Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Анги, танхимд агаар шүүгч байршуулахад дөрвөн тэрбум төгрөг зарцуулах нь

Засгийн газар өнгөрөгч баасан гаригт ээлжит бусаар хуралдав. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын хувиар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнөх өдөр нь нийслэлийн утаа хамгийн ихтэй бүс болох Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг газарт ажиллаж, иргэд өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, амны хаалт зүүж хэвших, үүнийг аян болгон өрнүүлж, зохион байгуулах нь зүйтэй гэж уриалсан билээ.

Улмаар тус хуралдаанаас нийслэлийн нэг, хоёрдугаар бүсэд хамаарах сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар шийдвэрлэв. Эл ажлыг мөнгө угаах арга хэрэгсэл, элдэв ашиг сонирхол, тэр дундаа бизнесийн зорилгоор бүү гажуудуулаасай гэж хүсэж буйгаа Засгийн газрын тэргүүн онцолсон.

Нэг тэрбум төгрөгийг нь нийслэлийн болон улсын төсвөөс гаргах бол үлдсэнийг нь холбогдох яамдын төсвөөс зохицуулалт хийн, санхүүжүүлэх гэнэ. Энэ хүрээнд нийт 5600 ширхэг шүүгч байршуулахаар тооцож буй юм байна. Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд байршуулж буй шүүгчийн өртөг нь 704 мянган төгрөг бөгөөд анги, танхимын зай, талбайгаас хамааран энэ дүн хэлбэлзэнэ гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээллээ.

Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад үүрэг болгов. Энэ долоо хоногийн лхагва гаригт болох ээлжит хуралдаанд агаар шүүгчээр хангах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар холбогдох хүмүүс нь танилцуулах юм байна. Энэ сарын 15 гэхэд эл ажлыг эхлүүлсэн байх ёстой аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.