Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭМ ЗҮЙЧДИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад орчин үеийн эм хангамжийн алба үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан эмийн үйлдвэрлэл хангамж, эм зүйн салбарын үе үеийн ажиллагсдад баярын мэнд дэвшүүлье.

1923 оны 10 дугаар сарын 23-нд их жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар Цэргийн эмнэлгийн дэргэд анхны эмийн сан байгуулагдсанаар орчин үеийн эм хангамжийн байгууллагын түүх эхэлж, 1990 оныг хүртэл социалист эрүүлийг хамгаалахын тогтолцоонд тулгуурласан эм хангамжийн алба амжилттай хөгжиж ирсэн билээ.

1990 оноос Монгол орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр эм хангамжийн төрийн өмчийн байгууллагын зэрэгцээ хувийн хэвшлийн эмийн сан, эм хангамжийн байгууллагууд шинээр бий болж, улмаар төрийн өмчийг хувьчилсанаар мянга гаруй хувийн хэвшлийн эмийн сан төв, орон нутгийн хүн амд үйлчилж, 30 гаруй эмийн үйлдвэрт 400 гаруй нэр төрлийн эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж байна. Одоо манай улсад 100 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага ажиллаж, 40 гаруй улсын, 200 шахам компаниас хамгийн орчин үеийн эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин сийвэн, урвалж бодис импортолж бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төв, иргэдийн хэрэгцээг хангаж байна.

Эм хангамжийн байгууллагын эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор УИХ 2002 онд “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”, 1998 онд бие даасан “Эмийн тухай” хуулийг баталж, улмаар удаа дараа шинэчлэн найруулж улам боловсронгуй болгон баталсан билээ. Эм хангамжийн салбар нь эрүүл мэндийн салбарын чухал хэсэг бөгөөд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд чухал үүрэгтэй юм. Эм зүйн салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журам болон эм хангамжийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааны стандартыг улам сайжруулж, хүн амын дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн зар сурталчилгаа болон үнийн зохицуулалтыг боловсронгуй болгох, эмийн үйлдвэрүүдийг олон улсын стандартад нийцүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь манай салбарын эрхэм зорилт болж байна.

Орчин үеийн эм хангамжийн алба үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ дахин дэвшүүлж, эм хангамжийн байгууллагуудыг улам боловсронгуй болгож үндэсний эмийн үйлдвэрүүд олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх эрхэм ариун үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.


МОНГОЛЫН ЭМ ЗҮЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН “ЭМ” ХОЛБООНЫ

ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ, ТӨРИЙН ШАГНАЛТ, ДОКТОР ПРОФЕССОР

Л.ХҮРЭЛБААТАР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.