Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХ ЧӨЛӨӨГ УИХ “СЭРГЭЭНЭ”

 УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон захирамж гаргав. Олон нийтийн анхаарал татаж байгаа зарим хуулийн төслийг жагсаалтын эхээр оруулжээ. Улсын төсөв, Үндсэн чиглэлийг батлах үүрэг уг чуулганд оногддог. Тиймээс хэлэлцэх асуудлын дараалалд энэ төслүүд “жин дарна”.

Энэ удаагийн чуулганаар Сонгуулийн тухай, Жендерийн тэгш байдлын тухай болон УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн хуулийг батлана гэж нийгэм хүлээж байгаа. Мөн олон Парламент дамнан хэлэлцэж буй ч баталж чаддаггүй Мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэх асуудлын 10 дугаарт оруулсан аж. Үүнийг батлах уу, эсвэл дахин “гацаанд” оруулах уу гэдгийг эрхэм гишүүд шийднэ.

Уг дарааллыг тогтоохдоо Хөтөлбөр, Үндсэн чиглэлд туссан, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн байдал, Байнгын хорооны саналыг харгалзсан юм байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга), Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга)- ийг намрын чуулганы эхээр хэлэлцэхээр тогтжээ.

Одоогийн байдлаар УИХ-д 66 хуулийн төсөл өргөн мэдүүлсний 29 нь хэлэлцүүлгийн шатанд, 37 нь хэлэлцэж эхлээгүй байгаа аж. Тиймээс Зөвлөлийн хуралдаанаас Казиногийн хуулийн төсөл, Монгол Улсын Эрүүгийн (төрөлжсөн) хуулийн төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Бэлчээрийн тухай, Төрийн дээд цол, одон медалийн тухай хуулийн төсөл дээр УИХ-ын Тамгын газар болон бусад судлаачийг оролцуулсан баг ажиллуулж, хууль зүйн зөвлөмж – дүгнэлт гаргуулахаар тогтжээ. Агуулга давхардсан гэж үзсэн 10 орчим хуулийн төслийг бусдад нь “шингээх” боломжтой гэж үзээд санаачлагчид нь буцаахаар болсон байна

Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2010 оны 41 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоосугай: 1/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл / Шинэчилсэн найруулга/;

2/Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

3/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

4/Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл / Шинэчилсэн найруулга/;

5/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

6/Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл / Шинэчилсэн найруулга/;

7/Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

8/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

9/Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл;

10/Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

11/Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

12/Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл;

13/Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл;

14/Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл;

15/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

16/Төсвийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

17/Бэлчээрийн тухай хуулийн төсөл;

18/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл / Шинэчилсэн найруулга/;

19/Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл;

20/Зээлийн мэдээллийн тухай хуулийн төсөл;

21/Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийн төсөл;

22/Казиногийн хуулийн төсөл;

23/Төрийн дээд цол, одон, медалийн тухай хуулийн төсөл;

24/Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл;

25/Галт зэвсгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

26/“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

27/Бусад


С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.