Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

​“Эрдэнэс Тавантолгой”-г хөрөнгө оруулагчдад танилцуулжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид Австрали улсын Мелбурн хотод зохион байгуулж буй “Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт”-д оролцохоор мордсоныг манай сонин мэдээлсэн. Тэд чуулга уулзалтын үеэр буюу өнгөрсөн пүрэв гарагт Монгол Улсын уул уурхайн салбар, төрөөс баримталж буй бодлого, хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжтой төслүүдийг танилцуулах зорилго бүхий “Mongolia@IMARC-2018” форумыг зохион байгуулжээ. Уг форумд Австрали болон бусад улсын 300 гаруй хөрөнгө оруулагч оролцсон байна.

Мөн энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны зарим хэсгийг гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлэн арилжих бэлтгэл ажил, цаашид хэрэгжүүлэх дэд бүтцийн болон боловсруулах үйлдвэрийн төслүүдийн талаар хөрөнгө оруулагчдад танилцуулсан аж. Газар зүйн байршлын хувьд БНХАУ-ын томоохон гангийн үйлдвэрүүдтэй ойр, коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ таатай байгаа зэргийг харгалзан, олон улсын хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн байгууллагууд хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан үзэсгэлэнгийн талбай ажиллуулж, ирэх оны нэгдүгээр улиралд багтаан дотоод, гадаадын хөрөнгийн биржид гаргах IPO-гийн талаар сонирхогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Тус компани IPO хийх дотоодын бэлтгэл ажлыг богино хугацаанд, шуурхай хангахаар ажиллаж байгаа билээ.

Жил бүр зохион байгуулдаг, Ази, Номхон далайн бүс нутаг дахь олон улсын хөрөнгө оруулагчдын хамгийн том арга хэмжээ болох “Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт”-д энэ удаад уул уурхайн салбарын шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч, хөрөнгө оруулагч, түүхий эдийн худалдан авагч, техникийн мэргэжилтэн зэрэг 6000 гаруй хүн оролцож байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.