Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЕСӨН САРЫН ТЭНГЭР

МЗЭ-ийн шагналт зохиолч Бидэрийн БАЯРСАЙХАН

Намар цаг. Царцаахайн төмөрлөг дуун намрыг урин царр царр хийж, хонгортон намиатах шаргал тал далайн давалгааныг нэлэнхүй хөдөлгөөнөөр дүрслэн үзүүлнэ. Тэнгэр бүүсийж, турлиах сүрэглэн, зэлэн дээрх унагад гундаж, адуу салхи сөрөн идээшилнэ. Саадагласан хялгана аясын салхинаа дохилзон гарт баригдаж, сэтгэлд тэмтрэгдэмгүй уйтай аялгууг хээр талаар нэг тоглож, тэнгэр, уулс, толгод тэр тэнгэрлиг сайхан симфонийг чимээ алдран чагнах билээ.

Гол ус тунгалагшин, ёроолын чулууд нь өнгө өнгийн эрдэнийн чулуу мэт гялтагнан, гол горхины ёроол дахь тэр чулуудаас нарны гэрэл цацран ойх нь аяа намар цаг ажуу.

Есөн сарын тэнгэр дор байгаль дэлхий ариусах цагаар унасан газар, угаасан ус Архангай нутгаа тэмцэв би. Зүйлийн буурал хорвоод зүсэлж унасан дэвсэг, орчилт цэнхэр дайдад онож унасан хонхор минь Арын сайхан хангай билээ.

Хөлд орсон газар шороо минь. Хэлд орсон энхэр нутаг минь. Ухаан сууж, хүслийн жигүүр өдөлсөн ус нутаг, тохмон чинээ ширгэн дээр нь торнисон, миний тоонот Архангай. Есөн намрын сүмэн өвсний үнэр анхилсан ийм цагаар нутгийн зүг хүлгийн жолоо залав бид. Бид гэдэг маань Архангай чигийн уугуул сэтгүүлч, зохиолчид болох хэдэн товариш.

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, орчуулагч Л.Хуу шаан тэргүүтэй, “Болор цом”-ын эзэн Ш.Лхамноржмаа, “Ут гын чимэг”-ийн дэд байрын шагналт зохиолч П.Батхуяг, Мон Ца Мэ сонины нийгэм, улс төрийн хэлтсийн дарга яруу найрагч Ж.Батсайхан, “Хүрээний хөөрхөн Дэнсээ юү” дууны эзэн Д.Баасанжав, “Улаанбаатар” их сургуулийн декан, доктор Ц.Эрдэнэбат, зураач, яруу найрагч М.Амархүү, залуу яруу найрагч Өсөхболд бид хэд. Хэзээний л сайн нэртэй байдаг билээ зохиолч, яруу найрагчид. Балгууш, авиргүй, тавтиргүй гэж ад үзэгддэг миний муусайн найз нар. Зүрхнээс, бүр голоосоо дэвэрч хөөрмөөр нь юу вэ гэвэл нутаг нугынхан минь биднийг эгээтэй л бурхан гэж үзэхгүй байна аа. Хүндэлж байгаа, бидний үгийг сонсож байгаа, биднийг ая тавтай байлгах гэж чармайж байгааг нь харахаар нулимс гармаар.

Архангай аймаг шинэ Засаг даргатай болоод хэд гурван сарын нүүр үзэж байгаа юм. Ё.Баатарбилэг гэж сайхан залуу Засаг дарга болсон байна. Өнгөрсөн зун зургадугаар сард “Архангайн хөгжил өнөө ба ирээдүй” нэртэй хөгжлийн төлөө эдийн засгийн форумыг зохион байгуулж ажлаа эхэлсэн гэдгийг нь сайн санаж байна.

Хөхөөн дуутай зуны эхэн сард тэр үеэр нь би очоод ирсэн юм. Архангайгаас сонгогдсон их хурлын гишүүд, сайд, дарга даамал, эдийн засаг бизнесийнхэн бүгд чуулж, төрөлх нутгаа хөгжүүлэх талаар санаа оноогоо нэгтгэж байсан билээ. Тэр үеэр нийт 7ОО гаруй ажил хэрэгч санал гарч, түүнийг нь З8 чиглэлээр З багц болгон хөгжлийн стратеги болгон боловсруулаад байгаа гэж Засаг даргын орлогч Г.Чулуунбаатар бидэнд танилцуулж байлаа. Намрын оготор шар наран ээсэн сайхан өдөр. Хоймортоо залсан бурхан багш шиг Булган уул, зүүн талаас нь түшсэн Цогт уул, баруун талд нь ивсэн Цагаан даваа, Хавтгайн мод, Халзангийн даваа гээд уулсын чуулган билээ миний нутаг.

Булган хайрхан бол Богд уул адил дархлагдсан, Богд уул нийслэл хотынхныг ивгээж байдаг шиг Цэцэрлэг хотынхноо нөмөрлөж ханхайсан уул билээ Булган хайрхан. Элгэн дээр нь байх том улаан хадан дээр бурхан багш, арай доохно байх жижиг улаан хадан дээр хоёр шавийг нь бүтээж сийлсэн нь хуучин цагт, тодруулбал социализмын үед ч элж балраагүй гэрэлтэн авай. Арын сайхан хангайнхан гурван өдөр хөлтэйхэн өнжлөө.

Учир юун гэвээс “Хангайн намар” хэмээх урлаг соёл, үйлдвэрлэл бизнесийн цогц том арга хэмжээг зохион байгуулав. Үүний нэгээхэн хэсэг нь бидний зорьж очсон “Хангай цом” яруу найргийн наадам, “Хангайн уянга” яруу найргийн шинэ түүврийн нээлт, зохиолч-уншигчдын уулзалт байв. Архангай аймаг дахь МСНЭ-ийн “Сайн-Оюут” салбар зөвлөл, Номын сан мэдээллийн төв, Зохиолчдын салбар гардан зохион байгууллаа.

Нутаг усны минь морилох хаалган дээр тосож авсан Засаг даргын орлогч Г.Чулуунбаатар, Амарзаяа, Мөнхтуяа, Батдэлгэр, Цэрэнсугар, Баясгалан бусад эрхэм хүмүүс агшин хором бүхэнд бидэнтэй хамт байж, дэлгэрхэн дэлхийн хул шаргал намрын үдшийг дуу хууртай, дурсамж хөөртэйхэн өнгөрөөсөнд талархаж байна.

Хөлтэйхэн гэдгийн нөгөө нэгэн учиг хэмээвэл “Архангай түнш лэл-2О1О” үзэсгэлэн байлаа. Төвийн бүсийн Өвөр хангай, Булган, Хөвсгөл, Орхон, Баянхонгор аймгийн энэ түншлэлд Улаанбаатар хот, Дар ханУул, Сэлэнгэ, Төв айм гийнхан хүр тэл хүрэлцэн очсон байлаа. Монгол Улсын Засгийн газраас зарласан “Нэг суурин-Нэг бүтээгдэх үүн” бодлогын хүрээнд аймаг, сум болгон өөрсдийн гараар бүтээсэн өнгөтэй өөдтэй бүхнээ авч очжээ. Үзэсгэлэнг дэлгэсэн спортын ордон, ордны гаднах талбайд хүмүүс хөл тавих зайгүй арвин цугласан харагдаж байлаа.

Жаргалантын гэрийн мод, Ихтамирын цагаан ааруул, Хангай, Тариат, Чулуут, Өндөр-Улааны ааруул өрөм, Батцэнгэл, Хотонтын айраг гээд миний мэдэх юм захаас аван дэлгээстэй. Түүнчлэн манай аймгийнхан энэ жил чацаргана тарьж, үр шимийг нь хүртэж эхлээд байгаа гэнэ. Шилмэл бүтээгдэхүүн шалгаруулах “Шинэ номинаци”-д чацаргана, сарлагийн хөөврөөр ээрсэн утас, сарлагийн хөөвөр, ноос хольж хийсэн эсгий гутал зэрэг олон бүтээгдэхүүн нэр дэвшиж байна гэж Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Өсөхбаяр сонирхуулав.

Шилмэл омгийн хурган хуц, ухна ишиг, хурдан даага, мах, сүүний чиглэлийн үнээ, бухыг солилцож, арилжиж байна. Төмс, хүнсний нарийн ногоо, боов боорцог, ааруул хурууд, өрөм зөөхий…ай даа аргагүй баян намар цаг юм. Миний нутгийн ард түмэн ийм ажилсаг, “хөлөө явж хөлсөө иддэг” зон олон билээ. Зорьж очсон үйл хэрэг рүүгээ оръё байз. За тэгэхээр ийм юм боллоо. Засаг дарга Ё.Баатарбилэгийн ивээл дор урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж буй юм байна. Өгл өөний ургах нарнаар зохиолчуншигчдын уулзалт болов. Заал пиг дүүрэн.

Сайн зохион бай гуулжээ. Харамсалтай нь сургуулийн хүүхдүүдийг жагсааж байгаад аваад ирсэн юм уу, яасан юм дэггүй жаалууд гудманд яваа нэгнээ дуудаж байгаа шиг, эсвэл хип хоп үзээд баярлан хөөрч байгаа аятай шүгэлдэх юм. Тээртэй, чин шударгаар хэлбэл баахан бүдүүлэгдүү юм даа. Тэрнийг эс тооцвол уулзалт сайхан боллоо.

Нэг үеэ бодвол хүмүүс ном их уншдаг болсон байна. Аймагт номын дэлгүүр байхгүй болохоор тэр болгон олж уншаад байж чаддаггүй гэнэ. Ном үнэтэй болсон. Хот хүрээ орсон хүмүүс ном авахаасаа өмнө гутал хувцас чирдэг нь хууль юм хойно доо. Ер нь аймагтаа номын дэлгүүр байгуулбал зохиолчид дэмжиж номоо өгч байх, ном, сонин, сэтгүүл, сурах бичиг, дэвтэр, бичгийн хэрэгсэл зуучилж өгч байх талаар ярив. Засаг дарга их нааштай хүлээж авна лээ. Найрагч, зохиолчид ирснийх нутгийн тэнгэр, лус савдгаа аргадаж шүлэг хэлцгээлээ.

Томчууд, хүүхэдгүй л асууж байна. “Та тийм шүлгээ яаж бичсэн бэ?, “Тэр шүлгээ уншиж өгөөч” гэх шиг. Сайхаан сайхан. Уншигч нь зохиолчоо таньж, уншаагүй байсан ч номынх нь нэрийг мэдэж байна гэдэг сайхан шүү дээ. Уулзалт өндөрлөөд “Гурван Тамирын уянга” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татуулав. Д.Дэнсамбуу гэж сайхан найрагч байлаа. Жараад оныхны нэгэн. Үе үеийнхэн УГЗ Норсонжавын “Гурван Тамирын уянга” дууны аялгуунд бүжиглэж ирсэн тул мэднэ биз ээ.

Арван жил миний сурч төгссөн сургууль яг хажууд нь байдаг юм. Сургуулийн захирал Шагдарсүрэн гуай зохиолч, найрагчдыг ирсэн завшааныг ашиглаад “Багш суварга”-ндаа урив. Манай сургууль Монгол Улсын ууган сургуулиудын нэг л дээ. Хоёр жилийн өмнө 85 жилийнхээ ойг тэмдэглэхдээ нэгэн шийд гаргасан юм билээ. Таван үеийн багш нар зөвлөлдөөд “Багш суварга” босгожээ. Шагдарсүрэн захирал сүйхээтэй хүн тул уг бүтээлээ “чулуу болгож” хоёр дахь удаагаа ийн нээлт хийж амжив. Булган хайрхны өвөрт Архангай аймгийн орон нут гийг судлах музей бий. Энэ музейн барилга бол их эртний эд. Анхдугаар Зая гэгээн Лувсанпэрэнлэйн орд өргөө.

Лавтайяа 2ОО гаруй жилийн түүхэн гэрч юм. Энэ тухай зохиолч Гочоогийн Жамц гуай надад цухасхан хуучлав. Музейд түүхийн асар үнэ цэнэтэй эд өлгийн дурсгал хадгалагдаж байдаг, ер нь баялаг үзмэртэй л дээ. Намайг багад үхэр тэрэг ачаалсан хөх сарлагийн чихмэл байсан, өнөө ч байж л байна. Нүд нь эгээ л амьд юм шиг гялалзана. Тайлбарлагч аймгийн арслан Ша рав гэ дэг залуу өмнө нь сонсоогүй сонирхолтой түүх ярьж өгөв. Тэртээ 5О жилийн өмнө Жаргалант сумын гэсэн байх аа, тэгж хэлсэн санагдаж байна, аль сумынх нь яахав. Айлууд өвөлжөөлөх дөхс өн идэр хүйтэнд нэгдлийн хөх сар лагийн бух дошиж, нүүдэл

суудал хийх айлуудын давдаг ганц замыг нь хаагаад зогсчихож. Хүн амьтан байтугай хөх чоно ч ойртож чадахгүй олон хоножээ. Аргаа бараад төвөөс хүн дуудаж ирүүлээд буудан унагаж, зам чөлөөлсөн гэнэ. Хэдийгээр буудан хороосон нь ёс бус юм шиг боловч түүх бол түүх шүү дээ. Тэгээд зам хааж дошсон сарлагийн хөх бух музейн чихмэл болж 5О жил энд зогсож байгаа юм байна. Арын сайхан хангай бол олон сайхан найрагч, зохиолчдыг төрүүлсэн нутаг.

Муу шавь олон багштай гэдэг. Үнэн байж магад. Их олон сайхан хүний хайр ивээлээр би хүний дайтай хүн болж, өдий зэрэгтэй яваагаа их хувь завшаан гэж боддог. Хадаг барьж шавилсан миний багш Чимидравдангийн Мягмарсүрэн Өндөр-Улааных, өчүүхэн надад их сургуульд хичээл зааж байсан Довчингийн Отгонсүрэн багш минь Хайрханых, гараас хөтөлж амьдралд хөл алхуулсан миний ах Сүхбаатарын Батмөнх Эрдэнэмандалынх, ясны шогч Жаргалын Барамсай ах минь Хангайнх.

Төрийн шагналт Цэндийн Доржготов ах минь Хашаатынх. Ийм олон сайхан ах нарын алган дээр бөмбөрч явж энэ зэрэгт хүрчээ би. “Сэтгэлд гал байхад Зууханд гал олдоно” хэмээсэн гайхамшигт яруу найрагч Ламжавын Лувсан дорж Эрдэнэ мандалын хүн. “Хангай цом” яруу найргийн наадмыг 1986 онд зохион явуулсан юм билээ. Анх санаачилсан, басхүү анхны цомыг нь хүртсэн хүн бол Жигмэдийн Батсайхан байжээ. Аравдугаар ангийн хүүхэд би 199О онд энэ наадамд уралдаад тусгай шагнал хүртэж байснаа тодхон санаж байна. Бодвол тэр үед намайг өхөөрдөөд шагналт байрт оруулсан байлгүй яав гэж.

Миний мэдэх ийм түүхтэй наадам. Манай нутгийн шүлэг бичдэг болгон нь өөрийгөө сойж, ганц удаа ч болов айраг цагаа хүртэхсэн гэж чамбайхан бэлддэг наадам бол “Хангай цом” юм. Энэ жилийн наадам сайхан боллоо. Хот хөдөөгөөс чуулсан ЗО гаруй найрагч шүлгээ дуудаж, “Дөрвөн нүдтэй дэлхий” гэх тийм ч нимгэнгүй шүлгийн түүврээ гаргасан Баяр “Хангай цом”- ын эзэн боллоо. Тэргэнцэртэй, эцэнхий энэ залууг би хайрладаг юм.

Яруу найргаар өвдөж, яруу найргаар амьсгалсан энэ залуу, зөвхөн энэ наадамд уралдахын тулд 5ОО км зам туулж ирснийг бодохоос л хайрламаар байлаа. Зүрх сэтгэлээ яруу найрагт өгсөн ийм сайхан найрагч эрхэмсэг сайхан цомын эзэн болсонд бид сэтгэл хангалуун байсан шүү. Удаад нь өөрийн гэсэн тод өнгөтэй болж яваа залуу яруу найрагч, МУИСийн оюутан Өсөхболд, гутгаарт аймгийн төвөөс оролцсон, өмнө нь хэд хэдэн жижиг наадамд түрүүлж, айрагдсан П.Жавзансүрэн гэдэг бүсгүй орлоо.

Энэ жилийн наадам сайхан боллоо, ирэх жилийн наадам хол байна даа хол байна. Есөн сарын тэнгэр дор ерхөг хялгана найгалзана, ерөөлөөр олсон нутаг ус минь ер бусын шидээр тэтгэнэм. Гүн ертөнцийн үлшгүй алс нь цаг мөнхөд дууддаг аа. Гүйгүүл адуу шиг тэмцэж ирлээ, зовсон биеийн хөндүүр илааршинам. Ай сэтгэл минь дэвтлээ. Ус ууж ханасан хүлэг шиг сэтгэл минь ханалаа….нутаг ус минь.


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.