Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭЛСНИЙ НИНЖАГ БУЙЛУУЛСАН АРСЛАН УЛС

Азийн бяцхан Сингапур аварга том тоос сорогч мэт хөрш орнуудаасаа хөрс шороог нь сорон авч байна гэвэл та итгэх үү? Сүүлийн үед Сингапурт барилгын болон газар шорооны материалыг хулгайн най маачид хил давуулан нийлүүлдэг болжээ. Үүний үрээр арлын хот улс Сингапур сүүлийн арван жилд газар нутгаа ихээхэн томсгож чадсан байна. Яаж тэд “томорч” чадаж байна вэ?

Цагтаа Азийн бар хэмээн нэрлэгдэж явсан энэ орон газар нутаг багатай ч мөнгө төгрөг ихтэй. Ингээд л хөрс шороо худалдаж аван, далайд цацан хиймэл арал хийсээр нутаг дэвсгэрээ 20 хувь өсгөж чадсан байх юм.

Айлын хүүхдүүд адтай гэж. Газраа томсгох, байшин барилга барих гээд жилд энэ улс 1.5 тэрбум шоо метр элс хэрэглэдэг.

Элсний хангалтын бааз нь болж байсан Сингапурын хөршүүд Азийн барын ханаж цадахыг мэдэхгүй хүслийг хангаж чадахгүйгээ мэдээд ээлж дараалан элс экспортлохоо зогсоож эхэлжээ.

Индонез, Малайз, Камбож, Вьетнам улс элс зарахыг хориглосон ч хулгайн наймаачид нь гаргасаар л байна. Элсний экспортыг хориглосноор элсний нинжа гэгч шинэ бизнестэй болж, жилдээ хэдэн сая доллар олж байгаа гэнэ. Сонин юм шүү. Хулгайн наймаачид хар тамхи, буу зэвсэг биш элс шороо хулгайлаад л баяжиж байна. Өнгөрсөн жилийн сүүлээр Индонезид элсний наймаатай холбоотой хэрэг гарсан.

“PT Ascho Unggul Pratama” хэмээх компани Кракатау галт уулнаас эрдэс баялаг ихтэй элс Сингапурт гаргахыг оролдоод баригджээ. Тэд нутгийн иргэдэд галт уулын дэлбэрэлтээр халуун лав урсахаас хамгаалах суваг барина гэж тайлбар тавьсан байна. Хөдөөгийн загасчдын хэлснээр элсний бизнесменүүд өөр хэд хэдэн галт уулыг онгичоод хаясан сурагтай. Харин Индонезийн нинжа нар манайхныг бодвол шашин шүтлэгтэй улс бололтой.

Тэд 100 жилийн өмнө арлыг захирч байсан Сиекх Дапур хан хүүгийн сүнс одоо болтол эзэмшил нутгаа эргэж байдаг хэмээн итгэдэг. Элсний нинжа нар нутгийн иргэдийг цуглуулан, ямаа гаргаж, дайллага хийн, уул усыг тахин, өвөг дээдсийн сүнснээс газар ухах зөвшөөрөл аваад л элсээ гаргаж эхэлдэг гэх.

“PT Ascho Unggul Pratama” компанийн лав урсгах суваг тавих ажил нь худал яриа болох нь удалгүй баригджээ.

Тэдний байрлуулсан төхөөрөмж нь ердөө л усан онгоцонд элс ачих хэдхэн ширхэг хоолой л байсан аж.

1999 онд дархан цаазат газар болсон Кракатау уулыг хэрхэн тонож байгааг харсан загасчид Walhi хэмээх байгаль хамгаалах олон нийтийн байгууллагад мэдэгдсэн байна.

Цаашлаад тус компани галт ууланд малтлага хийх ямар ч зөвшөөрөлгүй нь илэрчээ. Walhi байгууллагын тэргүүн Мукри Фриатна “Галт уулын дэлбэрэлтээс хамгаална гэдэг яриа элс хулгайлахаа л нуух гэсэн оролдлого байлаа.

Хэрэв Засгийн газраас тэднийг зогсоогоогүй бол хэдэн сая шоо метр элсийг тэд хулгайлаад зарчих байсан” гэж ярьж байна. Элсний хулгай Индонезийн эрх баригчдын санаа зовоогоод удаж байна. 17 мянган арлаас тогтох энэ оронд харуул хамгаалалтгүй газар олох тун амархан. Байгаль хамгаалагчдын тооцоолсноор 2005 оноос хойш Индонез бүхэл бүтэн 24 арлаа хулгайн наймаачдад алдаад байгаа гэнэ.

24 арал алга болно гэдэг тоглоом биш ээ. Алдагдсан газар шорооны ихэнх нь Сингапурт очоод хэдийнэ байр сав болсон байгаа хэрэг.

2007 онд элсний хориг тавихаасаа өмнө Индонез Сингапурт элс нийлүүлдэг хамгийн том түнш нь байлаа. Тэр үед л элсний нинжа нар улсын компаниудаас хэд дахин илүү элс хулгайгаар Сингапурт гаргадаг байж.

Хориг гарахаас хоёр жилийн өмнө Сингапурын Статистикийн газраас Индонезоос жилд 160 сая долларын элс худалдан авч байна гэсэн тооцоо гаргаж байсан бол Индонезийн Засгийн газар элснээс зургаан сая доллар л олсон гэж тэмдэглэсэн байдаг.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нинжа нар ганц шөнийн дотор 10 мянган шоо метр элс хулгайлж байгаа аж.

Ингэхээр жилд Индонезийн 300 сая шоо метр элс хулгайгаар хил давж байгаа гэсэн үг. Нинжа нар хулгайлсан элсээ Сингапурын боомтод аваачих ба тэнд элсийг хаанаас яаж авсныг нь асуух ч үгүй баярлаад л авдаг гэнэ. Сингапурын боомтын хямд элс аваад цааш нь дамлан худалдах зорилготой наймаачдад элс олж л байвал хууль бус энэ тэр ер хамаагүй.

Одоогийн байдлаар элсний дундаж үнэ чанараасаа хамааран, шоо метр нь 35-60 долларт хүрдэг бол нинжа нар ердөө л 1-6 доллар авдаг байна. Ийм нэг аюултай ч ашигтай бизнес Зүүн Өмнөд Азид цэцэглэж байна. Интернэт үнэ хаялцах худалдааны eBay хуудасны хятад хэл дээрх хувилбар alibaba.com сайт дээр элс зарах, авах зарлал байнга гарна. “Сингапурын компанид барилгын ажлын элс яаралтай хэрэгтэй байна” гэх мэт зарлалын дор Малайз, Камбож, Вьетнамын наймаачид үнийн санал тавих нь элбэг.

Дээрх орны цагдаагийн газар төрөлх газар шороогоо алдахгүйн тулд чадах чинээгээрээ тэмцэж байгаа ч энэ наймааг зогсоож чадахгүй л байна. Камбож өнгөрсөн жилийн тавдугаар сард элсний худалдааг хориглосон. Камбожийн элс элдэв хольцгүй, цэвэр тул үнэтэй байдаг аж. Гэвч нутгийн загасчид голын ёроолоос элс авснаар загас ховордон, устаж байна хэмээн гомдол гаргасан тул Засгийн газар нь нинжа нарыг хориглохоос өөр аргагүйд хүрчээ. Тэнд бас л манайх шиг загасчид, нинжа нарын хооронд мөргөлдөөн гарсан гэх.

Гэвч Камбожийн Ерөнхий сайд Хун Сен хэрэв байгаль орчинд хохиролгүй бол элс экспортолж болно гэж мэдэгдсэн байх ба мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар яамны түшмэдүүд элсний лиценз дээр ажиллаж мөнгө олохыг хүсдэг гэнэ. Элс гаргаж байгаа оронд нь хээл хахууль цэцэглэсэн тохиолдолд элсний наймаатай яаж ч тэмцээд ашиг олохгүй гэж судлаачид үзэж байгаа аж.

2010 оны нэгдүгээр сард Малайзийн цагдаагийн газар хахууль аван, зөвшөөрөлгүй элс гаргасан гаалийн 38 ажилтныг баривчилсан байна. Тэдний зарим нь өөрсдөө элсний бизнес эрхэлдэг байсан аж. Саяхан элс ачсан 40 ачааны тэрэг Малайз, Сингапурын хил давахыг оролдсон ба хилчдэд баригдахаа ойлгомогц машинаа хаяад зугтжээ. Элсний наймаанаас хамгийн их хохирч байгаа улс бол Вьетнам. Элсний хулгайнаас болж энэ орны том том голууд устаж алга болоход хүрээд байна.

Ханой хотын дундуур урсдаг Хонгха голын эрэгт орших хэд хэдэн тосгон үерт автан алга болжээ. Элсний нинжа нар хамаг даланг нь ачаад явчихсаны гай гэнэ. Элсний наймаачдад туслах нутгийн иргэд ч ихсэж, завиндаа тусгай насос байрлуулан, голын ёроолоос цэвэр элс соруулж аваад зардаг болсон байна. 2010 оны эхний хагаст вьетнам нинжа нар долоон сая тонн элс хил давуулсан нь сүүлийн 10 жилд гаргасан хэмжээтэй тэнцэж байгаа юм.

Вьетнамын Засгийн газар элс гаргахыг бүрмөсөн хориглосон шийдвэр гаргасан ч хэдий хүртэл үргэлжлэх нь ойлгомжгүй хэвээр. Хэдийгээр элсний түншүүд нь нэг нэгээр салан одож байгаа ч Сингапурын Засгийн газар сандарч тэвдэхгүй байна. Сингапурын Үндсэний хөгжлийн яамны төлөөлөгчийн хэлснээр элсний экспортын хориг тэдэнд ямар ч нөлөө үзүүлээгүй аж. Тэгээд ч элс олох нөөц хувилбар хангалттай гэнэ.

Саяхан Бирм тэдэнд элсний наймаа хийх санал тавьсан байна. Мэдээж хэрэг Сингапур үүрд мөнх том роод тэлээд байхгүй. Одоо энэ хот улсад таван сая хүн амьдарч байгаа нь таван жилийн өмнөхөөс 20 хувь нэмэгдсэн гэсэн үг. Өргөөшөө тэлж чадахгүй болмогцоо Сингапур өндрөөшөө л тэлэх болно. Далай тэнгист элс шороо цацан, шинэ нутаг дэвсгэр бүтээж чадахгүй ч өндөр байшин барилга барьсаар байгаа цагт элс тэдэнд хэрэгтэй.

Тэгэхээр ойрын хэдэн арван жилдээ элсний нинжа нар ажилгүй болохын зовлон байхгүй бололтой. Сингапур байшин барьж байгаа цагт, хөршүүд нь элсний хориг тавьсаар байх болно. Хориг тавих тусам элсний үнэ нэмэгдэнэ. Үнэ нэмэгдэхээр элс зарах гэсэн наймаачид улам олширно гэсэн үг.

 

М.СУГАРАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.