Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ачаалал ихтэй ч, АРГАА БАРСАН ЮМ АЛГА

Ханиад, хатгаа хөл хорио тогтоох түвшинд байна уу. Байдал газар дээр ямар байгаа талаар сурвалжлахаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмнэлгийг зорьсон юм. Тус эмнэлэг IV хорооллын “Модны-2”-ын замд, хуучнаар Эрүүл мэндийн VII төвийн байранд хоёр жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа. Үүдээр нь ороход хүлээлгийн танхимд арваад аав, ээж байна. Зарим нь хүүхдээ хэвтүүлэхээр зэхэж, зарим нь эмнэлгээс гаргахаар хүлээж буй аж.

Мөн эргэлтээр очоод байгаа хүн ч байна. Идэр насны аав зузаан гудас сугавчлаад гарч байхад нь “Эмнэлгийн орны хүрэлцээ муу, эдний хүүхэд хонгилд шалан дээр хэвтэж дээ” гэж бодоод асуухад “Манай хүүхэд хэвтэж эмчлүүлээд гарч байгаа юм. Ирсэн өдрөө хонгилд нэг хоносон. Маргааш нь ор сулрахад өрөөнд оруулсан. Эднийх өрөөнүүддээ нэмэлтээр ор тавьж өвчтөн хүлээж авч байгаа гэсэн. Тэгээд тэр юм уу, зарим ор нь гудасгүй юм шиг байна лээ. Гэрээсээ авчирснаа буцаагаад аваад явж байна. Хүүхэд гайгүй ээ” гэлээ. Тасгуудад сул ор алга, бүгд хүнтэй. Харин эвхдэг ор юм уу, гудас газар дэлгэж хэвтүүлсэн хүүхэд алга.

Хүлээн авах өрөөнд үзлэг хийж буй эмчийн ажлын зав чөлөөгөөр ачаалал хэр байгааг асуухад “Амбулаторийн үзлэгээр орсон, хэвтэх хүүхдүүдийг үзэж хүлээж авдаг. Ачаалал нэг үеэ бодвол гайгүй байна аа” гэхээс өөр юм хэлсэнгүй.

…Нэгдүгээр давхарт байх эмч нарын өрөөнд саатаж ханиад, томууны байдал ямар байгаа талаар асууж лавлахад “Гол асуудал эцэг, эхчүүдэд байна. Эрүүл мэндийн мэдлэг муутайгаас болоод хүүхдийн хамраас нус гоожив уу, үгүй юу, ганц хоёр удаа огиулж бөөлжихөөр нь аваад эмнэлэгт ирдэг…

Нэгдүгээр давхарт байх эмч нарын өрөөнд саатаж ханиад, томууны байдал ямар байгаа талаар асууж лавлахад “Гол асуудал эцэг, эхчүүдэд байна. Эрүүл мэндийн мэдлэг муутайгаас болоод хүүхдийн хамраас нус гоожив уу, үгүй юу, ганц хоёр удаа огиулж бөөлжихөөр нь аваад эмнэлэгт ирдэг. Ханиадны шинж тэмдэгтэй ч нэг их хүндрэлгүй байхад аав, ээжүүд нь болохоо байсан мэт ойлгож заавал эмнэлэгт хэвтүүлж өг гэх юм.

“Хүүхдэдээ шингэн юм сайн уулга” гэхэд “Уухгүй байна, уулгаж чадахгүй юм. Дуслаар шингэн хийж өг” гээд загнаад байдаг. Уг нь хүүхдийн эвийг олоод ус, шингэн цай, хярам байнга уулгаад байж болно шүү дээ. Тэгээд дааруулахгүй, тааваар нь байлгаад гэрт нь асарч болно. Гэтэл сүүлийн үеийн эцэг, эхчүүдэд ийм дадал, зуршил алга.

Ийм нэг, өрх гэр бүл болгонд байх наад захын хандлагын асуудлаас болоод эмнэлгүүд ачаалалтай, нийгэмд ханиад, томуу элбэг байна гэсэн ойлголт бий болдог боллоо. Утаа, агаарын бохирдол бол нэгэнт хүрсэн ханиадыг сэдрээхэд, эдгэрэхгүй удах зэрэгт нөлөөлж байна. Гэхдээ л хэмжээд гаргаад ирсэн шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл одоо болтол алга” гэж эмч нар ярьж байлаа.

Тус эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Б.Болормаатай товч ярилцлаа.

-Манай эмнэлэг 260 ортой. Одоо бол орны тоогоор хүүхэд хэвтүүлж байна. Бид хүч нэмэгдүүлж ажиллаж байгаа юм. Бусад тасгаас 13 сувилагч нэмэлтээр ирүүлсэн. Одоогоос арваад хоногийн өмнө хонгилд газарт хүлээж аваад, нэг хонуулаад ор сулрахаар өрөөнд оруулж байсан. Тэр үед 270 гаруй хүүхэдтэй л байлаа. Сүүлийн гурав хоногт хэвтэхээр ирэх нь татарлаа.

Он дуусаж, сургуулиудын улирлын амралт эхлэхээр бүр гайгүй болох байх. Ер нь өвөл аль ч эмнэлэг ачаалал ихтэй болдог. Манай ачаалал түрүү жилийн мөн үеийнхтэй ижил түвшинд байна. Тиймээс ханиад, томууны дэгдэлт, өвчлөл хэрээс хэтэрсэн, бүр хорио тогтооход хүрсэн гэж хэлэхээргүй.

-Ямар ямар хүндрэл байна вэ?

-Таталт өгөх, өндөр халуурах зэрэг хүндрэл байна. Эрчимт эмчилгээний тасаг ачаалал ихтэй.

-Энэ жилийн ханиад, томуу онцлогтой юу?

-Үүсгэгч нь рото вирус талдаа юм уу гэж дүгнэж байгаа.

-Өндөр халуурах нь хүндрэлийн шинж юм байна. Тийм хүүхэд хэр олон ирж байна вэ?

-40 хүртэл болон түүнээс дээш гарч халуурахыг хүндрэл гэнэ. Жирийн халуурах бол ханиад хүрсэн үед байх л зүйл. Халуурч байвал биеийн эсэргүүцэл сайн байна гэсэн үг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор 38.5-аас дээш гарвал халуун бууруулах арга хэмжээ авах заалттай. Халууныг эмээр буулгахаас аль болох татгалзах хэрэгтэй. Энэ нь хүүхдийн дархлаагаар “тоглож” байна л гэсэн үг.

Амьсгалын доод зам үрэвсэж, амьсгалын дутагдалд орсныг мөн хүндрэл гэнэ. Мөн вирусийн халдвараас болж зүрх хэт дэлсэх, хордлого их өгөх, татах зэргийг хүндрэлд тооцно. Түүнээс биш ханиад хүрсэн болгоныг эмнэлэг рүү авчирч, вирусийн халдвар авахуулах хэрэггүй юм.

-Шинэ төрлийн хатгаа гэж байгаа юм уу?

-Вирусийн төрлийн хатгаа 2-3 хоногт илрэхийг үгүйсгэхгүй. Өвөл тохиолддог л өвчин. Шинэ төрлийн хатгаа ажиглагдаагүй байна.

-Вирусийн гаралтай хатгаа халдвартай юу?

-Хатгаа халдварлана гэж байхгүй. Харин вирус нь бол халдана.

-Утаа ханиад үүсгэж байна уу?

-Дан утаанаас шалтгаалсан гэж хэлж болохгүй байх. Хүндрээд орж ирж байгаа хүүхдүүдийн өвчлөлийн илрэлүүд өөр өөр байна. Заримынх нь нүд нуухтаж, хоолой нь үрэвссэн байдаг бол зарим нь төвөнхийн үрэвсэлтэй болсон байх юм. Энэ болгоныг утаанаас боллоо гэж болохгүй. Нэгэнт ханиад хүрсэн хүнд утаа сөргөөр нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Чухам хэр нөлөөлж буйг хэмжсэн, тогтоосон газар, байгууллага байхгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.