Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

​Шатахуунаас онцгой татвар хураах шалтгаан байна уу

Эл асуултад хариулт хайх цаг болжээ. Онцгой албан татварын тухай хуульд “Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, автобензин, суудлын автомашинаас онцгой албан татвар хураана” гэж заасан. Энэ хуулийн гол зорилго их хэмжээний татвар хурааж, улсын төсвийн орлогыг нэмэх биш гэж ойлгодог. Бүх төрлийн согтууруулах ундаанд татвар ногдуулж байгаа нь импортыг нь хянах зорилготой. Онцгой албан татварыг нь нэмж, хасах аргаар импортыг нь зохицуулахгүй бол архины хэрэглээ газар авах нь гарцаагүй. Тамхиных ч мөн ялгаагүй. Онцгой албан татвар тогтоохгүй бол үнэ нь хямдраад хэн дуртай нь тамхичин болно.
Улаанбаатарын түгжрэл үнэхээр “толгойны өвчин” болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс онцгой албан татварыг нь нэмэх замаар импортыг нь багасгаж болно. Хос буюу цахилгаан, бензин хөдөлгүүртэй автомашин импортлоход онцгой албан татвар хураадаггүй байлаа. Шатахуун бага зарцуулдаг, “цахилгаан” машины хэрэглээ нэмэгдвэл агаарын бохирдол буурна гэж тооцож, энэ төрлийн татвараас чөлөөлсөн. Гэтэл Улаанбаатар хотын гудамж “Приус” загварын тэргээр дүүрэв. Утааг бууруулахад ч мэдэгдэхүйц нөлөөлж чадаагүй. Тиймээс сүүлийн хоёр жилд “цахилгаан” машины импортоос таван хувиар тооцон, онцгой албан татвар хураадаг боллоо. Энэ бол онцгой албан татварын хуулиар бараа, бүтээгдэхүүний нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөг зохицуулж буй бодит жишээ юм.
Тэгвэл шатахууны импортоос онцгой албан татвар хураах ямар шаардлага байна вэ. Шатахууны хэрэглээг татвараар зохицуулж танах шаардлага манай улсад үндсэндээ байхгүй. Монгол Улс жилд нэг сая гаруй тонн шатахуун хэрэглэдэг. Уул уурхайн олборлолт ихэсвэл шатахууны хэрэглээ нэмэгддэг. Уурхайн экскаватор, хүнд даацын машинууд дизелийн түлших хэмжээгээр зарцуулдаг учраас тэр. Харин уурхайнуудын ажил саарвал шатахууны импорт буурна. Өөрөөр хэлбэл, шатахуун импортлогчид эх орныхоо хэрэгцээнд таарсан хэмжээний шатахуун импортолдог гэсэн үг. Манайх газрын тос боловсруулах үйлдвэртэй байсан бол зах зээлийг нь хамгаалахын тулд татварын бодлогоор зохицуулалт хийж болох. Гэвч манай улс хэрэглээний шатахуунаа бараг 100 хувь ОХУ-аас импортолж байна.
Иймээс шатахуунаас онцгой албан татвар хураах нь төсөвт таван төгрөгийн орлого төвлөрүүлэх үндсэн зорилготой мэт дүр зураг харагдана. Шатахууны онцгой албан татварыг дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ ханш, цаг үеийн нөхцөлтэй уялдуулан тогтоох эрхийг УИХ-аас Засгийн газарт олгосон. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ сүүлийн жилд огцом өссөн. Тиймээс Засгийн газар өргөн хэрэглэдэг А-80, Аи-92 төрлийн шатахууны онцгой албан татварыг одоогоор “тэглээд” байна. Харин бусад төрлийн шатахуунаас онцгой албан татвар хурааж байгаа. Тухайлбал, дизель түлшнээс тонн тутамд нь 280 мянган төгрөгийн онцгой албан татвар хурааж буй. Сангийн яамныхан 2019 онд шатахууны онцгой албан татвараас төсөвт 210 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцсон. Энэ нь төсвийн орлогын хоёрхон хувьтай дүйх мөнгө юм.

Газрын тосны ханш дэлхийн зах зээлд өнгөрсөн жилийн зургадугаар сард баррель нь 45 ам.долларт хэлбэлзэж байсан бол өдгөө 75 “ногоон”-д хүрчээ. Тэгвэл манай улсын зах зээлд шатахууны үнэ нь 200 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. Онцгой албан татварыг нь тэглээгүй бол үүнээс ч илүү нэмэгдэх байсан нь ойлгомжтой. Татвараас чөлөөлөөгүй учраас дизель түлшний үнэ илүүтэй нэмэгдсэн нь мэдээж. Шатахууныхыг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэд бухимдаж байна. Элдэв амлалт, хавтгайруулсан халамж, дэмжлэг татаасаар иргэдийн сэтгэлийг засах дуртай “зусарч” улстөрчид шатахууны үнийг өсгөхгүйн тулд импортлогчдод татаас олгоё гэж “хашхирч” эхлэв. Шатахуун худалдаж авахад дэмжлэг үзүүлж, гол нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компани руу татаасыг нь шилжүүлье гэх “мэргэн санаа” дэвшүүлж сууна.
Төр баруун гараараа онцгой албан татвараар 210 тэрбум төгрөг импортлогчдоос аваад, зүүн гараараа татаас болгон өгөх нь л дээ. Татаас олгохын оронд онцгой албан татварыг тэглэчихэд болох бус уу. Татвар хураагаад дараа тэрийгээ татаасаар олгох нь иргэдээс л үнэлгээ авах гэсэн явуургүй арга мэт. Энэ үед олон нийтийн дундаас шатахуунаас онцгой албан татвар хураахаа больчихвол яасан юм бэ гэсэн “дуу хоолой” сонсогдох болов. Шатахууны хэрэглээг л хянах гээгүй бол татвар хураахаа больчиход гэмгүй. Ингэвэл үнэ нь хямдрах нь ч дамжиггүй. Сангийн яамныхан шатахуунаас онцгой албан татвар хураах гэж улайрдаг нь нууц биш. Төсвийн орлогыг бүрдүүлэх үүрэг хүлээдэг тус байгууллагынхан татвар хурааж болох “амтат зууш”-ийг гараасаа алдах дургүй нь ойлгомжтой. Бензинээс онцгой татвар татаж, багахан мөнгө төсөвтөө нэмэрлэх нь зөвхөн тэдний хэрэг. Харин шатахууны үнэ хямд байх нь нийтийн хэрэг билээ.

Сангийн яамныхан онцгой албан татварыг нэмэх замаар шатахууны үнэ хямдрах боломжийг хааж байсан тохиолдол ч бий. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 2016 онд баррель нь 30 ам.доллараас хямдарсан. Энэ үед манайд нийлүүлэх шатахууны хилийн үнэ хоёр жилийн өмнөхөөсөө хоёр дахин буурсан юм. Тухайлбал, тонн А-80 төрлийн шатахууны хилийн үнэ дунджаар 465, Аи-92-ынх 495, дизель түлшнийх 441 ам.доллартой дүйсэн. Шатахууны үнэ хоёр дахин биш юм гэхэд 20- 30 хувиар хямдрах нөхцөл бүрдсэн байгаа биз. Гэтэл Сангийн яамныхан онцгой албан татвараа огцом нэмчихсэн.
Тухайн үед нэг тонн А-80 төрлийн бензин импортлоход 358, Аи-92-оос 357, дизель түлшнээс 452 мянган төгрөгийн онцгой албан татвар хурааж байсан юм. Татварыг нь нэмчихсэн учраас шатахууны үнэ 100 орчим төгрөгөөр л хямдарсан. Шатахуунаас онцгой албан татвар хураахаа больчихвол үнэ хэн нэгний нөлөөгүй зах зээлийн жамаараа тогтоно. Хилийн үнэ буурвал монголчууд хямд шатахуун хэрэглэнэ. Өсвөл өнөөгийнх шиг үнэтэйг л “шатаана”. Онцгой албан татвар гэгч зохицуулалт газрын тосны үнэ унасан ч хямд шатахуун хэрэглэх боломжийг хааж байгааг анзаарав уу (инфографикаас шатахууны хилийн үнэ, онцгой албан татварын харьцааг харна уу).

Иргэдэд шатахууны үнэ өсчихөөрөө буцаад буурдаггүй гэсэн ойлголт суусан. Ийм ойлголт төрүүлэхэд онцгой албан татвараа нэмээд, үнийг нь бууруулдаггүй Засгийн газрын бодлогын ч оролцоо бий. Төр, импортлогчдын төлөөллийг багтаасан зөвлөл хэлэлцэж, шатахууны үнийг тогтоодог “жаяг” 2011 оноос хойш тогтоод буй. Хэрэв хилийн үнэ хямдарчихаад байхад импортлогчид борлуулах ханшаа бууруулахгүй бол Үнийн зөвлөл шахалт үзүүлж, зохих түвшинд хүргэж болно.
Өөрөөр хэлбэл, импортлогчдод ашигтай, хэрэглэгчдэд боломжтой үнэ тогтооно гэсэн үг. Нөгөөтэйгүүр шатахууны бизнест хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад өрсөлдөөн бий болсон. Одоо энэ зах зээлд монополь компани байхгүй. Улаанбаатарт нэг төрлийн шатахууныг долоон өөр үнээр зарж байгааг энэ салбарынхан дуулгаж байна. Зарим томоохон суманд гурван өөр компанийн шатахуун түгээх станц ажиллаж байгаа. Өрсөлдөөн бий болсныг дээрх баримт илтгэнэ. Өрсөлдөөн байгаа газар үйлчилгээ сайжирч, үнэ хямдардаг нь бизнесийн бичигдээгүй хууль билээ. Шатахуунаас онцгой татвар хураах шалтгаан байна уу. Газрын тосны дэлхийн зах зээл дэх ханштай уялдсан, өрсөлдөөний дүнд тогтсон үнэтэй илүү хямд шатахуун хэрэглэхийг хүсэж буй бол онцгой албан татвар хураах шалтгаан алга.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.