Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АСЕМ-ын үеэр авсан тавилга, тоног төхөөрөмжийг үнэгүй тараасан гэв

Ази, Европын дээд хэмжээний 11 дэх уулзалтыг өнгөрсөн жил Улаанбаатарт зохион байгуулж, улс, нийслэлийн төсөв, Хөгжлийн банкны хөрөнгөөс багагүй зардал гаргасан. Эл арга хэмжээнд хэрэглэхээр тухайн үед авсан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, гадаадын хандив тусламжийн бараа, бүтээгдэхүүний зарцуулалт тааруу, заримыг нь ашиглах боломжгүй болоод буй гэх. Үндэсний аудитын газраас өчигдөр энэ талаар мэдээлэл хийж, шалгалт хийх болсноо мэдээлэв.

БНСУ-ын “Эксим” банкнаас 5.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлч авч, 43 автобус захиалгаар хийлгэсэн боловч АСЕМ-ын уулзалт дууссанаас хойш огт ашиглаагүй, сар тутам хүү төлж байгааг холбогдох албаныхан мэдээлж буй. Автобуснуудыг хот хоорондын нийтийн тээврийн компаниудад урт хугацаатай, бага хүүтэй өгөхөөр төлөвлөсөн ч жил гаруйн хугацаанд асуудлыг шийдсэнгүй. Энэ талаар тодруулахад, Сангийн яамаар дамжин банктай гэрээ хийж, аж ахуйн нэгжүүдэд хуваарилах гэсэн боловч хүү нь өндөр тул гацаанд орсон гэнэ. Харин бусад тээврийн хэрэгслийн талаар тодорхой мэдээлэл алга.

Дээрх хуралтай холбогдуулж тусламжийн олон тооны эд зүйл улсын хилээр татваргүй оруулж ирсэн. Тусламжаар ирсэн албан тасалгааны 5572 тавилгын 4787-г нь төрийн 33 байгууллагад холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүй үнэгүй шилжүүлж, үлдсэнийг нь иргэд, аж ахуйн нэгжид 103 сая төгрөгөөр худалджээ. Жил гаруйн хугацаанд үүний зургаан сая төгрөг л эргэн төлөгдсөн аж. Харин шинээр барьсан орон сууц, зочид буудлын цагаан хэрэглэл, тавилгыг худалдсан ч төлбөр нь хаана төвлөрч, түүнийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа гэнэ.

Үндэсний аудитын газрын Санхүүгийн газрын захирал Ц.Наранчимэгийн хэлж буйгаар шалгалтаар 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. АСЕМ-ын уулзалтад 23.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн ч 20.8 тэрбумыг оновчтой, үлдсэнийг нь зориулалт бусаар зарцуулжээ. ГХЯ-ныхан төсвийн 70.4 сая төгрөгийг АСЕМ-тай холбогдолгүй гадаад томилолтод зарцуулж, 117.9 сая төгрөгөөр засвар хийсэн гэх мэт зөрчил илрээд байна. Тиймээс Үндэсний аудитын газрынхан холбогдох байгууллагад шалгалт хийхээр төлөвлөжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.