Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ники Минаж: ӨНГӨТ АРЬСТНУУД Ч АМЖИЛТАД ХҮРДГИЙГ ХАРУУЛНА

 1990-ээд оны үед дуучин Алиягийн “One in a million”, “Hot like fire” гээд олон хит дууг одоогийн хамгийн нэр хүндтэй эмэгтэй реппэр Мисси Эллиот зохиож байв.

Удалгүй 1997 онд Миссигийн бие даасан анхны цомог “Supa Dupa Fly” гарч, хэдэн сая хувь борлогдон “цагаан алтан” гэрэнд мөнхөд хадгалагдах болжээ.

Энэ цагаас хойш түүний амжилтын буухиа тасралгүй байсаар хип хоп хөгжмийн ертөнцөд Мисси Эллиот гэх нэр тодоор бичигдэж үлдсэн болсон юм.

Бүх цаг үеийн хамгийн амжилттай эмэгтэй хип хоп дуучин гэсэн цол ч түүний нэрийг тодотгоно.

Харин ойрын жилүүдэд түүний халааг авч, цахиур хагалах залуу, эмэгтэй дуучин хип хоп ертөнцөд үгүйлэгдэж байлаа.

Тэгвэл одоо энэ орон зайг эзлэхээр цахим хуудас, радио, телевизийн хөгжмийн сувгаар нэгэн бүсгүйн дуу хамгийн олон давтамжтайгаар цацагдаж байна.

Таван нас хүртлээ Тринидад аралд эмээтэйгээ өссөн түүний жинхэнэ нэр Оника Мараж. Харин тайзнаа мянга, мянган үзэгчдийн өмнө түүний нэр Ники Минаж хэмээн цуурайтаж буй. Аравдугаар сард “Pink Friday” цомгоо “өлгийдөх” энэ бүсгүйн “Your Love” дуу өнгөрсөн зуны турш “Биллбоард”-ын реп дууны жагсаалтыг тэргүүлсэн. Ингэснээр тэрбээр 2003 оноос хойш “Биллбоард”-ыг тэргүүлсэн анхны эмэгтэй хип хоп дуучин болоод байгаа юм.

Түүнчлэн реппэр Кане Уэст “Намайг бүх цаг үеийн хамгийн шилдэг хип хоп дуучдыг нэрлэ гэвэл нэгдүгээрт Эминем, хоёрдугаарт Ники Минажийг сонгоно” гэжээ. Никиг урлагийн ертөнцөд хөтөлсөн зүйл нь түүний бага насны зовлон, шаналал нь аж. Аав нь архинд донтож, хар тамхи хэрэглэн гэр бүлээ хөнөөхөөр байшингаа галдаж байсан удаатай гэнэ.

Харин энэ бүхнийг даван туулахад түүнд тусалж байсан ганц зүйл нь хөгжим юм. Ники сургуулийнхаа хөгжим, урлагийн дугуйланд суралцаж жүжгийн бэлтгэл хийдэг байжээ. 2004 онд 20 нас хүрсэн бүсгүй алдартай оддын уран бүтээлээс дуулж эхэлснээр тодорхой хүрээнд дуулах чадвараа таниулж, өөрийгөө хөгжүүлж амжжээ.

Удалгүй дууныхаа үгийг өөрөө бичиж жинхэнэ реппэр болох эхлэлээ тавив. Түүний 2009 онд гаргасан “Beam Me Up Scotty” дууг нь MTV хөгжмийн суваг өндөр үнэлж, хэдхэн сарын дараа Ники “Young Money Entertainment”- тэй хамтран ажиллах гэрээ хийжээ. Ники Минажийн тухай хэвлэл, мэдээллийн бичихдээ гадаад төрхийг нь дурдахгүй өнгөрнө гэж үгүй.

Гял цал, хэт задгай гэмээр хувцаслалт нь поп хөгжмийн ертөнцөд гялалзаж буй од Лейди Гагаг санагдуулам. Гэхдээ сонсогчид нь түүний хэрхэн хувцаслахыг төдийлэн анхаардаггүй, харин юу дуулж, дуугаараа юу хүргэхийг зорьж байгааг нь мэдрэхийг хүсдэг гэжээ. Дуучин болно гэдэг Никигийн хувьд бага насных нь мөрөөдөл байсан гэдэг.

Ээж нь түүнд мөрөөдөлдөө хүрэх итгэл, зориг бэлэглээд оджээ. Тэрбээр “Ээж минь байсан бол намайг өнөөдөр хэр өндөрт байгааг, ирээдүйд өндөр уулын оргилд хүрэхийг минь хараад надаар бахархах болно. Миний амжилтын нууц бол мөрөөдлөө биелүүлэхийн төлөөх тэмцэл минь юм” гэжээ. Америкийн онлайн хөгжмийн сувгийн сэтгүүлч Ники Минажтай дэлгэрэнгүй ярилцсаныг хүргэе.

-Чиний дууны үгийг сонсоод байхад өөрийгөө Ханна Монтанатай харьцуулсан аяс анзаарагддаг.

-Би уран бүтээлч төдийгүй шоу бизнесийн ертөнцөд амжилттай ажиллахыг хүсдэг учраас өөрийгөө Ханна Монтанатай адилтгадаг юм л даа. Түүний дүрийг бүтээсэн жүжигчин, дуучин Майли Сайрус хэдий залуу ч олны танил болж асар их хэмжээний орлого олж байна. Харин өнгөт арьстнууд, тэр дундаа эмэгтэй “хар”-ууд ийм амжилтад хүрэх нь ховор. Тиймээс тэдэнтэй адил оргилд хүрэхийн тулд би ингэж дуулсан юм.

-Чамайг хип хопт дурлахад нөлөөлсөн хүмүүсийн тухай чи ярьж байсан. Харин одоо чи тэдэнтэй мөр зэрэгцэх боллоо. Тэд чамайг хэрхэн хүлээж авч байгаа бол?

-Би Лил Вейнтэй аялан тоглолтоор явах үедээ Лил Кимтэй уулзсан юм. Гэхдээ тухтай ярилцаж чадаагүй болохоор Ким намайг уран бүтээлчийн минь хувьд хэрхэн үнэлж байгааг мэдэхгүй юм. талаар хүн бүр л ярих юм. -Намайг хайрлаж, хүндэлдэг, эсвэл бүр үзэн яддаг хүн ч байгаа. Надад ч бас дуртай, дургүй уран бүтээлчид гэж бий. Гэхдээ би тэднийг хувцаслалт болон гадаад төрхөөр нь ялгадаггүй. Харин авьяасыг нь олж харахыг хичээдэг.

-Хэдэн сарын өмнө “XXL” хип хоп сэтгүүл чиний тухай “Охин минь бөмбөг чиний талд байна. Хип хоп ертөнцөд эмэгтэй хоолойг эргэн цуурайтуулаач” гэсэн байсан. Үүнийг уншаад юу гэж бодсон бэ?

-Би маш их гайхсан шүү. Энэ сэтгүүлээс намайг ингэж үнэлсэн нь нэр төрийн хэрэг байсан. Мөн хип хоп урлагт эмэгтэйчүүдийн шинэ давалгаа бий болох цаг нь болсон гэдэгтэй би ч бас санал нэг байна.

-Би нэгэн дүрс бичлэгээс дуучин Мейно чамайг эргүүлж байгаа гэмээр байдлыг харсан. Чи түүнд боломж олгохгүй юм уу?

-Тэр өдөр бид зүгээр л цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлсэн юм. Хэдийгээр Мейно гайхалтай уран бүтээлч боловч бага зэрэг түрэмгий санагдсан. Учир нь тэр багагүй хугацааг шоронд өнгөрүүлснийг бид мэднэ. Тэгэхээр “аав”-ынд байсан залуутай үерхнэ гэдэг өөрийгөө хүчирхийлэлд түлхэж байна гэсэн үг.

-Ники Минаж болзоонд явахад хэцүү байдаг уу?

-Би хэн нэгэнтэй болздоггүй, болзож чаддаг ч үгүй. Цагийн хуваарь минь хэт шахуу учир надад чөлөөт цаг бараг л алга. Заримдаа найзуудтайгаа хэдэн долоо хоног холбоо барихгүй байх үе бий. Үүнд тэд ч, би ч маш их эмзэглэдэг юм. Гэхдээ яалт ч үгүй одоогоор би уран бүтээлдээ л бүх анхаараа төвлөрүүлж байна

. -Твиттер цахим хуудсанд нэгэн ДиЖей “Залуу охид Ники Минажийг шүтэн бишрэх нь сайн хэрэг ч, тэд түүнээс илүү Мишель Обамагаас үлгэр дуурайл аваасай” гэж байсан. Чи үүнийг уншсан уу?

-Би үүнийг уншаад нэг их юм бодоогүй ээ. Хэрвээ миний охид тэргүүн хатагтайгаас үлгэр дуурайл авах юм бол би хувьдаа баярлана. Учир нь тэр ч бас хүчирхэг, ухаалаг өнгөт арьстан эмэгтэй. Гэхдээ бид хүүхдэдээ хэнийг сонсох, хэнийг дуурайхыг нь зааж болохгүй шүү дээ. Тэд Мишель Обамаг ч хайрлаг, эмэгтэй реппэрүүдийг ч сонсог. Энэ бол тэдний сонголт.

-Ингэхэд чи охидыг яагаад үргэлж “барби” гэж дууддаг юм бэ?

-Хүн бүрийг хайрлаж байгаагаа илэрхийлж байна гэх үү дээ. Би хүмүүсийг “хонгор минь”, “барби минь” гэж дуудах дуртай. Ганц би ч биш бүх л охид ингэж дууддаг шүү дээ. Бяцхан охид тоглодог барбиндаа хувцас, нэр өгдөг. Би барбигаа харажюүку загвараар хувцаслах дуртай. Харажюүкугийн соёл хээнцэр бөгөөд өвөрмөц.

-Чамайг “Young Money Entertainment”-тэй гэрээ байгуулснаар удаан хугацаанд хамтарч ажилласан Гуччи Мейнийгээ орхилоо гэж хэсэгтээ л шуугисан. Та нарын харилцаа хэвийн байгаа биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Бид өнөө орой нэгэн дуун дээр ажиллахаар төлөвлөсөн байгаа. Гуччи бол миний ахтай адил хамгийн дотнын зөвлөх минь. Намайг Атлантад анх ирэхэд тэр надад тусалж, бид олон уран бүтээл дээр хамтарч ажилласан. Өөр компанитай гэрээ байгуулснаар бидний харилцаанд ямар ч өөрчлөлт ороогүй. Тэр урьдын адил миний сайн ах хэвээр байгаа.

-Эмэгтэй уран бүтээлчдийн хувьд амжилтад хүрэхийн тулд биеэ худалдахаас аргагүй үе бий гэдэг. Чи энэ талаар юу гэж боддог вэ?

-Хүмүүс хэн нь ухаалаг, хэн нь эр хүний өвөрт орж хиймэл титэм зүүх сонирхолтойг хараад ялгана байх. Миний бодлоор, авьяаслаг, чадварлаг хүн хэзээ ч ийм үйлдэл хийхгүй.

-Чиний дуунуудаас чамайг бүрэн илэрхийлсэн хэсэг бий юү?

-“Can anybody hear me” (Намайг сонсож чадах уу?) дуунд би өөрийн үзэл бодол болон давуу, сул талынхаа тухай өгүүлсэн л дээ. Ер нь миний үнэнч шүтэн бишрэгчид цомгийг минь ойлгож, анхаарч сонсох юм бол намайг бүрэн таних боломжтой гэж бодож байна.

-Хэрвээ чи реппэр болоогүй бол хэн байх байсан бэ?

-Жүжигчин болохын тулд урлагийн сургуульд сурах байсан. Мөн хууль зүйн салбар сонирхлыг минь их татдаг юм. Тийм болохоор хуульч, гэмт хэргийн мөрдөгч байж болох юм.

Ж.ХУЛАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.