Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ливийн сөргөлдөгч талуудыг Москва холбохыг чармайж байна

Ливийн дотоод сөргөлдөөнийг зохицуулахын тулд ОХУ зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Оросын Холбоо барих хэсгийн дэмжлэгтэйгээр Ливийн өмнөд нутгийн омгийнхон, нийслэл Триполи дахь үндэсний зөвшилцлийн Засгийн газрын төлөөлөгчид хоорондын яриа хэлэлцээ эхэлжээ. ОХУ-ын Төрийн Думийн дэргэд байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа ГХЯ болон бусад бай гууллагатай зохицуулдаг уг хэсгийн дарга Лев Деньгев ийн мэдээлсэн байна. Түүний хэлснээр Оросын зуучлагчдын тусламжтайгаар Ливийн өмнөд нутгийн Убари хотыг хяналтдаа авсан тубу, туарегүүдийн томоохон омгуудын удирдагчид тус улсын Ерөнхий сайд Файез Сарражтай хэлэлцээ хийв.

Муаммар Каддафигийн дэглэм унасны дараа Ливид төвийн хоёр хүчин бий болжээ. Тодруулбал, Триполи дахь Файеза Сарражийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газар болон Тобрукт байрладаг, тус улсын зүүн бүс нутгийг хяналтдаа авсан генерал Халиф Хафтарын Ливийн үндэсний арми гэж бий болсон аж. Тэгэхдээ төвлөрсөн удирдлагагүйн улмаас тус улсын ашигт малтмалаар баялаг өмнөд нутаг эдийн засаг, хүмүүнлэгийн хүнд байдалд оржээ.

Убари хотод захирагчийн сонгууль болсны дараа өмнөд нутгийн омгуудын төлөөлөгчид болон Триполи дахь эрх баригчид хооронд мөргөлдөөн хурцадсан байна. Ф.Сарражийн Засгийн газар уг сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм. Феццан муждаа хүн амын тоогоор хоёрдугаарт ордог Убари хот нь Африкийн орнуудын дүрвэгсдийн цуваанд хяналт тавих боломж олгодог чухал газар аж. Олон улсын хямралын бүлгийн мэдээлснээр өнгөрсөн онд 160 мянга гаруй дүрвэгч энэ мужаар дамжин Европыг зорьсон гэнэ. Йемен, Ливи, Тунис улсад сууж байсан Оросын Элчин сайд, тус улсын Ерөнхийлөгчийн “Исламын бага хурал” гэдэг байгууллагатай холбоо барих асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Вениамин Поповын мэдэгдсэнээр Москва нутаг дэвсгэртээ ч Ливийн дотоод хэлэлцээг зохион байгуулахад бэлэн байна.

Дашрамд хэлэхэд, өнгөрсөн сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ливийн хямралыг зохицуулах шат дараатай төлөвлөгөөг сайшаажээ. Үүнд улс төрийн гол хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой бага хурал зохион байгуулах, Ерөнхийлөгчийн болон Парламентын сонгууль хийх, тэрчлэн Үндсэн хууль батлуулахаар тусгасан аж. Эл төлөвлөгөөг 2015 онд Мароккогийн Схират хотод гарын үсэг зурсан, Ливийн дотоод мөргөлдөөнийг зохицуулах талаарх улс төрийн хэлэлцээрийг үндэслэн боловсруулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.