Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Урд хөрш маань өөрсдөө ч хүнсний аюулгүй байдлаа хянаж чаддаггүй”

Өөртөө болон өрөөлд эргэлзэхэд хүргэдэг зүйл бол хүнсний аюулгүй байдал. Харин энэ тал дээр санаа тавьж бидний хүнсийг хоол, хор хоёрын алин болохыг ялгаж өгдөг газар бол Мэргэжлийн хяналтын газар билээ. Тэгвэл НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуштай үйлдвэрлэл үйлчилгээнд хэрхэн хяналт шалгалт хийдэг талаар ярилцлаа.

-Мэдээллийн их урсгал дунд хоол хүнсний талаар бүрхэг мэдээллүүд ард иргэдийн санааг зовоогоод байна. Ялангуяа импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүн дунд зургаан хөлтэй тахиа, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн, шавж болон бидний мэдэхгүй холигч бодисоор хийсэн идэхэд хэцүү зүйлс орж ирдэг гэсэн мэдээлэл ам дамжсаар байдаг. Тэгвэл та бүхэн хяналт шалгалтаа хэрхэн явуулдаг вэ?

-Бид импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүддээ эрсдэлийн үнэлгээ хийдэг. Иргэдийн дунд шуугиад байгаа зарим нэг мэдээллийг тодруулах зорилгоор үе үе төлөвлөгөөгүй үнэлгээ хийх нь бий. Энэ хүрээнд шалгалтын баг гаднын экспортлогч оронд очиж, үйлдвэртэй танилцаад ирдэг. Мэдээж эрсдэлийн үнэлгээгээр эерэг хариу авсан бүтээгдэхүүнүүд гаалиар орж ирнэ. Гэвч монголын хилийг давж байгаа бүхэн эрүүл аюулгүй гэж хэлэх боломжгүй. Бид шалгах ч аргагүй. Яагаад гэвэл иргэд өөрсдийн хувийн хэрэглээндаа авч ирж байгаа гэх нэрийдлээр чанар стандарт хангаагүй бүтээгдэхүүн их хэмжээгээр оруулж ирдэг. Хувь хүний авч буй зүйлсийг хязгаарлах эрх бидэнд байхгүй шүү дээ. Тийм болохоор албан ёсоор баталгаажаагүй, хувь хүний гар дээрээс худалдан авалт хийх нь эрсдэлтэй гэж анхааруулаад байдаг учир нь энэ юм.

-Тэгвэл эрсдэлийн үнэлгээгээр орсон л бол 100 хувь аюулгүй гэж ойлгож болох уу?

-Бид хаяг, баглаа, боодол, үйлдвэрлэгч байгууллагын ариун цэвэр, орц найрлага гээд наад захын чанар стандартад нийцэж буй эсэхийг хянадаг. Гэхдээ шалгалтаар стандартад нийцэхгүй үйлдвэрлэгчид ч их таардаг. Ялангуяа биднийг хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг гол экспортлогч орон БНХАУ бол асар том зах зээлтэй тул өөрсдөө ч хүнсний аюулгүй байдлаа хянаж чаддаггүй. Хяналтгүй зах зээлээс хянаж бараа бүтээгдэхүүн оруулж ирнэ гэдэг төвөгтэй. Бид хянах боловч ард иргэд хянахгүй байна.

– Хамгийн сүүлд ямар зөрчил гарч, хэрхэн ажилласан бэ?

-Сүүлд Замын-Үүдийн боомтын лабораторийн шинжилгээгээр Шинэ Зеланд улсаас импортолсон жимс, жимсгэнэ шаардлага хангаагүй тул экспорлогч улсад нь буцаасан. Нийт 48 зөрчил илрүүлснээс хаяг шошгын зөрчилтэй, дагалдах бичиг баримтгүй, гарал үүсэл тодорхойгүй 9,1 тонн бүтээгдэхүүн байсан. Тодруулбал 5,07 тонн өнгөт үрэл, чихэр, 305 кг гахайн мах, 3,2 тонн гахайн тэжээл, 80 кг улаан чавга, 980 кг маргарин зэргийг хурааж, найман нэр төрлийн 133 ширхэг эмийг буцаасан.

-Тэгвэл чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаа нь тогтоогдвол ямар арга хэмжээ авдаг вэ?

-Хэрэглэгчийг төөрөгдүүлж, хаяг шошго он сарыг сольсон ААН-д 50 сая төгрөгийн торгууль ногдуулдаг. Харин хувь хүнийг 300 мянган төгрөгөөр торгож, хохирлыг барагдуулдаг.

Ярилцсанд баярлалаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.