Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гадаад харилцаа ба дотоодын улс төр

Гадаадын оронд улсаа төлөөлөх Элчин сайдаа ч томилж чадахаа больтлоо доройтжээ, Монголын төр. Сүүлийн нэг жилд Элчин сайд томилж, илгээхтэй холбоотой үүсэж буй асуудлуудын ээдрээт өрнөлийг хараад ингэж бодохгүй байхын арга алга.

Өнгөрсөн хавар, тавдугаар сарын 25-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаяр, Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Пүрэвсүрэн, ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганбат, Франц улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөр, Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарь, Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг томилсон. Элчин сайд нарыг томилохдоо дээрх улсуудад сууж байсан Элчин сайд нарыг эргүүлэн татах шийдвэр хамтатган гаргасан билээ.

Гэтэл дээр дурдсан зургаагаас ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат л томилогдсон орондоо итгэмжлэх жуух бичгээ барьж, ажилдаа орсон бөгөөд бусад нь хэзээ явахаа мэдэхгүй, томилогдсон орондоо очиж чадахгүй, эх орондоо “саатуулагдаад” буй талаар манай сонин аравдугаар сард мэдээлж байв. Түүнээс хойш хоёр сар өнгөрсөн ч байдал өөрчлөгдөөгүй бөгөөд АНУ, Швейцарь, Франц, Канад, Япон зэрэг оронд Монгол Улс Элчин сайдгүй долоон сарын нүүр үзэж байна.

Хэдхэн хоногийн өмнө ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Гадаад харилцааны сайд асан Ц.МөнхОргил томилогдсон орондоо очиж, итгэмжлэх жуух бичгээ барин ажилдаа орж чадахгүй байгаа Элчин сайдуудын асуудлыг хэзээ шийдэх талаар асуухад Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал “Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн, Франц улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөр нар удахгүй явахаар бэлтгэл ажилдаа орсон. Тодорхой хугацаа хэлэх боломжгүй” гэсэн. “Удахгүй” гэдэг хэмжүүр тэднийхээр хэр хугацааг илэрхийлдгийг бүү мэд.

Үлдсэн гурвын асуудал бүр сураг ч алга. Уг нь Япон улсад суух Элчин сайд Г.Тэнгэрийн агреман (Элчин сайдаар суух улсын зөвшөөрөл) 150, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын агреман 95, Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Чимгүүндарийн агреман 147 хоногийн өмнө ирсэн юм билээ. Монгол Улсын түүхэнд агреман нь ирсэн Элчин сайдыг ийм удаан хугацаагаар саатуулж байсан тохиолдол урьд хожид гарч байгаагүй аж.

Тэгээд ч дипломат алба, гадаад харилцааны практикт Элчин сайдаа зөвлөлдөхөөр дуудах, бүрмөсөн дуудах, төлөөлөгчийн газрын түвшингээ бууруулах, Элчин сайдаа томилж явуулахгүй байх нь найрсаг харилцаатай орнуудын хооронд хийдэг алхам биш. Элчин сайдаа явуулахгүй байх нь туйлын найрсаг бус харилцааг илтгэж буй хэрэг гэж дипломат албаныхан үздэг юм билээ.

Өмнөх Элчин сайдуудын асуудал цэгцрээгүй байхад дараагийнх нь асуудал босож ирсэн нь БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эргүүлэн татаж, оронд нь Б.Хурцыг томилох тухай байв. Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг сар гаруйн өмнө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөх саналаа хүргүүлээд сар болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд уг асуудлыг тойрон хэчнээн ч үйл явдал өрнөв.

Элчин сайдаар томилогдохоор горилогч нь УИХ, Засгийн газрын гишүүдтэй холбоотой томоохон шуугиан дэгдээж, заримыг нь зэвсгийн наймаа, хүн амины хэрэгт холбоотой хэмээн зарлаж, нөгөөдүүл нь Элчин сайдад нэр дэвшигчийнхээ түмэн булхайг дэлгэж, нэгнээ ална, хорлоно хэмээн заналхийлж, харилцан шүүхдэлцсэн гээд тоочоод байвал Элчин сайдын томилгоо бус, эмгэнэлт жүжгийн зохиол шиг юм болж байна.

Монголын төрийг, дипломатчдыг тун ядруу харагдуулсан энэ томилгоо тойрсон үйл явдал дуусах яагаа ч үгүй. УИХ-ын 22 гишүүн санал гаргаж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан ч Б.Хурцтай холбоотой томилгооны сонсгол хийх, эсэх шийдвэрээ УИХ гаргаж чадахгүй дүлэгнэсэн хэвээр. Хэрэв сонсгол хийвэл улстөрчдийн талаар урьд өмнө сонсоогүй олон хэрэг сөхөгдөх гээд, хийхгүй бол УИХ Б.Хурцаас эмээсэн болчих гээд, ацан шалаанд ороод байх шиг.

Элчин сайдын томилгоо адармаатай, асуудалтай байгаа энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын гадаад бодлогын талаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийж таарав. Тэрбээр мэдэгдлийнхээ эхэнд “Манай улсын гадаад харилцаанд бүх зүйл ямар ч асуудалгүй, сайн сайхан байна уу гэвэл үгүй. Зарим газар, зарим асуудлаар нөхцөл байдал амаргүй байна. Нүүрс ачсан автомашины 100 гаруй км урт цуваа асуудал байгааг илэрхийлж, өмнөд хилийг чиглэн зурайж байна.

Төр, засгийн ямар ч бодлого, түүний дотор гадаад бодлого доголдоход эцсийн бүлэгт үр дагавар нь энгийн иргэдэд очиж тусдаг. Гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт багассанаар ажлын байр хумигдана, авдаг цалин нь багасна. Харин бид зөв, эрүүл гадаад бодлого хэрэгжүүлбэл улс орны хөгжил, дэвшлийн хүчирхэг хөшүүрэг болж өгнө. Гадаад бодлогын асуудал дотоод угшилтай.

Гадаад харилцаа ярихын тулд дотоод байдал, зохицуулалт руугаа өнгийж харах хэрэгтэй. Гадаад бодлого, харилцаанд гаргасан алдааны төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Эдгээр нь манай улсын нэр хүндэд муугаар нөлөөлөх, бидэнд итгэх итгэл үнэмшлийг алдруулахад хүргэж, бусад улсад үндэслэлгүй хүлээлт үүсгэх, буруу зөрүү ойлголт төрүүлэхэд хүргэлээ. Гадаад харилцааны чиглэлээр мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсохгүй байна. Энэ бүхний эцэст Монгол Улсын том эрх ашиг хохирч байна” гэв.

Түүнчлэн “АНУ, Япон, БНСУ, Европын холбоо, Энэтхэг, Турк зэрэг улстай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлого тууштай хэрэгжүүлж байна” гэлээ. АНУ, Японтой хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь улсын бодлого. Гэтэл тэдгээр оронд Элчин сайдаа илгээхгүй долоон сар болж байгаа нь төрийн эрхэнд суугаа хүмүүсийн царай.

Ерөнхий сайд он гаргаад БНСУ-д айлчлахаар ярьж буй тухайгаа мэдэгдсэн. БНСУ-д суух Элчин сайдын томилгоо нь ийм ичгүүртэйгээр үргэлжилж, БНАСАУ-тай зэвсгийн наймаа хийсэн гэх мэтийн “гайхамшигтай” мэдээллээр чих дэлдийлгэж буйг гадаад ертөнц, тэр тусмаа Элчин сайдыг маань хүлээж авах гуравдагч хөрш анхааралтай ажиглаж л суугаа даа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Гадаад харилцаа ба дотоодын улс төр