Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Удам дамжсан жүжигчдийн уухайн түрлэгтэй тоглолт

 ҮДБЭЧ-ын гоцлооч А.Даваахүүгийн “Салхиар хөглөгдсөн бүжихүйн увдис” тоглолт бямба гаригт болж өндөрлөлөө. Тэрбээр 18 жилийн турш бүжгийн урлагт бие сэтгэлээ зориулж яваа нэгэн. Урлагийн гэр бүлийн ууган хүүгийн хувьд аавынхаа мэргэжлийг өвлөн сайн бүжигчин, бүжиг дэглээч болохоор хичээж яваа түүний бүжгийн тоглолтыг шимтэн үзэх гэсэн хүмүүс Соёлын төв өргөөг дүүргэж, хоёр цаг гаруй монгол бүжгийн гайхамшгийг мэдэрсэн юм.

Тоглолт “…Морьтон Монголын хиймориор Мөнх тэнгэрийн дор Онгод сүлдээ дээдлэн Орчлонг доргитол бүжмүй, хүлэг минь, бүжиг минь, хүсэл минь” гэсэн соёлын тэргүүний ажилтан А.Даваахүүгийн үгээр эхэлсэн. Тэрбээр ҮДБЭЧ-д тавигдсан 30 гаруй бүтээлд гоцолж байсан ба тэдгээрээс энэ тоглолтод “Нарны домог”, “Нүүдэл” зэрэг бүжгэн жүжгийн хэсгээс багтаажээ.

А.Даваахүү аав Ц.Алтангэрэл, дүү А.Батхүүгийнхээ хамт “Хултай биелгээ” хийсэн нь тоглолтын хамгийн сонирхолтой хэсэг байв. Тэд тайзыг эзэгнэн монгол бүжгийн чичиргээ, биелгээний гайхамшгийг харуулсан. Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Зоригт, түүний аав Ц.Алтангэрэл, гавьяат жүжигчин Л.Батжаргал нар “Чацуутан” бүжгээр мэндчилж, нас ахисан ч бүжихүйн урлагийг эзэмшсэн эрдэм чадлаа гайхуулсан юм.

“Салхиар хөглөгдсөн бүжихүйн увдис” тоглолтын үеэр техникийн саатал гарч, хөгжим хэдэнтээ тасарсан ч үзэгчдийн алга ташилтын хэмнэлээр бүжигчид тоглолтоо үргэлжлүүлсээр байсан юм.

Ж.СЭЛЭНГЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.