Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сайжруулсан гэх зууханд хууртаж ханалаа

Нийслэлчүүд утаагүй, сайжруулсан гэх гоё тодотголтой зуухтай “нөхөрлөөд” 15 жилийн нүүр үзжээ. Үүнээс ч олон оныг үдсэн байж мэднэ. Ямартай ч агаарын бохирдлын голомттой бүсэд амьдардаг, зорилтот бүлгийн өрхүүдэд ийм зуух нэгдсэн журмаар тараадаг “бизнес” 2002 оноос эхэлж байж.

Тодруулбал, тухайн үед Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 15 мянган өрхөд 44 700 төгрөгийн үнэтэй зуух тарааж, “Утаа савсдаггүй, түлшинд хэмнэлттэй” хэмээн элдвээр сурталчлан, иргэдийг сэнхрүүлж байсан талаар “Өнөөдөр” сонины 2003 оны арванхоёрдугаар сарын 21-ний дугаарт нийтэлсэн “Хотын утаа хорт хийн баг нэхэж байна” сурвалжилгад дэлгэрэнгүй бичжээ. Сайжруулсан зуух тараах кампанит ажлыг энэ үеэс хойш тодорхой бүс, дүүргийн хэмжээнд өрнүүлсээр ирсэн бол 2012 оноос эрчээ авсан. Түүх сөхье.

Энэ үед “Цэвэр агаар” сангаас “Утаагүй зуух” хөтөлбөр хэрэгжүүлж, утаа бага ялгаруулдаг, дулаанаа удаан хадгалдаг гэх “Хас”, “Өлзий”, “Дөл” гэсэн гурван төрлийн зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнэ (29-36 мянган төгрөг)-ээр олгосон. 2014 он гэхэд нийслэлийн гэр хорооллынхны 60 хувьд, зарим томоохон аймагт туршсан. Өрхүүд сайжруулсан зуух хэрэглэдэг болсноор нийслэлийн агаарын бохирдол 20 хувиар буурлаа гэж албаныхан дүгнэсэн ч иргэдийн урмыг хугалсан олон асуудал үүссэн.

…Нарийн ширхэгт PM 2.5 тоосонцор ердийн зуухтай айлуудад 208.5 (24 цагийн дундаж), сайжруулсан зуухтайд нь 260.4 мкг байсан” гэжээ. Түүнчлэн “шидэт” зуух ердийнхөөс 2.6 дахин их хэмжээний утаа, угаар гэрийн дотоод орчинд ялгаруулдаг болох нь нотлогджээ…

Утаагүй зуухыг буруу галласнаас дэлбэрч, гурван иргэн амиа алдсан, гэр бүлээрээ угаартсан тохиолдол гарав. Хамгийн гол нь давуу тал болох утаа бага ялгаруулдаг, дулаанаа удаан хадгалдаг чанар нь тийм ч сайн байгаагүй нь иргэдийн урмыг хугалсан. Хөтөлбөрийн нэр барьж, ашиг хонжоо олдог хүн олширсон нь улаанбаатарчууд “Утаагүй зуух”-наас нүүр буруулах шалтгаан болсныг албаныхан хэлдэг юм билээ. Хоёр жилийн настай энэ хөтөлбөрт улсын төсвөөс 17 тэрбум төгрөг зарцуулжээ.

Үүнээс хойш сайжруулсан, утаагүй гэх тодотголтой зуух тараах ажил хэсэгтээ завсарласан ч энэ жилээс дахиад л үргэлжлүүлэх гэж буй. Нийслэлийн удирдлагын багийнхан агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгуулж, “Тулга” гэх герман төхөөрөмжийг гэр хорооллынхонд олгохоор зэхэж буйгаа дуулгасан бол Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх зорилтот бүлгийн 4700 өрхөд 1.5 тэрбум төгрөгийн TODAY

сайжруулсан түлш, зуух тараана гэж “ам гараад” байгаа. Үүнийгээ удахгүй хэрэгжүүлэх нь дамжиггүй. Тэднээс урьтаад гэр хорооллынхоо иргэдэд аминчлан захиж, сэрэмжлүүлэх зүйл байна. Сайн, сайжруулсан гэж сурталчилсан бүхэнд хууртахаа больё, тэр дундаа утаагүй гэх зуухнаас татгалзъя.

Өмнөх “туршилтууд”-ын үр дүн, эрүүл мэнд, ирээдүйгээ бодсон ч сонголтыг бусдаар бус, өөрсдөө хийцгээе. Үнэгүй, чанартай гэж “шуурсан” бүхнийг үг дуугүй, алгаа тосон авдгаа больё. Яг ийм байдлаас болоод гэр хорооллын мянга мянган иргэн эрүүл мэндээрээ хохирч байж болзошгүйг гадаадын судлаачид бидэнд анхааруулав.

Сайжруулсан, хэмнэлттэй, чанартай, аюулгүй хэмээн сурталчилж ирсэн өнөөх “шидэт” зуухнууд нь бодит байдал дээр энгийнээсээ ч илүү уршигтайг Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачид өнгөрсөн жил (нэг, хоёрдугаар сард) Монголд хийсэн судалгаагаар баталсан талаар бид өмнө нь хөндсөн.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл олдоогүйн улмаас цухас дурдаад өнгөрсөн бөгөөд ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн судлаачидтай уулзаж, ийм байж болох, эсэхийг тодруулахад “Монголд энэ чиглэлээр хийсэн тоймтой судалгаа байхгүй. Гэхдээ хэд хэдэн орны эрдэмтэн харьцуулсан судалгаа хийж, сөрөг үр дүн гаргасан байдаг. Сайжруулсан зуухны гол шаардлага нь түлшийг бүрэн шатааж, хорт хийг нь гадагш ялгаруулахгүй байхад оршдог юм. Тэгтэл манайхан утаа ялгарч байна уу, үгүй юү гэдгээр нь сайн, мууг нь тодорхойлдог нь буруу” гэж байв.

Сөүлийн үндэсний их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн сургуулийн багш, шинжлэх ухааны доктор, профессор И Ён Ги тэргүүтэй эрдэмтдийн “Монгол гэр доторх агаарын чанарыг өвлийн улиралд шинжилсэн нь” судалгааны үр дүнгээс дурдъя. “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн, “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч Ц.Пүрэвхүү, Австралид сургууль төгсөгчдийн холбооны гишүүн, хэл шинжлэлийн ухааны магистр цолтой Мөнхзул нараар дамжуулан дээрх судалгаатай танилцсан юм.

Өртөг багатай, нарийн тооцоолуурт хэмжигч багаж ашиглан, гэрийн доторх тоосонцрын агууламжийг тодорхойлж, агаарын чанарыг сайжруулахад зориулсан тоон мэдээлэл боловсруулах зорилготой энэ төслийн судалгаанд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 40, Чингэлтэйн 18 дугаар хорооны 60 айлыг хамруулжээ. Нэг хэсгийг нь зөвхөн өдөр, заримыг нь 24 цагийн турш хянасан бөгөөд гэр доторх тоосонцрыг “Dy­los” хэмээх багажаар минут тутамд хэмжсэн аж.

Үүний эцэст хачирхалтай хариу гарсан нь, сайжруулсан зуухтай айлуудын гэр доторх агаар илүү бохирдолтой байж. Өөрөөр хэлбэл, “шидэт” зуух дотоод орчны агаарыг илүүтэй бохирдуулж, эрүүл мэндэд заналхийлдгийг тэд тогтоосон байна. Тэр дундаа, хамгийн нарийн ширхэгт гэгддэг PM 2.5 тоосонцрын агууламж өндөр гарчээ.

Судалгаанд энэ тухай “Нарийн ширхэгт тоосонцрын агууламжийг 30 минут бүрээр дунджилсан мэдээллийг ажиглавал агууламжийн хэмжээ үд дунд хамгийн дээд түвшинд хүрч байлаа. Үдээс хойш буурч, орой ихэссээр шөнө дундаас эхлэн багасах давтамж ажиглагдсан. Нарийн ширхэгт PM 2.5 тоосонцор ердийн зуухтай айлуудад 208.5 (24 цагийн дундаж), сайжруулсан зуухтайд нь 260.4 мкг байсан” гэжээ. Түүнчлэн “шидэт” зуух ердийнхөөс 2.6 дахин их хэмжээний утаа, угаар гэрийн дотоод орчинд ялгаруулдаг болох нь нотлогджээ.

Агаарын бохирдлыг бууруулах гол шийдэл хэмээж, гэр хорооллынхонд сүүлийн жилүүдэд үнэтэй, үнэгүй өчнөөн мянган ширхгийг тараасан, сайжруулсан гэх тодотголтой зуухны бодит нөлөө ийм л байна. Хөндлөнгийн хүний үгээр сүржигнэлээ гэж бодож магадгүй. Гэхдээ тэдгээр эрдэмтэн ганц, хоёр цаг, эсвэл нэг өдрийн ажиглалтад үндэслэн, ингэж дүгнээгүй. Тэд сайжруулсан зуухны ид шидийг бүхэл бүтэн хоёр сарын турш судалсан юм.

Утаан дахь хорт нэгдлүүд орчны агаарыг бохирдуулахаас гадна уушгиар дамжин, зүрх судас, амьсгалын замын тогтолцоог өвчлүүлж, гэмтээдэг. Бид гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйлсэд илүү ач холбогдол өгдгөөс гадаад орчны агаарыг чухалчлаад, гэр дотор ямар хорт бодис “тэнүүчилж” буйг ер ойшоодоггүй.

Гэтэл сайжруулсан зуух хэмээх чимээгүй “алуурчин” бидний амь нас, эрүүл мэндэд заналхийлэх хорыг таны гэр дотор үйлдвэрлэсээр байна. Манай төр, засаг энэ хорон “ажиллагаа”-г дэмжих гэсэн юм шиг утаагүй зууханд элэгтэйг яана. Харийн эрдэмтэд хүртэл бидний ирээдүйд санаа зовниж сууна.

“Монгол гэр доторх агаарын чанарыг өвлийн улиралд шинжилсэн нь” судалгааны төгсгөлд “Гэрийн дулааныг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн нэлээд олон төсөл, хөтөлбөрт сайжруулсан зуухны хэрэглээг дэмжсэн байна. Гэвч гэр доторх бохирдол, үүнээс үүдэлтэй эрүүл мэндийн сөрөг нөлөөг тооцоололгүй, орхигдуулжээ.

Тиймээс дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад онцгойлон анхаарч, нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай” хэмээн захижээ. Сайжруулсан зуух тараахаар төлөвлөөд буй эрхмүүд ч, түүнийг нь алгаа тосон хүлээж авах 4700 өрх ч судалгааны энэ дүнг анхаарахад гэмгүй. Сайжруулсан зууханд хууртаж ханалаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Сайжруулсан гэх зууханд хууртаж ханалаа