Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Афганистанд парламентын сонгууль боллоо

Талибын зэвсэгт дайчид санал хураалтыг тасалдуулна гэж сүрдүүлж байсан хэдий ч өнгөрсөн бямба гаригт Афганистанд парламентын сонгууль болдгоороо боллоо. Сонгуулийн өдөр тус улсын хойд зүгт аюулгүйн албаны зургаан ажилтан талибуудын гарт амь үрэгдэж, Афганистаны янз бүрийн газарт наад зах нь 14 хүн амь насаа алджээ. Сонгуулийн ирц 40 орчим хувьтай байсан бөгөөд элдэв луйвар, зөрчил гарсан тухай мэдээ ч бас байна.

Энэ удаагийн парламентын сонгууль Ерөнхийлөгч Хамид Карзайд ард түмэн хэрхэн итгэж байгаагийн илрэл болно хэмээн үзэж буй юм. Энэ сонгуулиар парламентын доод танхимын 249 суудлын төлөө 2500 орчим нэр дэвшигч өрсөлдлөө. Афганы үндэсний арми болон эвслийн хүч ний 150 мянга орчим цэргийн алба хаагч сон гуулийн өдөр байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд орсон байжээ.

Тус улсад 10 сая сонгогч саналаа өгөхөөр бүрт гүүлсэн байж. Гэвч Афган дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын ажилтнууд байлдааны цагийн байдлын хүндрэл бэрхшээлийг тооцон үзсэний үндсэнд тэдгээрийн 5-7 сая нь оролцвол сонгууль хүчинтэйд тооцно хэмээн үзэж байсан юм. Бямба гаригт болсон парламентын сонгууль өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуулиас илүүтэй хүчирхийлэл дагуулсан тухай НАТОгийн төлөөлөгч мэдэгдэв.

Энэ удаагийн сонгуулийн санал хураалт дуусах үед 303 халдлага бүртгэгдсэн бол өнгөрсөн оны наймдугаар сард энэ тоо 479 байжээ. Санал хураалтын явцад ноцтой хэд хэдэн зөрчил илэрснийг орон нутгийн сэтгүүлчид илрүүлсэн бөгөөд Гельменд мужид сонгогчийн хуурамч үнэмлэх ашиглан санал өгсөн 26 хүнийг баривчлан саатуулав. Афганистаны зүүн зүгийн Вардак мужид сонгуулийн хаалттай хэсэгт санал бөглөсөн хуудаснууд хайрцагт хийх гэсэн оролдлогыг таслан зогсоосон байна.

Энэчлэн сонгуулийн хороо, хэсгийн ажилтнууд авлига авсан тухай мэдээлснээс гадна хурууныхаа будгийг арилгаж дахин санал өгөхөөр оролдсон тохиолдол ч гарчээ. Сонгууль амжилттай болсон гэж хэлэхэд эрт байна. Афганистаны олон мужид, нэн ялангуяа өмнө зүгт санал хураалт нэлээд хүндрэлтэй нөхцөлд боллоо. Бусад газарт сонгогчид ихээхэн идэвхтэй саналаа өглөө гэж Афганистан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн Стеффан де Мистура мэдэгдэв.

Афганистанд болсон парламентын сонгуулийн урьдчилсан дүн энэ сарын 22-нд гарч, эцсийн дүнг түүнээс хойш 10 хоногийн дараа зарлах юм байна. Сонгуулийн дүн Засгийн газрын бүрэлдэхүүнд нөлөөлөхгүй. Харин Ерөнхийлөгч Х.Карзайн дэмжсэн нэр дэвшигчид ялагдах юм уу, элдэв луйвраас болж сонгуулийн үр дүнд эргэлзээ төрөхөд хүрвэл түүний нэр хүндэд таагүй юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун парламентын сонгууль хийснийх нь төлөө Афганистаны оршин суугчдад талархал илэрхийлж, талибуудын сүрдүүлгийг үл ажран санал хураалтад оролцсоныг нь эр зориг, шийдмэг байдлын илрэл гэж үнэллээ. Сонгуулийн санал хураалтад сонгуулийн насны иргэдийн 40 орчим хувь буюу 3.5 сая хүн оролцжээ. Аюулгүй байдлаас үүдсэн болгоомжлолоос болж сонгуулийн 1000 орчим хэсэг хаалгаа нээгээгүй байна.

 

Б.БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.