Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УУЛ УУРХАЙН КОМПАНИУД НӨХӨН ТӨЛБӨРӨӨ ЗОХИОМЛООР НЭМЖЭЭ

 Ой, усны сав газар ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглох тухай хуулийг батлаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Сав газрын хилийн заагийг тогтооно гэж хэсэг хугацаа авсны эцэст сая нэг хамрах газрыг нь тогтоож дуусаж буй аж. Гэсэн ч хууль хэрэгжихгүй хэвээр л байна.

Энэ талаар төсөл санаачлагч гишүүн Б.БатЭрдэнэ өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Манай улсад энэ оны хоёрдугаар сарын байдлаар хайгуулын 3617, ашиглалтын 1089 лиценз олгоод буй юм байна. Үүнээс хайгуулын 901, ашиглалтын 212 лицензийг чухамхүү ой, усны сав газарт олгосон байжээ.

Өөрөөр хэлбэл, эдгээр тусгай зөвшөөр лийг хүчингүй болгох ёстой гэсэн үг. Хуулийг 2009 оны долдугаар сарын 15- нд баталсан. Мөн оныхоо арванхоёрдугаар сарын 15-наас хэрэгжүүлэх ёстой байв. Гэтэл хилийн зааг тогтооно, лицензийг нь цуцлахаар тухайн компаниудад их хэмжээний нөхөн төлбөр төлнө, “нинжа” нарыг яах вэ гэх мэт асуудал гарч иржээ.

Хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулаад “нинжа” нарын асуудлыг цэгцэлчихэв. Хилийн заагийг Засгийн газар тогтоогоод дуусаж. Ингээд “нөхөн төлбөр” гэдэг асуудал л үлдэж буй юм байна. Хайгуулын лицензтэй 901 компаниас 132 нь л нөхөн төлбөрийн тооцоогоо ирүүлжээ. Түүний нийлбэр нь нэг их наяд төгрөг болж буй аж.

Анх хууль батлахад нөхөн төлбөрт 100-200 тэрбум төгрөг шаардагдана гэж тооцсон ч ийнхүү өссөн нь компаниуд мөнгөний хэмжээг зохиомлоор нэмж байгаа гэж бодоход хүргэжээ. Нөхөн төлбөрийн мөнгийг Засгийн газраас гаргах учиртай юм билээ. Тэгэхээр тэдний ирүүлсэн тооцоог нягтлах, шалгах бас нэг ажил ундарсан байна.

Засгийн газрыг ийнхүү гайхширч суух хооронд байгаль орчин сүйдэж, ой, усны сав газарт уул уурхайн олборлолт өрнөсөөр, иргэд, харийнхны дунд “дайн” болсоор байгааг Б.Бат-Эрдэнэ сануулав. Тэрбээр “Одоо хуулиа хэрэгжүүлж, байгалиа хамгаалах цаг нь болсон. Тэгэхгүй бол энэ асуудал улсын аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ” гэсэн юм. Мөн “Хуулийг хэрэгжүүлэх гэж хүч гаргахгүй байна, сонирхол алга” гэж онцоллоо.

 

С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.