Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П.Амаржаргал: “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага” гэж Үндсэн хуульд заасныг өөрчлөх шаардлагатай

Хууль зүйн ухааны доктор (Ph.D) П.Амаржаргалтай ярилцлаа. Тэрбээр Үндсэн хуулийн болон парламентын эрх зүйн чиглэлээр дагнан судалдаг юм.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Та тэр төслийг тогтож харав уу. Өөрчилж болохоор байна уу. Ялангуяа таны дагнан судалж ирсэн парламентын бүрэн эрх, төлөөллийн талаар төсөлд тусгасан саналуудын тухайд юу хэлэх вэ?

-Төсөлтэй танилцсан. Ер нь байнга эргүүлж, тойруулж уншиж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үздэг. Бид энэ хуулийг хэрэглээд 26 жил болчихож. Нийгмийн амьдрал хурдтай өөрчлөгдөж байгаа учраас суурь хуулиа шинэчлэх шаардлага бий. 1992 оны Үндсэн хуулийг сайн гэж үнэлдэг. 1924, 1940, 1960 онд Үндсэн хууль баталсан түүхтэй ч бид тэдгээрийг өөрсдөө боловсруулсан уу гэвэл үгүй шүү дээ. Үндсэн хуулийн туршлагагүй шахам хүмүүс баталсан гэдэг утгаараа ардчилсан, шинэ Үндсэн хууль маш сайн болсон.

Дугуй хийж үзээгүй ард түмэн 1990 онд боломжийн хийчихсэн гэсэн үг. Одоо түүнийхээ сэлбэг, эд ангийг сайжруулах шаардлагатай. Гэхдээ ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг нь өөр асуудал. Судлаачийн хувьд УИХ-тай холбоотой заалтуудаас санал нийлэх, нийлэхгүй нь ч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүд хуралдаанд заавал биеэр байлцаж, хууль батлахад оролцоог нь нэмэгдүүлэх тухай заалтыг дэмжинэ. Мөн улсын төсөв батлахдаа парламент Засгийн газраас боловсруулсан мөнгөн дүнг нэмэхийг хориглох нь зүйтэй. Америкт 1970-аад оноос гарч ирсэн “Үндсэн хуулийн эдийн засаг” гэх ойлголтыг одоо л манайд хөндөж байна л даа.

Харин УИХ-ын гишүүнээр сонгогдох насыг 30 болгон нэмэгдүүлсэн нь буруу. Одоо 25 насанд хүрсэн хүн сонгогдох эрхтэй байгаа. Ингээд өөрчилчихвөл 25-30 насны төлөөлөл УИХ-д үндсэндээ үгүй болно. Парламентын гол үүрэг бол төлөөлөх. Тэд ард түмний төлөөллийн хувьд хэрэгжүүлж, хууль баталдаг. Ийм атал 30 насны босго тавих шаардлагагүй.

-УИХ-ын хамгийн залуу гишүүн хэрэгт холбогдсон нь сонгогдох насны босгыг дээшлүүлэх нь зүйтэй гэж үзэхэд нөлөөлсөн байж болох юм.

-Залуу хүн л хэрэг төвөгт орооцолдоод байна гэж ойлгоод байх шиг. Шууд ингэж ойлгож болохгүй шүү дээ. Амьдрал үргэлжилнэ. Зөвхөн өнөөдрөөр энэ амьдралыг харж болохгүй. Энэ нь хувь хүнтэй холбоотой ч ард түмний сонголтыг өөрчилж болохгүй. Ард түмэн залуу хүнийг хүсэн хүлээж байсан учраас Д.Гантулгад саналаа өгсөн байна шүү дээ. Хэт залуу хүн сонгохгүй гэж хязгаарлах эрх сонгогчид л бий. Сонголтыг шууд, хуулиар, хүч түрэмгийлэн хязгаарлаж болохгүй.

-Төр, тэр дундаа УИХ-ыг тараах нь зүйтэй гэж үзэх хүртлээ нэр хүнд нь унаж байна. Энэ нь парламентад ард түмний хүсэн хүлээсэн хүмүүс сонгогдохгүй байгаатай холбоотой юу. Өөрөөр хэлбэл, парламентад ард түмний төлөөлөл хангагдахгүй байна гэж хэлж болох уу?

-Манай Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн ард түмний элч байж, нийтийн ашиг сонирхлыг хамгаална” гэж төлөөллийн талаар заасан байдаг. Харин энэ төлөөлөл нь бодитой байна уу. Хувь хүн, компани, төрийн бус байгууллага, тодорхой бүлгийн бус, улс орны нийтлэг эрх ашгийг парламент төлөөлж байна уу.

Нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж миний үзэж байгаа гол асуудал нь Үндсэн хуулийн 20 дугаар зүйл буюу “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэх ойлголт. Үндсэн хуулийн эрх зүй судлаачийн хувьд хэлэхэд энэ нь боломжгүй заалт юм. Онолын хувьд ч тэр. Төрийн эрх мэдлийн хуваарилалтын онолын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бие биедээ хяналт тавих ёстой. Гэтэл манайд нэгийг нь давуу буюу “Төрийн эрх барих дээд байгууллага” гээд Үндсэн хуульдаа заачихсан. Тэнд сонгогдсон хүмүүс нь үүнийг “Би төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн учраас Засгийн газар, шүүх, Ерөнхийлөгчөөс илүү эрхтэй” гэх маягаар ойлгох хандлагатай. Жишээ нь, гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд албан тушаалтан, холбогдох хүмүүсийг дуудаж авчраад, бараг л байцаалт маягийн юм хийж байна шүү дээ. Тиймээс юуны түрүүнд энэ заалтыг өөрчлөх шаардлагатай.

-Энэ заалтыг яаж өөрчилнө гэж. УИХ “төрийн эрх барих дээд байгууллага” гэдгийг үгүйсгэснээр Монгол Улсын парламентын засаглалын агуулгад нөлөөлөх үү?

-Архивын материалыг харж байхад Японы Үндсэн хуулиас авсан юм билээ. Японы Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлд ийм заалт бий. Гэхдээ япончууд үүнийг биднээс өөрөөр ойлгодог. Парламент төлөөллийн байгууллага учраас дээрх эрхийг Эзэн хаанаас шилжүүлэн авсан гэж үздэг. Тиймээс манай нөхцөлд үүнийг өөрчлөх хоёр гарц байна. Нэгдүгээрт, хуулийн тайлбараар өөрчилж болно. Хоёрдугаарт, “УИХ төлөөллийн, хууль тогтоох дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж өөрчлөх боломжтой. Ингэснээр манай парламентын засаглалд нөлөөлөхгүй. “Монгол Улс төлөөллийн дээд байгууллагатай”, эсвэл “Парламентын засаглалтай” гэх байдлаар Үндсэн хуульд оруулж болно. “Төрийн эрх барих дээд байгууллага” гээд онцгойлон заасан нь Үндсэн хуулийн хямрал руу түлхээд байгаа юм.

Энэ нь цаашлаад Үндсэн хуулийн 25 дугаар зүйлтэй бас холбогдоно. Уг зүйлд “УИХ төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болно” гэх мэтээр 18 онцгой бүрэн эрхтэй хэмээн заасан байдаг.

-Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлж, хүчтэй болгохын тулд УИХ болон Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс нэлээдийг хасаж, гүйцэтгэх засаглал руу шилжүүлэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өрчлөлтийн төсөлд тусгасан. Энэ нь зүйтэй юү?

-Хүчтэй Засгийн газартай болбол түүнийг яаж хянах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ерөнхий сайд нь дарангуйлагч болох уу, эсвэл компанийн Ерөнхий сайд байх уу гэх мэт болгоомжлол байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг хязгаарлаж болно. Жишээ нь, омбудсмен, парламентын мөрдөн шалгах хороо, асуулга болон асуулт тавих, хэлэлцүүлгүүд хийх зэрэг хяналтын олон хэлбэр бий. Дэлхий нийт үүгээр л Ерөнхий сайд, Засгийн газраа хянаж байна шүү дээ. Харин манайхан парламентын хяналт гэдгийг УИХ Үндсэн хууль, парламентын бусад шийдвэрийг хянана гэж хараад байгаа юм. Гэтэл парламент Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүх хууль, УИХ-ын шийдвэрийг хянана гэдэг нь боломжгүй. Парламентын бүтэц, бүрэлдэхүүн бага шүү дээ. Дэлхийн жишгээр бол парламент Засгийн газрын үйл ажиллагааг л хянадаг. Өөрөөр хэлбэл, парламент бол төлөөллийн дээд байгууллага учраас Засгийн газар буюу төрийн үйл ажиллагааг хянадаг. Мөн Ерөнхийлөгч, Засгийн газар хоёрын хоорондын харилцааг тодорхой болгох хэрэгтэй.

-Парламентад ард түмний төлөөллийг бүрдүүлж байгаа сонгуулийн хувилбар талаас нь тайлбарлахгүй юү. Ардын намынхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар сонгуулийн пропорциональ хувилбарыг хөдөлшгүйгээр хуульчлах нь гэж хардах хүмүүс ч бас байна.

-Сонгуулийн тогтолцоог энэ нь сайн, тэр нь муу гэх нь утгагүй. Тухайн улсдаа тохирох нь л чухал. Манайд холимог тогтолцоо нэлээд зохимжтой гэж бодож байна. 2016 онд 100 хувь мажоритар хувилбараар сонгууль явуулсан нь сөрөг зүйл нэлээд дагуулсан гэж үздэг. Гэхдээ сонгуулийн тогтолцоогоор оролдохоос өмнө улс төрийн нам, түүний санхүүжилтийг ил болгох хэрэгтэй. Парламентын ардчиллыг бэхжүүлэх гол оролцогч нь нам. Тэд сонгуульд оролцож, парламентад олонх болсон нь Засгийн газраа бүрдүүлдэг учраас санхүүжилтийг нь ил тод болгохгүйгээр өөрчлөгдөхгүй. “Парламентын ардчиллыг дэмжье” гэж Үндсэн хуульд зааснаар асуудал шийдэгдэхгүй.

…Харин УИХ-ын гишүүнээр сонгогдох насыг 30 болгон нэмэгдүүлсэн нь буруу. Одоо 25 насанд хүрсэн хүн сонгогдох эрхтэй байгаа. Ингээд өөрчилчихвөл 25-30 насны төлөөлөл УИХ-д үндсэндээ үгүй болно. Парламентын гол үүрэг бол төлөөлөх. Тэд ард түмний төлөөллийн хувьд хэрэгжүүлж, хууль баталдаг. Ийм атал 30 насны босго тавих шаардлагагүй…

-Ерөнхийлөгч сая УИХ-ын намрын чуулганы нээлтэд үг хэлсэн. Тогтолцоогоо өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглалтай болоход Төрийн тэргүүн уриаллаа гэж ойлгох хүн олон байна. Та юу гэж бодож байна вэ?

-Ерөнхийлөгч аль засаглалыг дэмжиж байгаа, эсэхийг би мэдэхгүй. Үндсэн хуулийн эрх зүйд тэр засаглал сайн, энэ нь муу гэсэн зүйл байхгүй. Тухайн улс орон, ард түмэнд тохирох, эсэх нь л чухал.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулахын тулд зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулгыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Үүнийг зөвлөлдөх гэхээс илүүтэй хэлэлцүүлгийн ардчилал гэж тодорхойлмоор байгаа юм. Нөгөө талаас улс орны хэмжээнд үүнийг хэрэглэх нь зөв үү, хэн хариуцлага хүлээх вэ. Энгийн иргэд Үндсэн хуулийн эрх зүйн мэргэжлийн асуудлуудыг ойлгохгүй. Би анагаахын шинжлэх ухааны нэр томьёог ойлгохгүйтэй яг адил. Жирийн иргэд амьдралаараа дэнчин тавьж, хариуцлага хүлээх юм уу. Түүхэн туршлагууд ч байна шүү дээ. Харин орон нутгийн шинж чанартай асуудлыг зөвлөлдөх санал асуулгаар шийдэх боломжтой. Зөвлөлдөх санал асуулга болон ард нийтийн санал асуулга хоёр бол ялгаатай ойлголт юм шүү.

-Зөвлөлдөх санал асуулгын явцад УИХ-ыг хоёр танхимтайгаар байгуулах санал дэмжлэг аваагүй. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Парламентын ардчиллыг дэмжье гэвэл хоёр танхим зайлшгүй байх ёстой. Доод танхим бол ард түмний төлөөлөл. Гэтэл ард түмнээс ямар хүмүүс гарч ирж байгааг өнгөрсөн 26 жил бидэнд ойлгууллаа. Ерөнхийдөө нэр алдартай, ард түмэнд танигдсан телевизийн нэвтрүүлэгч, бөх, дуучин, тамирчин гэх мэт хүмүүс л УИХ-ын гишүүн болж байна. Тэгвэл тэдний баталсан хуульд итгэж болох уу. Тэр хүмүүс мэргэжлийн байж чадах уу. Доод танхим мэргэжлийн биш учраас дэлхий нийтэд хоёр дахь танхим гарч ирсэн юм. Тэнд мэргэжлийн хүмүүс ажилладаг. Өөрөөр хэлбэл, тэд хуулийн хяналт, шүүлтүүр болдог.

-Засаглалын бараг бүх асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэг дор тусган шийдэх нь зохистой юү?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд ажиллахаас өөр аргагүй. Тэр хүрээнд гол өөрчлөлтөө хийх ёстой.

-Манай Үндсэн хуульд “Дордуулсан долоо” гэх ойлголт хэдийн бий болсон. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Тэдгээр өөрчлөлтөөс авах ч, хаях ч юм бий. Долуулаа муу болсон гэж боддоггүй. Жишээ нь, Ерөнхий сайдыг 45 хоногт томилоогүй бол УИХ өөрөө тарна гэсэн заалт бий. Хариуцлагын гэмээр энэ заалт Үндсэн хуульд зайлшгүй байх ёстой. Ерөнхий сайдаа томилохгүй, сунжирсан тохиолдол манайд гарч л байсан шүү дээ.

-Та бүтээл, судалгааны ажлууддаа парламентын хууль тогтоох бүрэн эрхийг хязгаарлах талаар хөндөж ирсэн. Үүнийгээ тодруулахгүй юү?

-Энэ бүрэн эрхийг хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох гэх мэтээр илэрхийлж болно. Гэтэл парламент хууль болгоныг батлах ёстой юу. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд тэрийг өөрчилж болно, болохгүй гээд зааснаас эсрэг бодолтой хүн л дээ, би. Ирээдүйг одоо үеийнхэн яагаад хуулиар хаах ёстой гэж. Гадаадын парламентууд дурын асуудлаар хууль батлахаа байж, цензур тогтоогоод эхэлчихсэн. Жишээ нь, Гавьяа, шагналыг хойч үедээ үлдээхийг хориглох тухай хууль гэж байна. Би гавьяа байгуулж, шагнуулж болох ч миний үр хүүхэд тэрийг эзэмшихгүй, зөвхөн надаар дуусах ёстой гэсэн агуулгатай хууль л даа. Тэр гавьяаг эхлээд би, дараа нь миний хүүхэд эзэмшээд явбал таны болон миний үр хойчид гарааны тэгш бус нөхцөл үйлчилнэ гэсэн үг.

-Тэгэхээр УИХ-ын хууль тогтоох эрхээс хязгаарлахад гэмгүй гэсэн үг үү?

-Ямар хууль батлах, батлахгүйг зааглах ёстой. Одоо манай хууль тогтоогчид дураараа л явж байна шүү дээ. Энэ парламент хойч үеэ боомилсон, хязгаарласан хууль баталж болохгүй. Дараа үеийнхээ эрх ашгийг зөрчсөн хууль батлахаас зайлсхийх ёстой. Хойшид амьдрал яаж ч өөрчлөгдөж болно. Өнөөдөр парламентын засаглалыг илүү тохиромжтой байж болох ч 10 жилийн дараа Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох шаардлага тулгарахыг үгүйсгэхгүй. Тиймээс Үндсэн хуулийн энэ заалтыг өөрчилж болно, болохгүй гэж хатуу заах учиргүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.