцээнээс хоёр медаль хүртсэн. Зуун буудалт даам 64-ийн үндсэн арбит, блиц гэх мэт олон төрөлтэй. Түүнээс 100-гийн үндсэн төрлөөр тоглох дуртай. Олон хүнтэй өрсөлддөг тул яаж нүүхээ сайн бодох шаардлагатай байдаг. 64-ийн төрөл 100-гаас цөөн хүнтэй болохоор амархан байдаг. Ер нь хэцүү төрөлд өрсөлдөх дуртай.

-Чөлөөт цагаараа даам тоглохоос өөр юу хийдэг вэ?

-Би дугуй унах дуртай. Даалгавраа хийж дуусаад, 2-3 цаг бэлтгэл хийснийхээ дараа гадаа гарч найзуудтайгаа хамт дугуй унахаар толгой сэргэдэг.

Бэлтгэсэн: Г.Жавхлан

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply to Anonymous Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.