Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гавьяатыг гэрчлэх анхны үнэмлэх

Та гавьяат цол тэмдгээр хамгийн анх шагнуулагсдын нэг болох жүжигчин Д.Ичинхорлоогийн үнэмлэхийг харж байна. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1935 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 41-р тогтоолоор “Улсын алдарт гавьяат жүжигчин, дуучин, хөгжимчин, уран зохиолч” цолыг анх бий болгосон байдаг.

Анхны цолыг ардын цэнгэлдэх хүрээлэн байгуулагдсаны ойн баярыг тохиолдуулан олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ тухай Улсын бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн хамтарсан зургадугаар (1935 оны есдүгээр сарын 25-нд гаргасан) тогтоолд “Ардын үндэсний хувьсгалын театр байгуулагдсаны 14 жилийн ой ба жинхэнэ ардын цэнгэлдэх Улсын төв театр байгуулагдсаны таван жилийн ойн баярыг 1935 оны аравдугаар сарын 1-нд ёслон тэмдэглэж, энэ ойг тохиолдуулан ардын цэнгэлдэх Улсын төв театрыг болон театрын нэгдүгээр зэргийн жүжигчин Д.Ичинхорлоод Улсын алдарт гавьяат дуучин бөгөөд жүжигчин, Ч.Цэвээнд Улсын алдарт гавьяат жүжигчин, М.Дугаржав, Ж.Дорждагва, Ц.Төмөр нарт Улсын алдарт гавьяат дуучин, Д.Ишдулам, Д.Түдэв, Л.Цэрэндорж нарт Улсын алдарт гавьяат хөгжимчин хэмээх цол, хөнгөлөлт бүхий онц гавьяаны үнэмлэхээр тус тус шагнав” гэсэн байдаг аж.

Тухайн үед гавьяат цолоор шагнуулагсад улсын сангийн орон сууц ба цахилгаан гэрлийг хэрэглэвэл төлбөрийг 40-100 хувь хөнгөлөх, уурын тэргэнд үнэ төлбөргүй суух, аливаа нэгэн жүжиг, кино зэрэг үзвэрийг үнэ төлбөргүйгээр үзэх, үр хүүхэд нь бүх шатны сургуулиудад төлб өргүй суралцах эрх эдэлдэг байжээ. Театрын музейд хадгалагдаж буй эл үнэмлэх дээр тухайн үеийн Ерөнхий сайд П.Гэндэн, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Х.Чойбалсан нарын гарын үсэг зураатай буй.

Өдгөө Монгол Улсын гавьяат жүжигчин гэх цол анх “Улсын алдарт гавьяат жүжигчин” нэртэй байсан бол 1941 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 53-р тогтоолоор “БНМАУ-ын гавьяат жүжигчин” хэмээн өөрчлөгджээ.


О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.