Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын сонгуульд 30-аас дээш настай хүн дэвшүүлэхийг хуульчлах санал хүргүүлжээ

СЕХ өнгөрч буй оны ажлаа хэвлэлийнхэнд тайлагнав. СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль нэлээд онцлогтой боллоо. Монголын сонгуулийн түүхэнд байгаагүй хоёр удаагийн санал хураалт явуулсан. Цаг хугацааны хувьд нэлээд давчуу байсан ч сонгуулийн байгууллагад ажилласан 20 гаруй мянган төрийн албан хаагчийн хүчээр уг ажлыг амжилттай зохион байгууллаа. Сонгуулийн дүнг шууд дамжуулсан нь бас нэг онцлог юм. Энэ нь сонгуулийн маргаан үүсэх, эцсийн дүн гараагүй байхад нам, нэр дэвшигчид урьдчилан буруу, зөрүү мэдээлж, таамаглал дэвшүүлэх, олон нийтийн санаа бодлыг төөрөлдүүлэхээс сэргийлсэн үр дүнтэй ажил болсон гэж иргэд, олон улсын ажиглагчид үнэлж байгаа.

Сүүлийн сонгуулиудын ирцтэй харьцуулахад энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц өндөр хувьтай байв. Харин дахин санал хураалтын үед гадаад дахь сонгогчдын ирц 50 хувиар буурсан нь ажлын өдөр таарсан, оюутнууд эх орон руугаа буцсантай холбоотой. Бусад улсын болон олон улсын байгууллагуудын төлөөлөл Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг ажигласан тайлангаа гаргасан. Уг тайланд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг 97 хувийн амжилттай зохион байгуулсан гэж үнэлсэн байна билээ.

СЕХ-ноос УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн санал боловсруулж, УИХ-д хүргүүлсэн. Одоо бид Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийн саналыг боловсруулахаар ажиллаж байгаа. Ирэх оны эхний хагаст багтаан УИХ-д хүргүүлнэ. Эдгээр санал хууль болон батлагдвал Сонгуулийн автоматжуулсан системийн тухай гэх мэтийн дагалдах хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулна.

Сонгуулийн зардлын тайланд аудитын шалгалт хийгээд дууссан. Одоо тайлан нь ирэх байх. Намуудын тайланд хийсэн аудитын дүгнэлтээ Үндэсний аудитын газраас мэдээлсэн” гэв.

Үүний дараа СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ, Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-С.Ганбаатарын нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах шийдвэр шүүхээс саяхан гарсан. Нэгэнт сонгууль болоод өнгөрсний дараа ийм асуудал үүссэнийг СЕХ юу гэж үзэж байгаа вэ. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах бол?

Д.Бат-Эрдэнэ: -Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигч хууль, тогтоомж зөрчсөн, эсэхийг хуулийн байгууллага эцэслэн шийдвэрлэх ёстой. Үүний дагуу уг асуудлыг шүүх шийдсэн. Гэхдээ шүүхийн шийтгэвэртэй холбоотой ямар нэг бичиг албан ёсоор СЕХ-нд ирээгүй. Ирснийх нь дараа манай байгууллага хуралдаж, энэ асуудлыг авч хэлэлцэнэ.

-Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж, саналдаа тусгасан бэ?

-УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн хуулийг өөрчлөх төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Үүнд манай байгууллага саналаа өгсөн. Өмнөх сонгуулиуд Сонгуулийн тухай нэгдсэн хуулиар зохицуулагдсан. Сонгуулийн төв байгууллага гурван сонгуулийг тус тусад нь зохицуулдаг хуультай байх нь зөв юм гэж үзсэний үндсэн дээр эдгээр саналыг хүргүүлсэн. Бид санал боловсруулахдаа сонгууль зохион байгуулахад учирч байсан хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн зохицуулах вэ гэдэгт голлон анхаарсан. Зөвхөн СЕХ гэлтгүй сонгууль зохион байгуулахад оролцдог бүх л төрийн байгууллагуудаас гаргасан саналыг тусгасан.

-Яг ямар хүндрэлийг хэрхэн шийдэх боломжтой гэж үзсэн бэ. Тодорхой санал байна уу?

-Жил ирэх тусам сонгуульд санал өгөх иргэдийн идэвх буурч байгаатай холбогдуулаад СЕХ-ноос ирцийн хувь, босго тавихгүй байх гэх мэтийн цөөнгүй санал бий.

-Ирэх жил зарим аймаг, орон нутагт ИТХ-ын төлөөлөгчдийн нөхөн сонгууль болно. Хэчнээн нөхөн сонгууль зарлахаар байгаа вэ. Ямар нөхцөл байдлаас болоод нөхөн сонгууль зарлахаар болж байгаа бол?

-15 аймгийн 44 газарт нөхөн сонгууль зарлах нөхцөл үүссэн гэсэн тоо гараад байсан. Үүнээс хоёр аймгийн хоёр суманд аравдугаар сард нөхөн сонгууль зохион байгуулсан. Сонгуулийн тухай хуульд зааснаар жил бүрийн зургаа болон аравдугаар сард нөхөн сонгууль явуулах ёстой.

Нас барсан, төрийн албанд томилогдсон гэсэн шалтгаанаар ихэвчлэн нөхөн сонгууль явуулахаар байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэдхэн хоногийн өмнө “Нийт төлөөлөгчийн гуравны нэг хүртэлх хувь нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу томилогдсон төрийн захиргааны албан тушаалтан байж болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ заалтын дагуу нөхөн сонгууль явуулах тоо цөөрөх нөхцөл үүссэн учраас тоог дахин гаргахаар судалгаа хийж эхэлсэн.

-Үндсэн хуульд 25 нас хүрсэн хүн УИХ-д нэрээ дэвшүүлэх эрхтэй гэж заасан. Та бүхний боловсруулсан саналд нэр дэвшигчдийн насны босгыг нэмэх заалт байгаа гэж сонссон. Энэ үнэн үү?

-УИХ-ын гишүүнээр 30 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг нэр дэвшүүлэх боломжтой гэсэн санал бий.

-Яагаад ийм санал оруулахаар болсон бэ?

-Өмнө нь УИХ-ын сонгуулийн тухай хууль дангаараа байхад СЕХ-ноос санал авдаг байв. Тэр үед ч бас насны хязгаар дээр бодолцож үзэх хэрэгтэй гэсэн санал хэлж байсан. Энэ удаа харин тодорхой тоо хэлж, 30 нас гэж заасан. Энэ нь зөвхөн СЕХ-ноос гарсан санал биш. Сонгууль бүрийн дараа иргэд, судлаачид, төрийн бус байгууллагуудаас ирүүлдэг саналыг үндэслэж, тэдгээрийг нэгтгээд ингэж оруулсан.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахаар УИХ шийдвэрлэсэн нөхцөлд СЕХ ямар ямар бэлтгэл, зохион байгуулалт зайлшгүй хийх ёстой вэ. Урьдчилсан байдлаар энэ талаар ярилцаж байна уу. Ер нь цаг, хөрөнгө хүч гээд сонгууль зохион байгуулахтай адилтгах нүсэр ажил гэж ойлгож байгаа?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг үе үеийн парламентаар ярьж ирсэн. 2008, 2011, 2015 онд ажлын хэсэг байгуулж, төсөл боловсруулаад өргөн барьж байв. Ингэхдээ УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх уу, үгүй юү гэх мэтийн тодорхой хэдэн асуудал ярьдаг ч энэ нь шийдэгддэггүй, нэгдмэл ойлголтод хүрсэн, эсэх нь тодорхойгүй, төсөл боловсруулсан ч тэр нь цааш явдаггүй. СЕХ-ны хувьд энэ асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэж, нэг талд нь гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс УИХ энэ боломжийг ашиглаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхээ ард нийтийн санал асуулгаар шийдэх нь зүйтэй. Ард нийтийн санал асуулга явуулна гэсэн шийдвэрийг УИХ-аас гаргасан тохиолдолд СЕХ улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг хийнэ.

Б.Оюумаа: -Энэ оны Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулж магадгүй гэсэн таамаглал байсан учраас бид тодорхой хэмжээнд бэлтгэл, төсөөлөлтэй байсан. Одоо УИХ-аас шийдвэр гарвал бид тухайн цаг үед нь хуульд заасны дагуу хийхэд бэлэн байгаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “УИХ-ын сонгуульд 30-аас дээш настай хүн дэвшүүлэхийг хуульчлах санал хүргүүлжээ

  • Зочин says:

    40 nas ni deer biz dee,

  • Zohin says:

    30 нас ч залуу байна. Орчин үед энэ нас бол гэр бүл зохиогоогүй, янз бүрийн хүүхнүүдтэй холбогдож хэл аманд ордог, эсхүл дөнгөж гэр бүл зохиож төлөвшиж амжаагүй, хийсэн бүтээснээрээ танигдаагүй байх үе юм. Иймд,УИХ-д нэр дэвшүүлэх насыг 35 насхүрсэн байх гэж хуульчилах нь зүйтэй.