Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрөл арилжсан мэт төрийн албатай болох хүлээлт

Ээлжит сонгуулийн дараа ёс юм шиг бужигнадаг болчихсон төрийн алба энэ жилээс хөдөлгөөнд орох гээд байна уу. Ийм нэг эргэлзээ дагуулсан асуулт, төрийн албаны халаа сэлгээг сонгуулийн дараа биш, өмнө хийх нь гэсэн хардлага Төрийн албаны тухай шинэ хуулиас улбаатай аж. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх энэ хууль төрийн албыг тогтвортой, тэр бүр бужигнаад байхааргүй болгоно гэсэн өндөр хүлээлт нэгэнт бий болжээ. Төрийн албанд хөл тавихаас нь авхуулаад ажлаас чөлөөлөх, дэвшүүлэх гээд бүх л шатанд мерит зарчим буюу зөвхөн хувь хүний мэргэжил, боловсрол, ур чадвар, туршлага, ажлын үр дүнг нь харгалздаг болох гэж буй учраас тэр. Өөрөөр хэлбэл, мэргэжилтнээс ахлах мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээс хэлтсийн дарга, хэлтсийн даргаас газрын дарга, газрын даргаас Төрийн нарийн бичгийн дарга зэргээр шатлан дэвшдэг, хатуу, шударга зарчим хаалга цохин айсуй.

Төрийн захиргааны тэргүүн зэргийн албан тушаал болох Төрийн нарийн бичгийн дарга гэхэд л төрд 16-гаас доошгүй жил зүтгэсэн, ингэхдээ яаманд газрын даргаар дор хаяж найман жил ажилласан байхыг уг хуулиар шаардаж байгаа юм. Улстөрчийн цүнх барьж гүйдэг, албан тушаалтны ах дүү, амраг садан хэнбугай ч төрийн албаны том дарга болон шууд дэвшдэг цаг ард хоцрох нь. Тиймээс ч өдгөө төрийн албанд зүтгэж буй зарим нь байр сууриа бэхжүүлж, зэрэг, дэв ахих сиймхийг анзаарч сууна. Одоогоор ажилгүй, эсвэл бусад салбарт хөдөлмөрлөж буй хүмүүсийн дунд ч 2018 ондоо багтаад төрийн албан хаагч болчих гэсэн хүсэл эрмэлзэл нэмэгдсэн нь илт. Угаас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэхдээ түүнийг тогтвортой болгож, нэр хүндийг нь сэргээх зорилго агуулсан юм болохоор одоо үүнийг амжилттай хэрэгжүүлэх нь л чухал. Учир нь шатлан дэвших мерит зарчим одоогийн хуульд ч бий, уг нь. Гагцхүү ягштал мөрдөж чадаагүй.

Хамгийн сүүлийн, албан ёсны дүн, мэдээгээр манай төрд 192.5 мянган хүн ажиллаж байна. Энэ нь 20 жилийн өмнөхөөс даруй 50 гаруй мянгаар нэмэгдсэн үзүүлэлт. Төрийн алба данхайж буйг нотлох нэгээхэн тоо нь энэ. Шинэ хуулийг мөрдсөнөөр албан хаагчдыг шууд халж, цомхотгохгүй ч цомхон, чадварлаг төрийн албатай болох бодлого эндээс эхэлнэ хэмээн найдаж байна. Гэхдээ жил тутам шинээр ашиглалтад оруулж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэтэд ажиллах үйлчилгээний албан хаагчдын тоо төрийг томруулж буйг бас хүлээн зөвшөөрөх учиртай. Тиймээс төрийн захиргааны албан хаагчид, дарга нарын тоо нэмэгдэж байгаа, эсэхэд хуультай хамт хяналт тавих болох нь. Учир нь төрийн захиргааны болон улс төрийн албаныхны төрд эзлэх хувь, хэмжээ бага ч 2008 оноос хойш тасралтгүй нэмэгдсэн байна. Ялангуяа 2008-2014 он тус бүрт улс төрийн албан хаагчийн эгнээ 100 хүнээр нэмэгдсэн бол 2016-2017 онд даруй 400 хүнээр бүл нэмснийг онцолъё.

Үүнээс гадна төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь тогтоогдвол түүний ажилгүй байсан хугацааны цалин, шимтгэлийг төр бус, шийдвэр гаргасан буруутай албан тушаалтан хариуцахаар болж буй. Сүүлийн жилүүдэд тэрбум, тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдыг хууль бусаар халсны нөхөн төлбөр болгон олгож иржээ. Мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээд шинэ хуулийн дагуу төрийн албаны хаалгаар шагайх ч эрхгүй болно. Түүнчлэн төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, хангамжийг уг хуулиар дээшлүүлж буй юм билээ. Ийнхүү албан хаагчдадаа хариуцлага үүрүүлсэн шиг үүрүүлж, харж үзсэн шиг харж үзнэ гэж найдаж буй шинэ хууль төрийн албыг төрөл арилжуулж чадах, эсэхийг харж, хянах үүрэг л үлдэж байна, бидэнд.

БАЙР СУУРЬ

Төрийн албан хаагч мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэх хэрэгтэй

С.БАТМӨНХ (Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн):

-Төрийн нэрийн өмнөөс иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэй, тодорхой алба хашсан хүнийг төрийн албан хаагч гэдэг. Төрийн ажил эрхлэгч дүрэм журмаа мэддэг, түүнийгээ баримтлан, аливаа ашиг сонирхлоос ангид, тодорхой ёс зүйтэй, мэргэшсэн боловсон хүчин байх ёстой гэж би боддог. Тодорхой нөхцөл, цаг хугацааны хүчин зүйлээс шалтгаалж хууль тогтоомжоо өөрчлөн, боловсронгуй болгодог. Шинэчилсэн хуультай хараахан танилцаж амжаагүй учир тодорхой мэдээлэл надад алга. Уг хуулийг төрийн албан хаагчийн ажлыг зохицуулах, боловсронгуй болгох тал руу улам нарийвчлан, шинэчилсэн гэж бодож байна. Байгууллага, албан хаагчийн үйл ажиллагааг дээрх хуулиар зохицуулдаг.

Төрийн албыг хашсан хүмүүс хаа нэг ёс зүйгүй үйлдэл гаргадгийг үгүйсгэхгүй. Гэхдээ нийтээрээ тийм биш. Төрийн албан хаагч мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн зөрчил, дутагдал гаргахгүйгээр хууль тогтоомжийн хүрээнд ажлаа хийх ёстой.

Төрийн албаны тухай хуулийн талаар төрийн зарим албан тушаалтан ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Төрийн албыг хувийн ашиг сонирхлоос ангид байлгах зарчим алдагдана

Г.СҮХ-ОЧИР (АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар):

-УИХ 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Төрийн албаны тухай энэ хуулийн зорилт нь энэ албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, тус албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж байгаа. Энэ хуулийг дагалдуулан зарим хуульд өөрчлөлт оруулахаар болсны нэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль.

Уг хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж, төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах явдал юм. Төрийн алба ил тод, чадварлаг, хувийн ашиг сонирхлоос ангид, төр цэвэр байх зарчмыг хангахад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн одоогийн 23.7 дахь заалт тун чухал үүрэгтэй.

Гэтэл уг хуулийн амин сүнс болсон энэ заалтыг дээрх Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлахдаа дагалдуулан өөрчилсөн нь төрийн албыг ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх хуулийн зарчмаасаа ухарсан хэрэг гэж үзэж болно. Энэ зарчмыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.7 дахь “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэсэн одоогийн заалт хадгалдаг.

Гэтэл Төрийн албаны тухай хуультай холбогдуулж дээрх заалтыг өөрчлөн найруулахдаа 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол АТГ илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана” гэж өөрчлөн найруулаад 23.9 дэх “Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд энэ хуулийн наймдугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох, эсэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”. 23.10-т “23.9-д заасан баталгааны маягтыг АТГ батална” гэсэн заалт цоо шинээр нэмсэн. АТГ төрийн албанд орох нэр дэвшигчийг илт ашиг сонирхлын зөрчилтэй, томилж болохгүй гэчихээд нөгөө гараараа “баталгаа” гаргавал тухайн албан тушаалд томилогдож болно гэх болчихсон.

Ер нь энэ хууль хэрэгжсэний дараа Баталгааны маягт гэдэг нөмрөг доор ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс төрийн албанд томилогдох нөхцөл үүсэж байна. Ингэвэл ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах ямар ч шаардлагагүй болно. Нэгэнт тухайн албан тушаалыг хашихад илт ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг эрх бүхий албан тушаалтан томилохгүй байх үүргийг тодорхойлсон заалтыг хуулиас хасчихаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах нь ач холбогдолгүй юм. Өөрөөр хэлбэл, төрийн албыг хувийн ашиг сонирхлоос ангид байлгах зарчим алдагдана. Хувийн ашиг сонирхолтой хүмүүс төрийн албанд томилогдоод байвал энэ албаны нэр хүнд улам л унаж, иргэдийн итгэл ч алдарна. Мерит зарчмаа хүлээж насаараа шударга ажилласан хүний итгэл ч үгүй болно. Эдгээр заалтуудыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр болоод байна. “Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэж Чингис хаан хэлсэн гэдэг. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг албан тушаалд томилж болохгүй гэсэнтэй агаар нэг юм.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Д.БААТАРСАЙХАН: Ирэх сарын 20 гэхэд бүх дүрэм, журмыг батална

Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Д.Баатарсайхантай ярилцлаа.

-Төрийн албаны шинэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд юу хийж байна вэ?

-Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 47 дүрэм, журам батлах ёстой. Эдгээрийн төслийг боловсруулж, УИХ, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллага хамтран болон дангаар батлах юм. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, дүрэм, төрийн албан хаагчийн ангилал, зэрэг, дэв, цалин, хөлс, тэдний сургалт, хөгжил, шалгалт, маргаан хянан шийдвэрлэх, шагнаж, урамшуулахтай холбоотой харилцааг дээрх дүрэм, журмаар нарийвчлан зохицуулна. Төслүүдийг яам, агентлаг, холбогдох байгууллагуудын дэмжлэгтэйгээр боловсруулж байгаа. Засгийн газрын хуралдаанаар эдгээр журмын талаар хэлэлцсэн. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд төрийн албан хаагчдын сургалтын байгууллага бий болгохоор ярилцаж, Удирдлагын академийн дэргэд бүрэлдэхүүн сургууль байгуулахаар тэмдэглэл гаргасан. Сургуулийн дүрмийг Засгийн газрын хуралдаанаар батлах бол сургалтын агуулга, хөтөлбөрийг Төрийн албаны зөвлөлтэй хамтран боловсруулна. Эдгээр дүрэм, журмыг арваннэгдүгээр сарын 20 гэхэд баталж дуусгах төлөвлөгөөтэй байгаа.

-Шинэ хуультай холбоотойгоор төрийн албан хаагчдын дунд аттестатчлал явуулна гэсэн мэдээлэл байна. Үүнийг тодруулахгүй юу?

-Олон нийтэд үүнийг зөв ойлгуулах ёстой. Юуны түрүүнд бид төрийн албанд сахилга, хариуцлагыг өндөржүүлэхийг зорьж байна. Албан хаагч хүлээсэн үүргээ эзний ёсоор биелүүлж байгаа, эсэхийг тодорхойлох хүрээнд ажлын байран дахь ширээ, шүүгээнд нь холбогдох байгууллагынхны хамт үзлэг, шалгалт хийсэн. Согтууруулах ундаа, хүйтэн зэвсэг, тэсэрч, дэлбэрэх бодис гэх мэтийг санаатай, санамсаргүйгээр авчирсан байхыг үгүйсгэхгүй. Төрийн албан хаагчдын аюулгүй байдал, ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүнийг хийсэн. Хоёрдугаарт, албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байгаа зүйл ажиглагддаг.

Холбогдох хууль, тогтоомж, ажлын байрны дотоод дэг журмаа судлах нь хомс байна. Гуравдугаарт, төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, эдэлгээтэй холбоотойгоор хариуцлагыг дээшлүүлэхээр ажиллаж байна. Төрийн албан хаагчдаас шинэ хуулийн талаар “явцын шалгалт” маягийн сорил авахаар ярьж байгаа юм. Шинэ хуулийн талаар иргэдэд л сурталчлаад байдаг болохоос түүнийг хэрэгжүүлэх албан хаагчдын мэдлэг тийм ч хангалттай бус байна. Үүнийг аттестатчлал гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийг албан тушаалаас нь халах, дэвшүүлэх гээгүй. Ер нь сахилга алдсан, албаны нэр хүндээ унагасан хүмүүстэй хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Мөн төрийн албанд шалгалтгүйгээр буюу хууль бусаар орсон хүмүүсийн томилгоог хуульд нийцүүлэх хяналт, шалгалт өрнүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор аймгуудад ажлын хэсэг байгуулсан. Арванхоёрдугаар сарын 15 гэхэд энэ ажлын ард гарахаар төлөвлөж байна.

-Хууль бусаар томилогдсон албан хаагчдын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-Тэднийг ерөнхийд нь түр орлон гүйцэтгэгч нэршилтэйгээр ажиллуулж ирсэн. Өнгөрсөн сард Гаалийн ерөнхий газрын хэмжээнд ийм зөрчил бүхий 51 хүнийг шалгалтад оруулахад 23 нь уналаа. Эрүүл мэндийн болон Зам, тээврийн хөгжлийн яам, Баянхонгор аймгийн ИТХ зэрэгт хамаарах 13 ажлын байранд 32 хүн өрсөлдсөн ч тав нь амжилттай дүн үзүүлсэнгүй. Ер нь яам, агентлагийн удирдах албан тушаалтны хэмжээнд тодорхой судалгаа авахад 120 орчим хүнийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулж байна. Эдгээрийг хууль, тогтоомжид нийцүүлэх эхний алхам нь дээрх шалгалтууд юм.

-Төрийн албан хаагч байх шаардлага шинэ хуулиар нэлээд өндөрсөж буй юм билээ.

-Аливаа хууль эргэж үйлчилдэггүйг иргэд, төрийн албан хаагчдын аль аль нь сайн ойлгож байгаа болов уу. Одоо үйлчилж буй хуульд зааснаар томилох эрх бүхий албан тушаалтан нь ажлын байрны тодорхойлолт баталж байгаа. Тиймээс ч эрхзүйч мэргэжилтэй хүн ажиллаж байсан газарт хөнгөн хүнсний үйлдвэрийн технологич мэргэжилтэй хүн ажиллуулаад байх жишээтэй. Харин шинэ хуулийн дагуу тухайн байгууллагын чиг үүрэгт хууль, тогтоомжийн дагуу өөрчлөлт ороогүй л бол албан тушаалын тодорхойлолтыг хөндөхгүй байхаар болсон.

-Төрийн албаар тэр бүр оролдоод байх боломж хязгаарлагдах нь. Энэ ч үүднээс хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө төрийн албанд орох гэсэн сонирхол нэмэгдэж байна гэж ярих боллоо.

-Байгууллага бүр тогтсон орон тоотой. Тэр хязгаарт багтсан л хөдөлгөөн хийж байгаа. Түүнээс биш шинээр ажлын байр бий болгож, бүтцийг нь өөрчилсөн зүйл үгүй. Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар, туршлагыг харгалзан үйл ажиллагаа, мэргэжлийн түвшний үнэлгээ хийнэ. Төрд ажиллах тухайн албан тушаалын шаардлагыг бүх л талаар хангаж, хуулийн хүрээнд томилогдоод ажиллаж байгаа албан хаагчдад ямар ч асуудал үүсэхгүй. Заавал тэр, энэ нам гэж яримааргүй байна. Аль ч Засгийн газрын үед халаа сэлгээ байсан нь үнэн.

-Төрийн албаны зөвлөлийн эрх зүйн байдал дээрдсэн үү. Хараат бусаар ажиллах боломж хэр бүрдсэн бэ?

-Төрийн албаны үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс нөлөөлж болохгүй хэмээн хуульчилсан. Ингэсэн тохиолдлыг тодорхой баримттайгаар дэлгэвэл нөлөөлөх гэж оролдсон албан тушаалтныг огцруулах талаар томилох эрх бүхий байгууллагад нь Төрийн албаны зөвлөл саналаа хүргүүлэхээр заасан. Үүнтэй холбоотойгоор хариуцлага тооцуулсан бол төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халахаар зохицуулсан. Одоогийн хуулиар бол төрийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халагдаж байгаа шүү дээ.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Төрийн албан хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг эрс хязгаарладаг Дэлхий нийтэд төрийн албан хаагчдыг тогтвортой болон түр зуурын гэж хоёр ангилж байна. Тогтвортой нь урт хугацаагаар (насан туршийнх ч байдаг) төрийн алба хаших эрхтэй. Төрийн тогтвортой албан хаагч болох амаргүй бөгөөд цаашдаа тогтвор суурьшилтай ажиллах боломжтой байдгаараа онцлог. Тиймдээ ч ийм албан хаагч болсон хүмүүс ажлаас халагдах нь ховор. Төрийн байгууллага бүр тодорхой тооны тогтвортой албан хаагчтай. Өрнөдийн хөгжингүй орон болох Британи, АНУ-д төрийн албан хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг эрс хязгаарладаг. АНУ-д төрийн алба гэсэн ойлголтыг 1883 онд баталж, Төрийн албаны тухай хуульдаа тусгажээ. Уг хуульд төрийн албан тушаалтныг ил тод өрсөлдүүлэх замаар тодруулж, улс төрийн учир шалтгаанаар ажлаас халахыг хориглож, төвийг сахисан байр суурьтай байхаар тусгасныг өнөө болтол мөрдөж байна.

Тус улс орчин үед тулгамдаад буй төрийн дээд түвшний албан хаагчдын тоо хяналтгүйгээр өссөнийг хязгаарлах зорилтоо амжилттай шийджээ. Тодруулбал, ийм албан тушаалтны тоог 10 777-гоос хэтрүүлэхгүй байхаар хуульдаа тусгасан байна. Гүйцэтгэх засаглалын зохих байгууллагууд хоёр жил тутам удирдах дээд бүрэлдэхүүний тоогоо Төрийн албаны удирдах газарт мэдүүлдэг. Тус газар нь Ерөнхийлөгчийн ажлын албанд багтдаг Захиргаа, төсвийн газартайгаа зөвлөлдөж, шаардлагатай гэвэл засвар оруулан, баталдаг аж. Төрийн бусад ангиллын алба хаагчдын тоо ч хязгаартай буюу удирдах дээд бүрэлдэхүүний нийт тооны 10 хувиас хэтрэх ёсгүй гэнэ. Ташрамд дурдахад, төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй хүнийг өндөр албан тушаалд томилохыг хуулиар хориглодог аж. Мөн төрийн албанд тасралтгүй таван жил ажиллаагүй хүмүүс удирдах дээд бүрэлдэхүүний 30 хувиас хэтрэх ёсгүй.

Төрийн захиргааны байгууллага бүр удирдах газрынхаа зөвлөмжийн дагуу ажиллах бүрэлдэхүүний хөтөлбөр (төрийн албан хаагчдын тоо) гаргадаг. Ингэхдээ тухайн байгууллагын албан хаагчдаас бүрдсэн комисс гаргаж, удирдах албан тушаал хашиж байсан туршлага, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдсан байдал, уг албан тушаалыг хаших онцгой мэдлэг, чадвартай, эсэх тодорхойлолтыг хүн тус бүрт бичгээр гаргаж өгдөг. Төрийн албан хаагчид удирдах газраас тогтоосон ангиллын дагуу олгодог цалингаас гадна албан тушаал ахисан, зэрэг дэв дээшилсэн, хүндэт цолны зэрэг урамшуулал, эсвэл хохирлын нөхөн төлбөр авдаг гэнэ. Тэгэхдээ урамшуулал нь цалингийн 20 хувиас хэтрэх ёсгүй. Бас эмнэлгийн үйлчилгээний төлбөрөө нийгмийн даатгалаас бүрэн болон хэсэгчилсэн хэлбэрээр авах эрхтэй. Энэ нь төрийн албанд ажиллахыг хүсэгчдийн тоог эрс нэмэгдүүлдэг байна.

2016 оны байдлаар АНУ-ын төрийн албан хаагчдын 72 хувь нь Вашингтонд ажилладаг байв. Тэдний дундаж нас 52, ажилласан жил 24 байлаа. 67.5 хувь нь хүмүүнлэгийн болон байгалийн шинжлэх ухааны магистр, докторын зэрэгтэй. Тэдний 13 хувь нь эмэгтэйчүүд байсан аж.

Манай хойд хөрш төрийн албаныхаа үйл ажиллагааг сайжруулахын тулд Өрнөдийн орнууд, тухайлбал, АНУ-ын туршлага, технологийг ашиглахыг ач холбогдолтой хэмээн үзэж байна. Төрийн албаны үйл ажиллагаа сайжирснаар мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдах төдийгүй улс төрийн шийдвэрүүд хэрэгжих боломж бүрддэг гэнэ. Төрийн удирдлагын өнөөгийн нөхцөл, түүний нэр хүнд, одоогийн болон стратегийн зорилтуудаа шийдэхэд хэр бэлэн байгаагаас төрийн албан ажлын амжилт шалтгаалах аж. ОХУ-д төрийн албан хаагч болж, хугацаагүй гэрээ байгуулсан түшмэл төрийн албаны агентлагийн “алтан сан” болдог гэнэ. Ийм гэрээ байгуулахад тавих шаардлага өндөр бөгөөд уг баримт бичигт гарын үсэг зурсан хүнийг тус агентлагийн зөвшөөрөлгүйгээр ажлаас халдаггүй. Гэрээ байгуулагчийн ажлын газар татан буугдсан бол тус агентлаг өөр ажилд оруулах үүрэг хүлээдэг байна. Ийм итгэл хүлээсэн “гэрээтэй” болохын тулд төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.

ЭШЛЭЛ

ОДОО ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨЖ БУЙ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛ ЭРХЛЭХ БОЛЗОЛ, ЖУРАМ

16 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол

16.1. Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно.

ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРААС МӨРДӨХ ШИНЭ ХУУЛЬ

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД ТАВИХ ШААРДЛАГА

22 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага

22.1. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно:

22.1.1. Монгол Улсын иргэн байх;

22.1.2. дээд боловсролтой байх;

22.1.3. Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээгүй байх;

22.1.4. монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;

22.1.5. сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;

ХОРИГЛОХ ЗҮЙЛ

31.1. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно.

31.1.2. төрийн албанаас сахилгын шийтгэлээр болон хууль тогтоомжид заасан үндэслэл, журмаар халагдсан өдрөөс хойш төрийн албанд эргэж орох хуульд заасан хугацаа дуусгавар болоогүй, тодорхой хугацаагаар төрийн жинхэнэ алба хаах эрх хасагдсан иргэний уг хугацаа дуусаагүй;

31.3. Төрийн албан хаагчийг томилох асуудлаар хууль тогтоомж зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно.

16.2. Төрийн жинхэнэ албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно.

16.2.1. хуульд өөрөөр заагаагүй бол Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй;

16.2.2. хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалаас сахилгын шийтгэлээр халагдсан өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй;

16.2.5. гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ТӨРИЙН АЛБАНААС ХАЛАХ

47.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална.

47.1.1. хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа (3 ба түүнээс дээш) албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;

25.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална.

25.1.1. Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа (2 ба түүнээс дээш) албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИД САХИЛГЫН ШИЙТГЭЛ НОГДУУЛАХ

26.1. Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.

26.1.3. төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах

48.1. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.

48.1.4. төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.