Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сувиллын цэцэрлэгийн ирээдүй сангийн сайдын гарт очжээ

Улсын хэмжээнд хүнд хэлбэрийн тархины саажилттай, дауны хам шинжтэй, тулгуур эрхтний согогтой хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог цорын ганц газар бол Сувиллын цэцэрлэг, яслийн Х цогцолбор. Баянхонгор аймгаас ирсэн Б.Алтан-Очир хүү өдгөө таван настай, тус цогцолборт хоёр дахь жилдээ явж буй.

Ирээдүйд жолооч болох хүсэлтэй тэрбээр “Улаан өнгийн модон тоглоомыг багшдаа сугалаад аваад өгөөрэй” гэсэн багшийнхаа үгийг маш сайн ойлгоно. Улаан, цагаан, ногоон, хар өнгийг ч ялгана. Гагцхүү түүний гар, хуруу тархинаас өгсөн командад нь захирагдах тун “дургүй”, ийш тийш савчих тул нэлээд хүчин чармайлт зарцуулдаг. Үе тэнгийнх нь хүү энэ даалгаврыг хоёрхон секундэд гүйцэтгэх бол Б.Алтан-Очирт түүнээс даруй 30 дахин урт хугацаа шаардлагатай болдог аж.

Гурван настай энгийн хүүхэд яриандаа 500-1000 үг идэвхтэй ашигладаг, дөрвөн настай хүүхэд өдөрт дунджаар 400 орчим асуулт тавьдаг бол тархины саажилттай, дауны хам шинжтэй багачуудын хувьд хэл ярианы бэрхшээл хоёр дахь томоохон сорилт байдаг. Тус цэцэрлэгт явдаг 120 хүүхдийн ялгаа энэ. Гэвч хүүхдийн гэгээн цагаан ертөнцдөө тэд өөрсдийгөө бусдаас өөр гэж огт боддоггүйг багш нар нь хэлсэн.

Тиймээс онцгой халамж, анхаарал, байнгын асаргаа сувилгаа шаарддаг гээд тэднийг цэцэрлэг, яслид явуулахгүй, нийгмээс тусгаарлан гаргуунд нь гаргах эрх хэнд ч үгүй. Гэтэл үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ганц байгууллагынхаа үүдийг барьснаас хойш тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна, монголчууд.

“Өнөр бүл” асрамжийн төвийн 58 дугаар цэцэрлэгийн нэг жигүүрт (анги танхим хүрэлцээгүйн улмаас багын хоёр, дундын хоёр, ахлахын хоёр бүлэг нэгдэн, гурван ангид хүмүүжиж байна) үйл ажиллагаа явуулж буй тэд өнгөрсөн хугацаанд үнэн учир байдлаа ойлгуулах гэж их хичээсэн. Эцэг, эхчүүд, багш нар нь хэнхэгтээ, эсвэл хийх юмаа олж ядсандаа өвлийн хүйтэндтэргэнцэртэй хүүхдүүдээрээ “түрээ барин” жагсаагүй билээ.

Тэгээд ч нэмэр болсонгүй, 2018 оны улсын төсвийг батлахдаа манай төрийн түшээд Сувиллын цэцэрлэг, яслийн Х цогцолборын барилгыг барихад зориулж 2.5 тэрбум төгрөг төсөвлөчихлөө. Тэгэхдээ бүр энэ мөнгөөрөө “280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг бариарай” хэмээн тулгасан нь эрүүл саруул хүнээс гарах шийдвэр мөн үү. 2.5 тэрбум төгрөгөөр 280 хүүхдийн багтаамжтай ердийн цэцэрлэг л барина.

Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй 120 хүүхдийг асарч, сувилан, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх, олон улсын стандартад нийцсэн тохижилттой цэцэрлэг барихад 5.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн зураг төсөл аль гурван жилийн өмнө хийгдчихсэн байдаг.

Тархины саажилттай, дауны хам шинжтэй, тулгуур эрхтний согогтой хүүхдүүдийн цэцэрлэг, яслийг энгийнхтэй адилтган төсөвт тусгасан “хамуурсан толгойтой” хэргийн эзэн, хэнгэргийн дохиур хэн байв. БСШУСЯ-ныхан “Манайхаас Сангийн яам руу төсвийн төсөлд санал явуулахдаа өмнө баталсан зураг төслийн дагуу 120 хүүхдийн багтаамжтай, тусгай зориулалтын цэцэрлэг, яслийн таван давхар цогцолбор барихад 5.3 тэрбум төгрөг шаардлагатай гэдгээ мэдэгдсэн. Гэтэл Сангийн яамнаас цаашаа төслөө явуулахдаа техникийн алдаа гаргаж, энгийн цэцэрлэгтэй адилхан төсөвлөсөн байна лээ” гэв.

Таван жил шахам хугацаанд хүлээлт үүсгээд байсан сувиллын цэцэрлэг, яслийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр энэ онд барихаар болсон нь сайн хэрэг ч гэлээ “санамсаргүйгээр” зардал мөнгийг нь хоёр дахин бууруулсан гэхээр эндээс манай яам, тамгын газрынхан ажилдаа ямархуу байдлаар ханддаг нь илэрхий.

Ямартай ч БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нансалмаа “Юуны түрүүнд барилгын ажлаа эхлүүлээд авъя. Тэгээд төсвийн тодотгол хэлэлцэх үеэр үлдсэн 2.8 тэрбум төгрөгийг нэмж гаргуулах талаар Сангийн яаманд бид хандана” хэмээн чихэнд чимэгтэй мэдээ дуулгасан. Тэгэхээр улсаас төсөвлөж өгсөн мөнгөнд нь тааруулан, сувиллын цэцэрлэг, яслийн барилгыг “халтуурдаад” өнгөрөх вий гэсэн болгоомжлолоос багш, эцэг эхчүүд болон хүүхдүүд түрдээ ангижрах боломжтой гэсэн үг.

“Шинэ байрандаа орчихвол хүүхэд нэг бүртэй тулж ажиллах боломж илүү нэмэгдэнэ. Хоёр жилийн өмнөөс манайх ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран зөвхөн энэ хүүхдүүдэд зориулсан “протеж” хөтөлбөрийг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлээд буй. Манай төгсөгчдөөс жилд 2-3 хүүхэд энгийн сургуульд ордог. Ер нь эмчилгээ, үйлчилгээ, асаргаа, сувилгаа сайн бол жилд дор хаяж 4-5 хүүхэд энгийн цэцэрлэг рүү шилжин суралцах бүрэн боломжтой. Цаашид тусдаа өдөр өнжүүлэх анги танхимтай, эмчилгээ, асаргааны өрөөтэй болчихоор эцэг, эхчүүдийн нуруун дээрх ачаа хөнгөрч, ажлаа тайван хийх боломж нээгдэнэ гэж боддог” хэмээн ахлах ангийн багш П.Сарантуяа ярилаа.

Гэхдээ Сангийн яамныхан гэдийгээд төсвийн тодотголоор үлдсэн мөнгийг нь шийдүүлж чадахгүй, царцаахад хүрвэл Улаанбаатар хотын төвд энд тэндгүй сарзайж буй “араг яс”-нууд бас нэгээр нэмэгдээд үлдэнэ. Юутай ч төсвийн ерөнхийлөн захирагч нар төлөвлөгөөгөө батлангуут бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулж, тендерийг даруй зарлах үүргийг холбогдох байгууллагуудад салбарын сайд нь өгсөн гэнэ. Улсын хэмжээнд ганц байдаг тус цогцолборын барилгыг 2013 оны дөрөвдүгээр сард мэргэжлийн хяналтынхан акталснаас хойш яагаад өдий хүртэл шинэ байрных нь асуудал шийдэгдэхгүй байсан юм бол. Түүх сөхье.

Тус цогцолбор нь 1964 онд ЭМЯ-ны харьяа, 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг асарч, хүмүүжүүлдэг 42 дугаар ясли нэртэйгээр байгуулагдаж байжээ. Сүүлд 1996 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн Боловсролын газрын харьяанд шилжүүлэн, тулгуур эрхтний согогтой хүүхдийн сувиллын анги нэмж байгуулснаар Сувиллын цэцэрлэг, яслийн X цогцолбор нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон байна.

Актлах шийдвэр гарсны дараа буюу 2013 оны эцсээр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалтаар Сувиллын цэцэрлэг, яслийн X цогцолборын таван давхар барилгыг барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлэж, зураг төсөл боловсруулах тендер зарлажээ. Ингээд “Гоби-Трэвел” ХХК тендерт шалгаран, улсын төсвийн 97 сая төгрөгөөр зураг төсөл хийж гүйцэтгэснээр барилга барих болон буулгах төсөв хөрөнгийн хэмжээ (5.3 тэрбум төгрөг) тодорхой болсон байна.

Явцын дунд барилгын ажлыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барих төлөвлөгөө өөрчлөгдөж, 2015 оны Засгийн газрын “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 306 дугаар тогтоолын дагуу “буулгах, барих, шилжүүлэх” гэсэн төрлөөр концессын гэрээ байгуулах эрхийг “Залуучуудын нээлттэй боловсролын корпорац”-д олгосон боловч тэд хөрөнгө босгож чадаагүйн улмаас анхны гэрээ байгуулах эрх нь хүчингүй болжээ. Мөн оны Засгийн газрын 393 дугаар тогтоолоор “буулгах, барих, шилжүүлэх” гэсэн төрлөөр есдүгээр сард нь “Ремикон” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон ч ажил эхлэх болоход гүйцэтгэх боломжгүй болсноо мэдэгдэн, татгалзжээ.

2016 оны нэгдүгээр сард нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын А/05 дугаар тушаалаар тус цогцолборын үндсэн барилгыг буулгах шийдвэр гарч, хоёрдугаар сард нь багтаан, буулгасан байдаг.

2016 оны арванхоёрдугаар сард харин “Монкон констракшн” ХХК-иас тус сувиллын цэцэрлэг, яслийн барилгыг концессоор барих хүсэлтээ тухайн үеийн БСШУС-ын сайд Ж.Батсуурьт ирүүлжээ. Ингээд энэ оны хоёрдугаар сард сайдын албан тоотыг концессын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болох Үндэсний хөгжлийн газарт хүргүүлж, хоёр сарын дараа ажлын хэсэг хүртэл байгуулсан байх юм. Гэвч “Монкон констракшн” ХХК-тай шууд хэлэлцээр хийхгүй, олон нийтэд нээлттэй зарлаж, үнийн санал авч байж болно хэмээн байр сууриа илэрхийлсэн Үндэсний хөгжлийн газрынхан үнийн санал авах урилгаа олон нийтэд зарлалгүй тавдугаар сарын дунд хүргэжээ.

Ийнхүү холбогдох байгууллагууд хоорондоо албан тоот, бичиг цаас дамжуулах зуур цаг хугацаа ч талийж, Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн барилгыг концессоор барьж гүйцэтгэсэн туршлагатай компанийнхны итгэл ч алдарсан хэрэг. Тэгээд эцсийн үр дагаварт нь улсын төсвийн хөрөнгөөр барихаас өөр гарц үлдсэнгүй. Тиймээс л бид хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөхийн үлгэрээр яаж ийгээд энэ барилгыг босгохын төлөө мачийх хэрэгтэй болоод байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.