Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТЕРРОРИЗМЫН ЭРИН ЗУУН ГЭХ НЭР ЗҮҮХ ВИЙ

ОХУ-ын Владикавзад болсон алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн 17 хүнийг есдүгээр сарын 11-ны өдөр оршуулав. Есөн жилийн тэртээ гурван мянга гаруй хүний амийг авч одсон эмгэнэлт явдал мөн л энэ өдөр болсон. Эрин зууны бараг л нэрийн хуудас болсон, хүн төрөлхтний сэтгэлгээний тахал нь терроризм. Дэлхийн аль нэг улсад аллага болж, хүн амь үрэгдлээ гэсэн мэдээг өглөө бүр сонсдог болсон цаг үед бид амьдарч байна. Метро, худалдааны төв, машины зогсоол гээд түм түжигнэсэн газар болгонд амь нас, аюулгүй байдалдаа сэтгэл зовсон энгийн иргэдийн айдас ноёлжээ.

Улс төр, үзэл бодол, шашны зөрчилдөөний төлөөс нь хэдэн мянган гэмгүй хүний эрдэнэт амь болж буй. Тэгвэл терроризм гэж яг юуг хэлээд байна вэ, хүмүүсийг сая саяар нь үгүй хийх энэ үйл ажиллагааны эцсийн зорилго нь юу вэ гэдгийг тайлбарлах гэж оролдъё. Олон нийтийн тогтсон үзлийг өөрчлөх, аль нэг улс орны засаг захиргаа болон цэргийн бодлогод нөлөөлөх зорилгоор зохион байгуулалттай энгийн иргэдийг хөнөөхийг терроризм гэж нэрлэдэг.

Улс орнуудын нийгмийн хөгжил, хүний сэтгэхүй өөрчлөлтөөс шалтгаалж терроризм хөгжиж, арга ажиллагаа нь улам нарийсч, мөн Аль-Каида, ИРА,Эта, Хамас хэмээх энэ салбарт толгой цохидог “лидерүүд” ч бий болжээ.

Шинжлэх ухааны нээлтүүд, технологийн дэвшил ч энд тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Манай эриний I зуунаас эхтэй терроризм өнөө үед хүчээ авсан нь нэг талаас хүний үнэлэмжийн асуудалтай холбоотой. Иргэний нийгэм, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс зэрэг нийгмийн үнэт зүйл хүмүүсийг айлган сүрдүүлэх, сэтгэл санааны цохилт өгөхийг хүсдэг террористуудын зэвсэг билээ.

2004 оны есдүгээр сарын 1-нд Бесланд сурагчдыг барьцаалсан нь хүн төрөлхтний харгис үйлдлийн нэг жишээ болсон юм. 1960 оноос өнөөдрийг хүртэл нийт 50 гаруй гэмт халдлага гарсан нь бас л эмгэнэл бөгөөд энэ бусармаг үйл ажиллагаанд хамгийн их өртдөг орнуудыг АНУ тэргүүлж, ОХУ удаалж байна. Гэмт халдлагад өртсөн хүмүүсийн сэтгэл санааны өөрчлөлт болон амь гарагсдын яриа нь олон нийтийг хүнд дарамтанд оруулдагийг сэтгэл зүйчид судалгаагаар тогтоожээ.

Улс орон бүр терроризмтэй тэмцэх систем боловсруулж, тив тивээрээ нэгдэн зүтгэж буй ч хядлагын тоо цөөрөхгүй байна. Нөгөө талаас улс үндэстний соёл, шашин, газар нутаг руу халдан эзэлж, байгаа нь террорист үйл ажиллагаа үйлдэх бас нэг шалтгаан болдог. Хэн нэгний үг, хийсэн үйлдлийн золиос болсон хүмүүсийн үхэл хэнд ашигтай вэ гэдэг асуултанд олон хариулт бий. Үйл ажиллагаа явуулж буй алан хядах бүлэглэлүүд улс төрийн бодлоготой шууд хамаатай. Хэн рүү халдаж байгааг нь хараад л аллагыг хэн захиалж буйг мэдэх боломжтой ч юм шиг.

Дэлхийг аалзны тор мэт хэрсэн энэ олон бүлэглэлүүдийг хэн санхүүжүүлж, дэмжиж байдаг нь ч тодорхой. Улс төр, шашны зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй терроризм хэмээх бүтээгдэхүүнийг бий болгож чадсан нь энэ зууны “шилдэг” харгислал. Супер соёлжиж, мега гэгээрсэн бидний эрин үе түүхэнд терроризмын зуун хэмээн нэрлэгдэх вий.

Олон нийтийн тогтсон үзлийг өөрчлөх, аль нэг улс орны засаг захиргаа болон цэргийн бодлогод нөлөөлөх зорилгоор зохион байгуулалттай энгийн иргэдийг хөнөөхийг терроризм гэж нэрлэдэг.

Х.Одончимэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.