Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ФОТО: Уран бичээч хүүхдүүдийн шилдэг бүтээлээр үзэсгэлэн нээв

Монголын Хүүхдийн ордны 60 жилийн ойд зориулан “Уран бичлэг” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд “Хичээнгүй бичигтэн” уралдаанд шалгарсан 6-12 дугаар ангийн сурагчдын уран бичлэгийн 35 бүтээлийг дэлгэжээ.

Уран бичээч, багш Д.Батбаяр хэлэхдээ, “1990 онд ардчилсан хувьсгалтай зэрэгцэн монголчуудын үндэсний ухамсар сэргэж эх орноо хайрлах, эх түүхээ судлах үндэсний өв соёлоо дэлгэрүүлэх сайхан цагийн шинэ үе эхэлснээр орчин үеийн монгол уран бичлэг гэдэг урлаг дэлгэрсэн. Би 1990 оноос энэ урлагт суралцан олон бүтээл туурвиж гадаад дотоодод 30 гаруй үзэсгэлэн гаргаж, үндэсний бичгийн урлагаа танилцуулж ирлээ. 2013 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн дэлхийн жагсаалтад “Монгол уран бичлэг”-ийг бүртгүүлж, хүн төрөлхтний биет бус соёлын өвийн шилдэг дээж хэмээн зарлан тунхагласан нь нүүдэлчдийн бүтээн бий болгосон давтагдашгүй, өвөрмөц, хосгүй гайхамшигт үнэ цэнэтэй монгол үндэстнээс  хүн төрөлхтний соёлын өв санд оруулсан хувь нэмрийг үнэлсэн нь монголчуудын бахархал юм.

ЮНЕСКО болон Японы NHK телевизийн дэлхийн өвийн дижитал архивт богино хэмжээний баримтат “Дэлхийн өв-100” монгол уран бичлэгийн тухай кинонд зураг авахуулж 2015 онд дэлхийд сурталчлагдсан нь монголчууд бидний бахархалт явдал болсон. Уран бичлэгийг бичихдээ зөв суурь авч, хичээнгүй бичиж сурахгүй бол муруй хазгай бичдэг. Бичгийн анхны цагаан толгой нь хичээнгүй бичиг юм. Тиймээс уран бичлэг сонирхогч хүүхэд багачууд хичээнгүй бичгээс эхлэн суралцах хэрэгтэй” гэв. Тус үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 хоногийн турш үзэгчдийн хүртээл болно.

Дашрамд дурдахад, монголчууд түүхэндээ  руни, хятан, монгол бичиг, Пагва лам Лодойжалцаны зохиосон дөрвөлжин бичиг, Зая бандид Намхайжамцын 1648 онд зохиосон тод бичиг, Өндөр гэгээн Занабазарын 1686 онд зохиосон соёмбо бичиг, хэвтээ дөрвөлжин бичиг, Ханчин Агвааны 1905 онд зохиосон вагиндра бичиг, латин үсэг зэрэг олон төрөл зүйлийн үсэг бичгийг авч хэрэглэж, шинэчлэн зохион боловсруулж судар ном, хөшөө дурсгалдаа бичиж үлдээсэн байдаг.
Монгол уран бичлэгийн хамгийн эртний дурсгал нь 1225 оны үед бичигдсэн хэмээн таамагладаг, өдгөө ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажад хадгалагдаж буй “Чингисийн чулууны бичиг” юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.