Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийн эрхийг хамгаалах байцаагчтай Ази дахь анхны улс боллоо

Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах 38 байцаагч өнөөдрөөс ажлаа авлаа.  Байцаагчид есдүгээр сарын 18-аас өнгөрсөн сарын 6-нд 21 аймаг, есөн дүүргийн нийт 38 албан хаагчийг хүүхдийн эрхийг хамгаалах улсын байцаагчийн сургалтад сууж, ХНХ-ын сайд С.Чинзориг улсын байцаагчийн үнэмлэх, тамга тэмдэг гардууллаа.

Энэ онд гэмт хэрэг, зөрлчийн улмаас 120 гаруй хүүхэд амиа алдсан байна. Тиймээс эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг хамгаалах шаардлага зүй ёсоор тулгамдаж байгааг С.Чинзориг сайд хэллээ. Тэрбээр, “Хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийг бууруулахад улсын байцаагчид чухал үүрэгтэй. Та бүхэнд хуулийн салбарт 30 гаруй жил ажилласан Г.Сүхбаатар прокуророос мэргэжил, аргазүйн зөвлөгөө авах бүрэн боломжтой. Тиймээс төрийн албан хаагчийн ёс зүйг баримталж, хүүхдийн эрхийг хамгаалахад бүхий боломжоо дайчлан ажиллахыг хүсч байна” гэлээ.
Хүүхдийн эрхийн улсын байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийг шалгаж, зөрчил гаргасан этгээдэд торгууль ногдуулахаас гадна хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт тавих юм.

Зөрчлийн тухай хуулийн дагуу улсын байцаагч нар хүүхдийн эрхийн эсрэг 16 төрлийн зөрчилд хяналт тавих, таслан зогсоох, хариуцлага тооцох эрхтэй юм. Тухайлбал, хүүхдийг хувцас, хоол, орон байраар зориуд гачигдуулсан, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хүнсний зүйл хэрэглүүлсэн, сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол иргэнийг тавин нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах тоглоом, наадамд оролцуулсан бол хувь хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм. Түүнчлэн сургууль, дотуур байранд сурагчийг дарамталсан, ялгаварлан гадуурхсан, бие махбодод халдсан, хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд иргэнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хүүхдийн эрхийг хамгаалах улсын байцаагчтай болсон нь Азидаа анхны тохиолдол гэдгийг ХНХЯ-ны удирдлагууд онцолж байлаа. Цаашдаа улсын байцаагчдын тоог нэмэгдүүлэх, сургах чиглэлд ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нягт хамтран ажиллах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.