Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бөхийн наргиа

 Арслан минь энэ шороон дотор төөрчихөв. Тэгвэл индэрт гарч чадахгүй шүү

 Г.Дэмүүл, Л.Сосорбарам хоёртой удаан барилдаж давсан Ж.Мөнхбат аваргыг У.Мижидорж арслантай үзүүр түрүүнд барилдахаар гарахад Жамъян дарга “За, Мөнхбат минь битгий удаарай” гэхэд “Та зовлон ойлгохгүй байна. Тэр хоёрын хэн давсан нь түрүүлчих гээд байсан юм. Одоо бол энэ арслантай удахгүй ээ” гэж гараад, давхар хамаад хаячихаж гэнэ. Тэгээд үзүүрлэсэн арсланд “За арслан гуай минь,  энэ шороон дотор төөрчихөв. Надаас нэг метр ч битгий холдоорой. Тэгвэл индэрт гарч чадахгүй юм болно шүү” гэж хорыг нь маажсан гэдэг. 
 
Үгүй ээ, ах нь уначихсан, уначихсан
 
Сайхан жудагтай бөхийн тухай бөхчүүд өөр хоорондоо ярих дуртай. Д.Сэрээтэр начин Б.Түвдэндорж аваргаар тав давж, улсын начны босго алхаад, зургаагийн даваанд Ж.Чойжилсүрэн арслантай таарч барилджээ. Начин уначихаад, тахимаа өгөх гэтэл арслан өөдөөс нь “Ах нь уначихсан, уначихсан” гээд тахимаа өгчихөөд явчихсан аж. Сүүлд барилдааны бичлэг харж байхад арсланг хавсрах гээд ухасхийхэд залуу начин зөрүүлээд хавсартал түрүүлээд бөгсөөрөө суучихсан байжээ. Энэ цагийн бөхчүүд харин яах байсан бол оо… 
 
Ж.Оргилболд начин борооноор өрх татсан нь
 
Улсын начин Ч.Өвгөнхүү тэргүүтэй бөхчүүд наадмын бэлтгэлд гарчээ. Тэр үеэр бороо орж, бүгд л хөнжилдөө шургаж, хэвтчихээд хэн нь ч гарч өрх татах янзгүй байж гэнэ. Тэгтэл начин “За, та нараас өрх татах хүн байхгүй бол би л гарахаас даа” гээд өндийтөл. Оргилболд начин босч ирээд, гэрийнхээ тооноор гараа гарган “Багшаа, ингээд татчихаж болох уу” гээд өрхөө урагшлуулжээ.
 
Тахианы гуя авсан нь
 
Улсын начин Б.Жавхлантөгстэй нэлээн хэдэн бөх Орос руу олон улсын тэмцээнд оролцохоор явжээ. Тэд буудалдаа очиж байрлачихаад, ойр хавийнхаа газрыг  үзэж, сонирхохоор гадуур гарчээ. Дасгалжуулагч нь “Та нар ганц тахианы гуя олоод ирээрэй” гэж захиж гэнэ. Тэд ч сайн хэсч аваад, оройхон байр руугаа явж байхдаа нөгөө захиасыг нь гэнэт санан дэлгүүр оржээ. Гуя худалдаж авахаар болтол оросоор юу гэж хэлдгийг мэддэг хүн байсангүй. Тэгтэл нэг нь тахианы өндөг рүү заагаад “Его мама” гэж хэлээд бөөн инээдэм болжээ.
 
Хамгийн царайлаг бөх шалгаруулъя
 
Бэлтгэлд гарчихаад байсан хэсэг бөхчүүд янз бүрийн онигоо ярьж, нэг нэгнээ “явуулж” байжээ. Тэгтэл нэг нь “Одоо цөмөөрөө дотроосоо хамгийн царайлаг бөхөө шалгаруулъя” гэсэн санал гаргаж, бүгд л “тэгье, тэгье” гэхэд тухайн үед аймгийн арслан цолтой байсан Ц.Магалжав “Өө, больё, больё. Би ичээд байна” гэсэн аж. Уг нь шалгаруулаагүй яг шалгаруулах гэж байтал тэрбээр өөрийгөө түрүүлэхийг мэдээд санаа нь ихэд зовжээ.
 
Гурван хөлтэй бол барилддаг бөх
 
Дэлхийн хошой аварга З.Ойдовын төрсөн дүү, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин, улсын заан З.Дүвчинг “Ганц хөлөөрөө барилддаг бөх” гэлцэх нь бий. “Ямартаа ч  Дүвчин бол нэг хөлөө учраадаа өгчихөөд, өрөөсөн хөлөө өрсөлдөгчийнхөө хоёр хөлтэй нийлүүлж, барилдаад хаядаг айхтар сүрхий бөх дөө” хэмээн нэгэн бөхийн хорхойтны ярихыг тэрбээр сонсчихоод “Пөөх, хөлөө өгчихөөд хүн хаяна гэж юу байх вэ. Харин тэгж ярьсан хүн бол миний алтан балиашиг болж таарлаа” хэмээн уулга алдсан гэнэ. 
 
Д.Хадбаатар аварга Ж.Мөнхбат аваргын Үгэнд орсонгүй
 
Хадаа аварга хүнд хар, буруу санадаггүй хүүхэд шиг цайлган, сэтгэлийн хөдөлгөөнтэй нэгэн байжээ. Нэг удаа улсын наадамд Мөөеө аварга Хадаа аваргаар Х.Баянмөнх аваргыг хаяулах гэж мэх зааж өгчээ. Х.Баянмөнх аваргатай барилдаж байтал үзэгчид “Хадаад өгье, Хадаад өгье” гэж хашгирсан чинь нөгөө сэтгэлийн хөдөлгөөнтэй аварга маань хөлд нь ороод уначихжээ. Мөөеө аварга түүнийг дуудаад “Чамд золгож барилдаад, өргөж хая гэж мэх зааснаас биш хөлд нь ор гэж мэх заасан юм уу” гэж загнаад, алгадаж байсан удаатай аж.
 
Чи намайг танихгүй байна уу?
 
Наадамчин олонд “Том” хэмээн хүндлэгддэг П.Сүхбат гарьдыг цагдаа зогсооход “Чи намайг танихгүй байна уу” гэж машинаасаа буугаад цагдааг хөөж алдаж гэнэ. Тэр цагдаа шинэ залуу хүн байсан болоод ч тэр үү гарьдыг сайн танихгүй байж л дээ. Түүнийг бусад цагдаа нар нь  харчихаад хоорондоо дэмий л жиг жуг инээлдээд байсан юм байх. Айж, эмээсэн цагдаа “Та нар намайг хөөгөөд байхад яагаад тусалдаггүй юм бэ” гэж гомдолложээ. Нөгөө цагдаа нар нь гарьдыг таньчихаад, очиж уулзахгүй байж. Тэгээд “Чи яагаад зугатаад байгаа юм бэ” гэж нөгөөхөөсөө асуухад “Хүн хөөгөөд байхад би зугатаахгүй яах юм бэ” гэж хэлжээ. 
 
Буузны хулгайчийг барьсан нь  
 
Тогооч ажилтай “Дүүгүүр” хочит ул­сын начин М.Болдбаатар гартаа мундаг хүчтэй тул нударгандаа тун итгэлтэй байдаг аж. Түүнийг цагаан сарын шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргаад явж байтал нэг хүн тэдний байрны хоёр давхрын тагтаар бууж яваа харагджээ. Начин “Ийм сайхан өдөр яасан өөдгүй юм хийж явдаг лойчихсон буузны хулгайч вэ” гэж ихэд зэвүүцээд, гарын шүүс үзүүлэхээр бууж ирмэгц нь шилдээд авчээ. Тэгсэн нөгөө хулгайч байрных нь нэг хөвгүүн байж. Начны өөдөөс эмээсэн харцаар хараад “Болдоо ахаа, ойлгоорой. Би зүг мөрөө гаргаж яваа юм аа” гэжээ. 
 
Чамайг харах гэж ирсэн чавганц ч энд алга 
 
“Аат” аварга Ж.Мөнхбатыг ид барилдаж байх үед наадмыг зохион байгуулж байсан комиссын дарга нь дуудаж “За, хө чи яагаад наадам эхэлсэн хойно ирж, ард түмэн, төр засгийн тэргүүнүүдийг чилээгээд байна” гэхэд хариуд нь “Чи битгий донгос. Хэзээ ,хаана, яаж барилдахаа би мэдье. Намайг харах гэж ирсэн 80 мянган хүн дотор чамайг харах гэж ирсэн  чавганц ч энд алга байна” хэмээн “томорчээ”. Тухайн үед Мөөеө аваргын “ам”, “аа” хоёрыг хэн ч барьдаггүй байсан гэдэг. 
 
Энэ нь ч арай дээр юм уу даа
 
Ж.Мөнхбат, Д.Хадбаатар аварга хоёр хорио тавигдаагүй байхад Төв аймагт тарвагачилж яваад, эргүүлийнхэнд баригджээ. Тэд дөрвөн тарвага агначихсан, дөрвөн шил  архитай, олз омог ихтэй явж байж. Мөөеө аварга сэргэлэнтэх санаатай Хадаадаа хандаж “Нөгөө дөрвийнхөө нэгийг аваад ир” гэжээ. (Уг нь архи авчир гэсэн үг) Тэгсэн аварга удаад л байх юм гэнэ. Тэгж, тэгж “Энэ нь ч арай дээр юм уу даа” гэчихсэн хамгийн том тарвагыг  сарвайтал бариад ирж гэнэ. Харин энэ нь бүр сайнаар эргэн, бөөн инээдэм болж, эргүүлийнхэн хоёр аваргын хишгээс хүртэж, шийтгэл торгууль гэлгүй яваад өгчээ.
 
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.