Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлэхдээ “Монголбанк 2017 онд мөнгөний нэлээн чанга бодлого баримтлан хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд валютын нөөц нэмэгдсэн. Гэхдээ 2018 оны мөнгөний бодлогод ирээдүй рүү чиглэсэн мөнгөний бодлогын эхлэлийг тавина гэсэн заалт оруулж ирсэн. Ирээдүй рүү чиглэсэн эдийн засгийн хөгжлийг тэлсэн бодлогыг зоригтой авч хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Арилжааны банкуудад аж ахуйн нэгжүүд жилийн 24-30 хувийн хүүтэй зээл аваад, олсон ашгаа зээлийн хүүд өгсөөр дуусч байна. Энэ нь өр төлбөрөөс гарах, өсч хөгжих боломжийг хааж байна” гэв.

Валютын нөөц болон ханшийн талаар тодруулсны дагуу Эдийн засгийн байнгын хорооны дарга хариулт өгөв. Төв банкнаас валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд 2018 оны эцсээр валютын нөөц 3 тэрбум болох төлөвтэй байгааг тэрбээр дурдаад “Иймд ханш өсөхгүй гэдэг таамаглалтай байгаа. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, иргэдэд ханшийн хэлбэлзлээс үүдэлтэй дарамт үүсэхгүйн тулд Монголбанк ханшийг тогтвортой байлгах чиглэлээр ажиллана” гэлээ. Түүнчлэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд валютын ханшийг уян хатан, тогтвортой байлгах асуудлыг тусгасан гэдгийг онцлов.

Зээлийн хүүг бууруулах асуудлыг бүх түвшиндээ ярилцаж байгаа, Улсын Их Хурлын гишүүд хуулийн төсөл боловсруулснаа өргөн мэдүүлсэн, Эдийн засгийн байнгын хороо тодорхой ажлуудыг төлөвлөсөн байгааг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хэллээ. Монгол Улсын мега төслүүдийг эхлүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлын талаар Х.Нямбаатар гишүүн асуулаа. Бэлтгэлээ бүрэн хангасан төсөл байхгүй учраас Засгийн газар энэ чиглэлээр ажиллах шаардлагатай, түүнчлэн улс төрийн шийдлүүдийг хийх ёстойг Эдийн засгийн байнгын хорооны дарга тайлбарлав. Том төслүүд, тэдгээрийн явц, үйл ажиллагааг үргэлжлүүлэх гарцуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг, танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүдэд хийх нь зүйтэй гэдэг саналыг Х.Нямбаатар гишүүн гаргасан. Ийнхүү гишүүдийн асуулт, хариулт дууссаны дараа Байнгын хорооны шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Дараа нь хэлэлцэж буй төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 67.9 хувь нь дэмжснээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.