Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

​Тегераны эсрэг авах арга хэмжээгээ АНУ зарлалаа

Иран улс эдийн засгийн хүнд хямралтай байгаа энэ үед АНУ хориг арга хэмжээний хоёр дахь багцаа хэрэгжүүлэхээр боллоо. Тус улс хар жагсаалтдаа 700 заалт нэмж оруулахын сацуу Ираны нефтийн импортод хориг тавьж байна.

Уг арга хэмжээ АНУ-ын найман түншээс бусад улсыг хамрах аж. Цаашдаа банк хоорондын SWIFT систем, тэрчлэн Ираны зах зээлд ажиллах гэсэн Европын компаниуд ч хохирол амсаж болзошгүй. Ийм хориг арга хэмжээ авсан нөхцөлд 2014 онд байгуулсан, нефть худалдах тухай Орос, Ираны хэлэлцээр хэрэгжих бололтой.

Тегераны эсрэг хориг арга хэмжээ маргааш хүчин төгөлдөр болохыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгджээ.

“Цөмийн хэлэлцээрийн хүрээнд цуцалсан, Ираны эрчим хүч, усан онгоцны үйлдвэр, ачаа тээвэр, банкны салбарт урьд нь авсан хоригуудыг АНУ сэргээж байна. Эдгээр нь Ираны эдийн засгийн гол салбаруудад цохилт болно” гэж тэрбээр дурдсан байна.

Өөрөөр хэлбэл, Вашингтоны арга хэмжээ нь Ираны эрх баригч дэглэмийг сөрсөн болохоос энэ дэглэмийн улмаас маш их зовж буй иранчуудын эсрэг чиглээгүй болохыг М.Помпео онцлон тэмдэглэв.

“Ийм шалтгаанаар бид хориг арга хэмжээндээ хүнс, хөдөө аж ахуйн бараа, эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг хүмүүнлэгийн салбарын олон бараа, бүтээгдэхүүнийг багтааж байгаагүй, багтаа ч үгүй” хэмээн Төрийн нарийн бичгийн дарга тайлбарлажээ.

Иран улс цөмийн зэвсгээ устгах үүргээ биелүүлээгүй, терроризмыг санхүүжүүлсэн, бүс нутгийнхаа энх тайван, тогтвортой байдалд аюул бий болгосон хэмээн Вашингтон үзэж байна.

Өнгөрсөн наймдугаар сард авсан, эхний багц хориг арга хэмжээ нь Ираны үндэсний валют, өр, алт болон бусад үнэт металлын арилжаа, автомашины салбар, АНУ-д нийлүүлдэг хивс, хүнсний бүтээгдэхүүнийг хамарсан юм.

Америкийн эрх баригчдын гол зорилго нь Ираны нефтийн экспортыг тэглэхэд оршиж байна. Хориг арга хэмжээг сэргээхээр АНУ шийдсэн нь өнгөрсөн тавдугаар сарын эхээр баррель нь 70 доллар байсан нефтийн үнэ аравдугаар сарын эхээр бараг 86 долларт хүрч өсөхөд хүргэсэн.

Гэсэн ч экспортыг ойрын хугацаанд тэглэх боломжгүй. М.Помпеогийн хэлснээр Иранаас авдаг түүхий нефтиэ эрс багасгана гэсэн тохиолдолд найман улсыг АНУ хоригтоо оруулахгүй. Эдгээр улсын нэрс маргааш нийтлэгдэх ч хэвлэлүүд Энэтхэг, Япон, БНСУ, Хятад, Туркийг уг жагсаалтад багтсан хэмээн таамаглажээ.

“Бидэнд санаа зовох шалтгаан байхгүй. Ираны эрэлхэг ард түмний эсрэг АНУ-ын авсан арга хэмжээнүүдийн нэг нь ч хэрэгжих боломжгүй” хэмээн Ираны ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Бахрам Расеми мэдэгдсэн.

Гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэр ямар нэг сөрөг нөлөөгүй байхгүйг Ираны эрх баригчид тэмдэглэж байна. Тус улсын Ерөнхийлөгч Хасан Роухани “Өнгөрсөн дөрвөн сар манай ард түмний хувьд хүнд байсан, дараагийн хэдэн сар ч амаргүй байхыг үгүйсгэхгүй.

Гэсэн ч Засгийн газар хүндрэлийг даван туулахын тулд бололцоотой бүхнээ хийнэ” хэмээн мэдэгджээ. Ираны талаарх АНУ-ын бодлогыг хүлээн зөвшөөрдөггүй түншүүддээ Тегеран урьдын адил найдаж байна.

Тегерантай байгуулсан цөмийн хэлэлцээрт оролцогчдын сайд нар өнгөрсөн есдүгээр сард уулзахдаа Европын Холбооны гишүүн орнууд Ирантай худалдаа хийх механизм боловсруулахаар болсон.

Гэвч тус холбоо улс төрийн түвшинд дэмжиж байгаа ч Ирантай эдийн засгаар талаар хамтран ажиллах бодитой алхам өнөө болтол хийгээгүйг Тегераны Шахид Бехештигийн нэрэмжит их сургуулийн багш Хамидрез Азизи сануулжээ.

Одоо Вашингтон европчуудад хэр хүчтэй шахалт үзүүлэхээс олон зүйл шалтгаалах нь. “Европын Холбоо Ирантай худалдааны тооцоо хийх гэсэн ямар ч механизмын эсрэг Вашингтон түрэмгий арга хэмжээ авна” гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгджээ.

ОХУ ч болзошгүй эрсдэлийг нарийн тооцож байна. Ийм үед 2014 онд байгуулсан нефть худалдан авах тухай Орос, Ираны хэлэлцээрийг хэрэгжүүлж магадгүй гэнэ. Уг баримт бичигт ОХУ Иранаас жилд таван сая тонн нефть худалдаж аваад, оронд Иран Оросын аж үйлдвэрийн барааг худалдан авахаар тусгасан байдаг.

Энэ хөтөлбөр Иранд төлбөрийн эх үүсвэр болж, худалдаагаа өргөжүүлэх боломж олгоно хэмээн ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак “Financial times” сонинд ярилцлага өгөхдөө тэмдэглэсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.